Банкуудыг чангалж магадгүй нь

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Банкуудыг чангалж магадгүй нь

Эдийн Засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар банк, санхүүгийн салбарт хамааралтай зарим хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсантай холбоотойгоор өөрч­лөгдөх шаардлагатай хуулиудыг ч хам­тад нь ийн байнгын хороонд оруулж иржээ. Энэ төслийн үндсэн санааг тайл­бар­лавал арилжааны банкуудыг хариуцлагатай болгох, төрийн ачааллыг бууруулах зэрэг аж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хууль 2008 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2009 оны гуравдугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр төрөөс гаргах баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл хадга­лам­жийн нэгэн адил хамаарах болсон аж. Үүнээс шалтгаалан банкуудын дунд энэ хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болов. Энэ нь юу гэвэл, санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүүг нийтэд зарлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, ингэснээр банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэнт банкны дийлэнхи хөрөнгийг төр батлан дааж байгаа учраас банкууд эрсдэлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банк­ны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг байна. Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх асуудлаас асууж лавлах зүйл гарвал хариулт өгөхөөр Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөө­лөгчид ирцгээсэн байв. Хэлэл­цүүлгээр Я.Батсуурь гишүүн “Хадга­л­амж эзэмшигчид өөрийнхөө хадга­лам­жийг олон банкнуудад нээсэн тохиол­д­олд, банк тус бүрт байгаа хадгаламжийг даатгах боломжтой юу, эсвэл ганцыг нь даатгах уу” гэхэд “Нэг банкинд 20 сая хүртэлх, нөгөө банкинд мөн адил мөнгө хадгалуулсан бол адилхан хоёуланг нь даатгана” гэх хариулт өгөв. Мөн “Дүрмийн сангийн нэг хувь, дараагийн жил нь 0.5 хувиар тооцож шимтгэл авах нь олон улсын практикат хэр нийцсэн эсэх, мөн манай банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ найман тэрбум байгаа учраас нэг хувь гэдэг нь 80 сая төгрөг үү” гэсэн асуултад “Одоо үйлчилж байгаа хадгаламжийн баталгааны хуулиар 2010 оны долдугаар сард өөрчлөлт ороод нийт хадгаламжийн дүнгээс 0.5 хувиар шимтгэл авах хууль үйлчилж байгаа. Шинээр Хадгаламжийн даатгалын компани байгуулагдсаны дараа шинээр орох банк гарч ирвэл төвлөрсөн мөнгө дээр орох учраас шинээр орох банк дүрмийн сангийнхаа нэг хувьтай тэнцэх хураамж төлж гишүүн болох юм” гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараагаар С.Бямбацогт гишүүнийг “20-оос дээш сая төгрөг хадгаламж эзэмшиж байгаа иргэдэд даатгалын хууль үйлчлэхгүй, эрсдэлтэй болж байгаа юм биш үү. Хүмүүс эрсдэлтэй гээд арилжааны банкнаас мөнгөө татаад эхэлбэл, өөр байдлаар зохицуулах ямар ажил хийгдэх вэ” хэмээн асуухад хуулийн Сангийн сайд асан С.Баярцогт “Санхүүгийн даатгал гээд энэ даатгалд хамаарахгүйгээр хийсэн зохицуулалт байгаа. Санхүүгийн даатгал гэсний цаана бүх үнэт цаас, банк бус санхүүгийн байгуул­лагын хийсэн. Хөрөнгийн зах зээлд оролцож байгаа дансуудыг энд оруулж өгмөөр байна. Дэлхий дээр хоёр төрлийн даатгалын систем байгаа. Нэг нь сонгодог утгаараа даатгалын санг банк нь өөрөө үүсгээд, тодорхой хувь хүртэл нэмээд, ашиглах тоог даатгаад явдаг. Одоо бид сонгодог даатгалд орохоор хуулиа оруулж ирж байна. 2008 онд бүх хадгаламж, харилцахаа 100 хувь даатгасан. Тэр үед хямрал болсон. Мон­голын эдийн засаг жижигхэн, зөв­хөн арилжааны банкууд дээр тогтож байсан цаашлаад Монголын эдийн засаг дампуурах учраас дөрвөн жилийн хугацаанд баталгаа гаргасан. Эрсдэл нь 225 тэрбум төгрөг байхад алдагдлыг төр хүлээсэн. Өмнө нь мөн л алдагдал хүлээж байсан. Цаашдаа нэг банк дампуурахад түүнийг нь төр хүлээгээд явдаг бус банкууд эрсдэлийн сан үүсгээд хариуцлагаа хүлээдэг сонгодог системд ордог болно гэсэн үг” хэмээн тайлбарлав. Хадгаламж дахь хөрөнгийн баталгааны дээд хязгаарыг 20 сая төгрөгөөр тогтоож өгөхөөр хуульчилсан нь зарим гишүүдийн зүгээс нэлээдгүй маргаан гаргахад хүргэв. Угтаа ийнхүү хязгаар тогтоож буйгаа хууль боловсруулагчид 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигч нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь бөгөөд нийт хадгаламжийн дүнгийн 31 хувийг эзэлдэг” тухай тоон дээр түшиглэн гаргасан гэнэ. УИХ-ын гишүүн З.Алтай энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг байсан бөгөөд “ Хуулиар 20 сая төгрөг хүртэл баталгаа гаргах гэж байна. Гэтэл манайд найд­варт­ай гэж байгаа нь дөрөв, таван банк бай­даг. Илүү гарсан мөнгийг нь төр хариуцахгүй, даатгалд хамрагдахгүй нь. Манай банкны систем, хяналт, хуулийн хэрэгжилт зэргийг хараад үзэхэд хэрвээ дампуурсан тохиолдолд хэн хариуцлагыг хүлээх юм бэ. Өчнөөн олон банк дампуураад байхад яах юм бэ. Юу гэж ийм хариуцлагаггүй банкинд эрсдэл дагуулж хадгалуулах юм. Гадагшаа бүх мөнгө чинь яваад өгөх юм биш үү. Үл хөдлөх хөрөнгө ч болгоно. Үүнээс болж мөнгөө татаад эхэлвэл яах юм. Би л лав итгэхгүй” гэв. Харин С.Бямбацогт гишүүн энэ асуудалд өөр байр суурьтай буйгаа илэрхийлэн “Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд банкны системтэй холбогдуулж хэлж байгаа үгнүүдээ хариуцлагатай, үр дагавар гарна гэсэн үүднээс бодож хэлж байх ёстой. Банкны бизнес бол цэвэр итгэлцэл дээр тогтдог. Л.Пүрэвдорж даргын хэлсэнчлэн бүх бэлтгэл ажлаа дуусгаад арваннэгдүгээр сарын 25-нд хууль хүчингүй болоход үргэлжлүүлээд хэрэгжүүлж эхэлье гэж байгаа нь зөв. Одоо 10 сарын хугацаа л байна. Хоёр сараас өмнө хуулиа батлах хэрэгтэй. Корпорациа байгуулаад, сангийн ажлаа жигдрүүлээд явмаар байна. Төр, банк хувааж үүрдэг систем рүү явж байгаа гэсэн үг” гээд энэ хуулийн төслийг хэлэлцээд, цааш нь явуулах хэрэгтэй тухай өөрийн саналаа илэрхийлэв. Ийн гишүүд зарим асуудалд хариулт авсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад олонхиор “хэлэлцэе” хэмээн шийдсэн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж