”Тайлангаа гаргахгүй байгаа компаниудыг торгодог”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

”Тайлангаа гаргахгүй байгаа компаниудыг торгодог”

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага /ОҮИТБС/-ын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгортой уулзаж ярилцлаа.


-ОҮИТБС-ыг Монгол Улс хэрэг­­­жүүлээд багагүй хугацааг үдлээ. Энэ санаачлагыг хэрэг­жүүлснээр Монголын уул уур­­­хайн компа­­ниудад болон төр за­­сагт ямар ач холбогдолтой гэж. ОҮИТБС гээд л яриад байдаг. Яг үнэн­­дээ энэ санаачлалыг эдийн засагт хэр өгөөжөө өгч чадсан бол?

-ОҮИТБС-ыг Монгол Улс 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү санаачлагын үндсэн зорилго бол компаниуд төлснөө, Засгийн газар авснаа олон нийтэл ил тод зарлах явдал. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Энэ хэрээр олборлох үйлдвэрлэлээс улсын болоод  орон нутгийн хөгжилд үзүүлж буй хувь нэмэр, мөн олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын хэдий хэрийн ашиг олж байгаа, татварт хэдийг өгч байгаа, нийгмийн тустай ажилд хэр мөнгө зарцуулдаг асуудал ил тод,тодорхой байх шаардлагатай болсон. Тиймээс энэ санаачлагыг хэрэгжүүлснээр олон нийтэд компаниудын төлсөн, төрийн авсан ил тод болж эхлээд байна. ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр төрийн албадууд болон уул уурхайн компаниудад багагүй үр дүн өгч байгаа гэж бодож байна. Тухайлбал,  олон нийтэд компаниудын өгсөн, төрийн авсан нь ил болно гэдэг авлига авч өгөх асуудал хумигдана. Энэ хэрээр тухайн компанийн нэр хүнд, төрийн албан хаагчдын шударгаар ажиллаж буй эсэх асуудал хөндөгдөх юм. Уул уурхайн компани татвар өгсөн мөнгө, орон нутгийн хөгжил зарцуулсан мөнгөө ил тод зарлах нь хэн нэгэн мөнгө идэх, авлига авах боломжийг хааж буй хэрэг. Нөгөөтэйгүүр уул уурхайн олборлох үйлдвэрлэл нь  олон нийтийн анхаарлыг татдаг. Тэр ч утгаараа эерэг, сөрөг хандлага нийгэмд бий болгож байдаг. Тэгэхээр ил тод байдлын санаачлагыг нэвтрүүлснээр олон нийт “энэ компани чинь ийм ашиг олдог юм байна, ийм хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжил болоод улсын хөгжилд зарцуулсан юм байна” гэсэн ойлголттой болно. Тухайн компаниас явуулж буй ажлыг хүлээн зөвшөөрдөг болно. Ил далд янз бүрийн хардлагаас ангижрах юм.

-Мэдээж, “танайх хэдий хэрийн ашиг олсон бэ” гээд компаниудын “халаас” руу өнгийхөд дуртай байхгүй л байх. Тэгэхээр компа­ниудаас тайланг нь авахад хэр бэрхшээл тулгарч байна. Түүнч­лэн төрийнхөн авснаа ил тод зарлахаас хойрго хандах тохиол­дол гардаг л байх, тийм үү?

-Өмнө нь гардаг байсан. Компаниуд ойлгохгүй, тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй хойрго хандах, огт гаргаж өгөхгүй байх явдал цөөнгүй гардаг байсан. Харин жилээс жилд компаниудын оролцоо идэвхжсэн. Төрийн агентлаг, яам, орон нутгийн байгууллагууд ч ялгаагүй эхлээд ил тод байдлын санаачлагын ач холбогдлыг мэддэггүй байсан. Нөгөөтэйгүүр, компаниудын өгсөн, төрийнхний авсан гэх тайлангуудад зөрүү их гарна. Хэн нь юунд ямар мөнгө зарцуулсан нь тодорхойгүй байх жишээтэй. Харин жилээс жилд өгсөн, авсан гэх тайлангуудад үүсдэг байсан зөрүүний асуудал багасч байгаа. Энэ бол ил тод байдлын санаачлагын нэг ач холбогдол гэж дүгнэж байна.  2006 оны нэгтгэл тайланд 25, 2007 оны тайланд 38, 2008 оны тайланд 46 компани оролцож байсан бол 2009 оны тайланд олборлох үйлдвэрлэл эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая болон түүнээс дээш төгрөг улс болон орон нутгийн төсөвт төлсөн 101 компани хамрагдсан бий. Түүнчлэн 2009 оны тайланд төр, засгийн 23 яам, агентлаг, 26 төсвийн байгууллага, 20 аймаг, нийслэлийн зургаан дүүрэг, 120 сумын Засаг даргын Тамгын газар хамрагдсан байгаа. Ерөнхийдөө ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлснээр аль аль талдаа хариуцлага гээч зүйл бий болж байгаа юм. Монгол Улсын хувьд  ОҮИТБС-ыг хэрэгжүүлсэн дөрөв дэх орон. Манай улсаас өмнө дэлхийд ердөө гурван улс л энэ санаачлагыг хэрэгжүүлж байсан юм билээ. Харин өнөөдрийн байдлаар дэлхийн 35 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Австрали, АНУ улс нэгдэн орохоо зарлаад байна.

-2009 оны тайланг Үндэсний хо­­­рооноос өнгөрсөн жилийн сүүл­­­­чээр танилцуулсан.  Уг тай­­­­­­­лангаас харахад авсан, өгс­ний зөрүү гэж бараг тавиад сая төг­рөг байсан. Тайлангаа гар­­гаж өгөл­гүй хойрго хандсан, буруу гар­гасан уул уурхайн ком­­­паниудад бол төрийн албан хаагч­­дад ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Өнгөрсөн 2009 оны тайланд нэгт­гэгдсэн татвар, төлбөр, ху­раамж, хандивын нийт хэмжээ 737.8 тэрбум төгрөг болсон. Ауди­торын байгууллагын нотлосон, шийд­­вэрлэгдээгүй зөрүү нь 58.1 сая орчим төгрөг болсон нь 2008 оны тайлангийн 425 гаруй сая төгрөгийн зөрүүтэй харьцуулахад, хамаагүй бага байгаа. Зөрүү үүссэн шалтгааныг холбогдох байгууллагууд судалж байна. Сайн судалж нягтлахгүй бол зөрүү үүссэн гээд хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ. Бид тайлангаа гаргаж өгөөгүй компаниудад захиргааны арга хэмжээ авдаг. Тодорхой хэлэх юм бол 500 мянгаас нэг сая төгрөгийн хариуцлага тооцдог.

-Хэдэн зуун сая, тэрбумаар халаа­салдаг компаниудын хувьд 500 мянгаас нэг сая хүртлэх мөнгө тор­гууль хүүхдийн тоглоом шиг л санагддаг байх даа. Үүнээс өөр арга хэмжээ авах боломжгүй гэсэн үг үү?

-Тиймээ, бид хуулиа л барьж ажиллана шүү дээ. Мэдээж, ашиг орлого өндөртэй компаниудад сая төгрөгийн торгууль гэдэг инээдтэй зүйл байж болох л доо. Гэхдээ энэ торгуулиас гадна тайлангаа гаргаж өгөхгүй байна гэдэг олон нийтийн эргэлзээ, хардалга төрүүлэх шалтгаан болж байгаа хэрэг гэдгээ л ойлгох ёстой. Өнгөрсөн 2009 оны тайланг харахад “Арева Монгол” ХХК-ийн гаргасан тайлан хамгийн их зөрүүтэй байсан. Энэ зөрүү ерөнхийдөө байгаль хамгаадах зардал буюу нөхөн сэргээлтэд зарцуулсан гэх мөнгөнд гарсан байгаа. Ер нь уул уурхайн компаниудын тайланд гардаг зөрүү нь нөхөн сэргээлтийн асуудал байдаг. Компаниуд нөхөн сэргээлтэд зарцуулах мөнгө хэтэрхий бага байна. Мөн компаниудаас төр, засгийн байгууллагад үзүүлсэн хандив, дэмжлэгийг хүлээн авсан яам, агентлаг болон төсвийн байгууллагууд хүлээн авснаа нотлохгүй байгаагаас шалтгаалан 21,7 сая төгрөгийн зөрүү гарсан байна лээ.

-Тайлангаа хамгийн зөв, үнэнч шу­дарга гаргадаг компани бий юу?

-Байгаа. Оюутолгой”, “Адамас майнинг”,”Бороо гоулд”, “Болд төмөр ерөө гол” зэрэг компани тайлангаа цаг тухайд нь үнэн зөв гаргаж өгч чаддаг. Харин “Монгол газар”, Монголын алт”, “Энгүй тал” зэрэг компани 2-3 жил дараалан тайлангаа гаргаж өгөхгүй байгаа явдал ажиглагдаж байна л даа. Би нөгөө захиргааны арга хэмжээгээ л авна шүү дээ. ОҮИТБС-ын 2009 оны тайлангаа гаргаагүй 41 компанийг нийт 31 сая 500 мянган төгрөгөөр торгосон байгаа.
 
-Ил тод байдлын санаачлагын тайланг хоёр жилийн дараа олон нийтэд дэлгэнэ гэдэг цаг хуга­цааны хувьд арай л оройтоод байх шиг. Нэг жилийн дараа ч юмуу жилдээ багтаж тайлан гар­­­гаж болоогүй юм уу?

-Жилдээ багтаж ОҮИТБС-ыг тайланг олон нийтэд танилцуулах боломжгүй. Учир нь 2011 оны компаниудын санхүүгийн тайлан 2012 оны дөрөвдүгээр сард дуусдаг. Тэгээд л дөрөвдүгээр сараас эхлээд бид уул уурхайн компаниудын гаргасан тайлан, төрийн албанаас өгсөн тайланд аудит хийх, нягтлах, шалгах ажил хийдэг. Тэгэхээр наймхан сарын хугацаанд энэ бүгдийг хийж гүйцэтгэхэд бэрх. Харин жилийн дараа танилцуулж болно. Яагаад ил тод байдлын санаачлагын тайланг хоёр жилийн дараа олон нийтэд дэлгэдэг юм бэ гэвэл компаниуд болон зарим төрийн агентлаг тайлангаа гаргаж өгөхгүй удна, компанийн нууц энэ тэр гэж хойрго загнана. Тэгсээр байтал цаг хугацаа алдчихдаг тал бий. Энэ санаачлагыг хэрэгжүүлснээр компани нь олон нийтийн дэмжлэг хүлээнэ, элдэв хардалт сэрдэлтээс гарч ирдэг сөрөг асуудлууд багасна гэдгийг л олборлогчид ойлгох ёстой.

-2010 оны ОҮИТБС-ын тайлан тэгээд гарсан уу. Цаг хугацаа алдсан тайлан иргэдэд тийм ч сонирхолтой мэдээлэл болж ча­­дах­гүй байна шүү дээ. Танайх тайлангаа худлаа мэдээлсэн юм биш үү гэхэд компаниуд тэр чинь хоёр жилийн өмнөх асуудал шүү дээ гэж хариулж байна?

-Тэрнийг хүлээн зөвшөөрч байгаа. Цаг алдсан зүйл байгаа гэдгийг.  Монголын ОҮИТБС-ын хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 256 аж ахуйн нэгж, газрын тосны 10 аж ахуйн нэгж 2010 оны ил тод байдлын тайлангаа 2011 оны нэгдүгээр улиралд багтан гаргаж өглөө. Эдгээр 266 компани 2010 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт нэг их наяд 98 тэрбум 189 сая төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн байна. Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах компаниуд тайлангаа өгч байгаа. Богино хугацаанд үйл ажиллагаа явуулах жижиг, дунд компаниуд үүнд ач холбогдол өгөхгүй байна. Тиймээс ил тод байдлын санаачлагын тухай тусдаа хууль гаргах хэрэгтэй юм. Хуультай болчихвол бүх компани хамрагдах болно. Компаниуд тайлангаа өгөх энэ үйл ажиллагааг албан байдлаар хүлээж авахгүй байгаагаас бэрхшээл үүсч байна. Одоо бол 2006 онд баталсан хуулийн ганцхан заалт дээр түшиглэж л үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийг хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан гаргаж нийтэд мэдээлнэ гэсэн байдаг. Энэ заалтыг ч зарим компаниуд дагаж мөрдөхгүй байна.

-Компаниудаас гадна Засгийн газар авснаа тайлагнахгүй бас цаг алдчихдаг юм биш үү?

-Төрийн зарим агентлаг, орон нутгийн байгууллагаас ил тод байдлын санаачлагын тайланг гаргахгүй удаадаг тал бий. Тэдгээр төрийн байгуулагуудтай бид мөн захиргааны хариуцлага тооцдог. Би дээр дурдсан шүү дээ. Компаниудаас өгсөн хандив, дэмжлэгийг хүлээн авсан яам, агентлаг болон төсвийн байгууллагууд хүлээн авснаа нотлохгүй байгаагаас шалтгаалан 21,7 сая төгрөгийн зөрүү гарсан гэж.

-Цаашид ОҮИТБС-ыг хэрэгжүү­лэ­хэд ямар зүйлийг анхаарах ёс­той гэж. Юу хийх хэрэгтэй байна вэ?

-Нэгдүгээрт, компаниас хэдэн төгрөг авсанаа ил болгож байгаагаас гадна хэдийг төлөх ёстой байгаад хэдийг төлснийг нь бас ил болгох хэрэгтэй байна. Мөн ОҮИТБС-ын санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын аудит, тусгай зөвшөөрөл, байгаль хамгаалах зардлын ил тод байдлыг эхлүүлэх, гарч байгаа зөрүүг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох шаардлагатай байна. Магадгүй сая төгрөгийн торгууль тэдэн үнэхээр хөнгөн тусч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Европын сэргээн босголт банкнаас 4000 мянга гаруй еврогийн тусламжтай төсөл хэрэгжүүлж, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хариуцлагыг тогтолцоог сайжруулах талаар ажиллаж байгаа. Мөн Засгийн газраас энэ оны 2012 оны улсын төсөвт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхэд 270 сая төгрөг төсөвлөсөн байсан. Ингэж мэдээллийг илүү нягтлах, аудиторын үйл ажиллагаанд зарцуулагддаг хөрөнгийг Засгийн газраас гаргаж байгаа нь сайшаалтай.  Энэ онд 2012 онд нэг тэрбум орчим төгрөгийн төсвийг уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг дэмжихэд зарцуулахаар болж байгаа. Бид санаачлагынхаа хүрээнд баталгаажуулалт буюу үнэлгээний ажлыг өмнө нь хийсэн байгаа. Дээрээс нь стратегийн дунд хугацааны санаач­лагыг хөгжүүлэх төлөвлөгөө батал­сан гэх мэтчилэнгээр хийхээр төлөв­­лөсөн, хийж байгаа ажлууд цөөнгүй байна.

Ж.ЭРХЭС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж