Далай ламын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Далай ламын талаар хэлэлцэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэтхэгийн Дармасала хотноо Төвдийн дүрвэгсдийн парламентын онц чуулган хуралдаж байна. Өчигдөр нээлтээ хийсэн эл онц чуулганаар Дээрхийн гэгээн ХIY Далай ламын дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээс татгалзах тухай захидлыг хэлэлцэж байгаа юм. Хэрэв парламент Далай ламын хүсэлтийг хүлээн авбал шинэ Ерөнхий сайд сонгож түүнд засгийн эрхийг шилжүүлнэ хэмээсэн мэдээ “Times of India” сонинд гарсан байна. “Ийм алхам хийх нь ХIY Далай лам жанч халсан тохиолдолд БНХАУ өөрийн төлөөний Далай ламыг дур мэдэн тодруулах асуудлыг хаах зорилготой юм” хэмээн Энэтхэгийн хэвлэлүүдэд бичиж буй аж. Далай лам парламентад илгээсэн захидалдаа “Хилийн чинад дахь төвдүүд надаас хамааралгүйгээр бие даан улс төрийн лидерээ сонгох боломжтой болсон” гэж мэдэгджээ.

    Өнөөдөр дүрвэгсдийн парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Далай ламыг чөлөөлөх, эсэхийг шийдэх юм байна.

    Далай ламын оронд Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээр АНУ-ын Харвардын их сургуульд өдгөө сурч буй Лувсан Сангай, Далай ламын Нью-Йорк дахь төлөөлөгч байсан Дэнзэн Тетхонг, Дармасала дахь Төвдийн дүрвэгсдийн Засгийн газарт сайд байсан Даш Вангди нарын нэг тодорч магадгүй байгаа ажээ.
    Гэвч БНХАУ-ын эрх баригчид Далай ламын алхамд итгэхгүй байгаа бөгөөд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч хатагтай Зян Юй Дээрхийн гэгээнийг улс төрийн хуурамч жүжиг тоглож байна хэмээн шүүмжилсэн юм.

                                Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж