Н.Номтойбаяр: “MAK” чанартай бензин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: “MAK” чанартай бензин үйлдвэрлэнэ

“МАК” компани ша­та­хуун үйлд­вэр­лэж та­ван жилийн дараа до­тоо­дын хэрэг­цээний 40 орчим хувийг хан­га­хаа мэдэгдлээ. Энэ та­лаар тус ком­па­нийн дэд ерөн­хий­лөгч Н.Ном­той­баяртай ярилцлаа.

-Нефтийн үйлдвэр хаана баригдах вэ?

-Манай компани Дор­нод аймгийн Баянтүмэн су­мын нутагт орших Адуун­­чулууны хүрэн нүүрс­­ний ордыг түшиг­лэн нефтийн үйлдвэр бай­гуулах ажлаа ирэх дө­рөвдүгээр сараас эх­лүү­лэх гэж байна. Хүрэн нүүрсэнд нэмүү өртөг шингэсэн эдийн засгийн эрэлт хэрэгцээ бүхий ямар бүтээг­дэ­хүү­нийг үйлд­­вэрлэвэл зохис­той байх вэ гэдэг талаар ма­най компани  багагүй хүн хүч, нэлээдгүй хөрөнгө оруулалтаар судалгааны ажлыг хийж ирсэн. Ту­хайл­бал, Австралийн “white energy” компаниар  Адуунчулууны нүүрснээс дээжлэн  1500 тн-ыг авч  судалгааг нь хийлгэж үз­лээ. Тэнд илчлэг багатай хү­рэн нүүрсийг шахмал түлш болгож илчлэгийг нь нэмэгдүүлэх технологийн туршилтыг хийлгэсэн.  Өөрөөр хэлбэл, 2700 ккл-той хүрэн нүүрсийг 5200 ккл болгох туршилтын ажил амжилттай явагд­сан. Мөн  Германы эрчим хүч үйлдвэрлэгч RWA ком­­пани бас манай үйлд­вэрт туршилт хийсэн. RWA нь Европын  30 орчим хувийн эрчим хү­чийг хангадаг том газар. Одоо үргэлжлүүлээд  су­дал­гаа хийж байна. Ийм газруудаар судалгаа хийл­­гүүлж байгаа нь эц­сийн үр дүндээ Монгол Улсын эдийн засгийн тус­гаар тогтнолыг хангах, Монгол Улсын үйлд­вэр­жил­тийн бодлогын гол хөшүүрэг болсон газрын тосыг орлох болол­цоо нэмэгдэж байгаа юм.

-Үйлдвэр баригд­са­наар нефтийн хараат байдлыг хэр зэрэг буу­руу­лах бол?

-Эдийн засгийн бүхий л урьдчилсан судал­гаа­нуу­дыг бид гадны мэр­гэж­лийн компаниудтай хам­тарч гүйцэтгэсэн. Өдгөө дэлхийн зах зээл дээр  нэг баррель нефтийн үнэ 35 ам.доллараас илүү байгаа тохиолдолд нүүр­сийг хийжүүлэн шин­гэ­рүү­лээд бензин үйлд­вэр­лэж авах нь эдийн зас­гийн хувьд үр ашигтай гэсэн судалгаа байдаг. Гэтэл өнөөдөр нефтийн үнэ хэд болчихоод байгаа билээ. Нефтийн хомсдол даамжирах нь гарцаагүй болчихлоо. Тэгэхээр неф­тийн үнэ буурах хандлага огт байхгүй. Оро­соос ша­та­хууны 100 хувь  ха­маа­рал­тай манай ул­сын хувьд до­тооддоо бен­зинээ үйлд­­вэр­лэс­нээ­рээ газ­рын тос, нефтийн бүтээг­дэхүүний хараат байд­лыг тодорхой хэм­жээнд  бууруулж чадна.

-Ямар төрлийн шата­хуу­ныг ямар техно­ло­гиор гаргаж авах вэ. Мөн үйлдвэрийн хүчин ча­дал нь ямар байх бол?

-Хүрэн нүүрсийг хий­жүү­лээд хийгээ шингэ­рүү­лэн метанол гаргаж авах юм. Метано­лоосоо АИ-92-той адил химийн орц найрлагатай бензин үйлд­вэрлэхийг л гол зо­рил­гоо болгосон. Энэ бензинийг гаргаж ава­хын тулд юуны тү­рүүнд ил уурхайг зо­­хион байгуулах шаард­­­лагатай. Мөн үйлд­­­вэ­рийн­хээ эр­чим хүч­­­ний хэрэг­цээг до­тоо­доосоо хангах зорилго тавьж, 300 мгв-тын хүчин чадал бүхий цахилгаан станцыг тус орд дээр барьж байгуу­ла­хаар төлөвлөөд бай­на. Үйлдвэр маань жил­дээ 400 мянган.тн шата­хуун гаргаж авах хүчин чадалтай. Энэ үйлд­вэ­рийн хэрэгцээнд 300 мгв эрчим хүч үйлд­вэрлэх чадал бүхий цахил­гаан станц барина. Ингэс­нээ­рээ ил уурхай, эрчим хүч, жилдээ 400 мянган тн бензин үйлд­вэр­лэх  аж үйлдвэрийн цогц төв бий болж байгаа юм.

-Шатахууны үнээ нэ­лээд хямд тогтоосон гэсэн. 2017 он гэхэд одоогийн тоо­цоолс­ноор байж чадах бо­лов уу?

-Гадны инженер тех­ни­кийн байгууллагуудтай хамтран олон жилийн хамтын ажиллагааны су­дал­гааны үр дүнд энэ тооцооллыг гаргаж ир­сэн. Бүх үнийн өсөлт, хэлбэл­зэлийг харгалзсан бай­гаа. Урьд­чилсан байд­лаар литр бензины үнэ 1200 төгрөг байхаар тоо­цоо гаргасан. Тооцоол­лын энэ  аргачлал цаг хугацаа­ны хувьд нэлээд дөхүүл­дэг. 10-20 жилийн да­раахь байдлаар тоо­цоо­гүй, ер­дөө таван жи­лийн хуга­цааны тооцоо уч­раас харь­цан­гуй боди­той тоо гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөгийн байгаа нөхцөлөөрөө  явах юм бол өсөх нь тодорхой зүйл. Хамгийн гол нь үйлд­­вэрийг  цаг хуга­цаанд нь ашиглалтад оруулах.

-Жилдээ 400 мянган тн шатахуун үйлд­вэр­лэнэ гэхээр до­тоодын хэрэгцээний хэдэн ху­вийг хан­гана гэсэн үг вэ?

-Манай улс одоогоор 800-гаас сая тн нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж байгаа. Сая тн гэж бодоод үзэхэд бид  40 орчим хувийг нь хангах юм. 2017 онд үйлдвэр, уул уурхай ашиглалт маш ихээр нэмэгдэнэ. Тэр хэрээр нефть бүтээг­дэ­хүүний эрэлт хэрэгцээ ихэс­нэ. Мэдээж хэрэг ДНБ-ий хэрэгцээ өнөөд­рийн­хөөс хэдэн хувиар өс­нө. Тийм болохоор өнөө­­дөр яг тодорхой тоо хэлэх амаргүй.

-300 мгв-ын цахил­гаан станц гэдэг бол маш том хөрөнгө оруу­лалт. Магадгүй эрчим хү­чээ им­порт­лох шаард­лага гарч болох юм?

-Юуны өмнө  бид до­тоод хэрэгцээгээ хангах, зүүн бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Өнөөдөр Чой­балсан хот 35 мгв-ын хүчин чадалтай станц­тай. Энэ станц үндсэндээ Дорнод аймаг болон зүүн бүсийн гурван аймаг буюу Дорнод, Хэнтий, Сүх­баа­та­рыхны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж байгаа. Гэтэл зүүн бүсэд аж үйлдвэрийн томоохон цогцолборууд нэмэг­дэ­хээр яригдаж байна. Энэ мэтээр дотоодын эрчим хүчний хэрэглээ өсөх уч­раас 300 мгв-ын станц зөвхөн манай өөрсдийн хэрэгцээнд байна. Илүү­дэл эрчим хүчээ зүүн бү­сийн гурван аймгийг хан­га­хад зориулна.

-Адуунчулууны ор­дын нөөц нефтийн үйлд­вэрийн хэдэн жи­лийн хэрэгцээг хангана гэж тооцоолж байгаа вэ?

-Тус ордын нөөцийг 47 жил ашиглах тооцоо гар­га­сан. Энэ бол 300 мгв цахилгаан станц болон 400 мянган тн бензин үйлдвэрлэх, ил уурхай олборлолтынхоо бүхий л эрэлт нийлүүлэлт бодол­цож гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй тоо­цоо судалгаа.

-Ажиллах боловсон хүчин бэлэн үү. Хич­нээн ажлын байр ши­нээр нэмэгдэх вэ?

-Зөвхөн ил уурхайд л гэхэд 280-350 ажлын байр, цахилгаан станц, ша­тахууны үйлдвэрт гээд нийтдээ 3000 гаруй хүний ажлын байр ши­нээр бий болно. Бид хө­рөн­гө оруулалтын асууд­лыг шийдэж болж байна. Технологийн хувьд асуу­дал алга. Хамгийн гол  боловсон хүчний асуудал хүнд. Энэ чиглэлээр мэр­гэш­сэн хүн дутмаг байна. Гэхдээ манай компани    тус үйлдвэрт ажиллах ин­женер техникийн ажилт­нуудаа Япон, Гер­ман, Швейцарь, Орост сургаж байгаа. 

-Аж үйлдвэрийн цог­цол­борыг барьж бай­гуу­лах нийт хө­рөн­гө оруу­лалт хэд вэ. Гад­наас хө­рөн­гө оруу­лалт авах уу?

-Хоёр тэрбум ам.дол­ла­раар барилга бай­гуу­ламж босно. Нарийв­чил­сан зураг төслийг Гер­маны компаниар сая га­руй ам.дол­лараар гүй­цэт­­гүү­лэ­хээр гэрээ хий­сэн. Хөрөнгө оруулалтыг өөрсдөөсөө л гаргана. Мэдээж хэрэг гадны то­моо­хон банк санхүүгийн байгуууллагуудаас дэмж­лэг авах нөхцөл яригдаж байна.

-Төр засгийн зүгээс ямар дэмжлэг авч бай­на. Дэд бүтцийн асууд­лыг яаж шийдэх юм?

-Төр засгийн зүгээс дэмж­лэгээсээ дарамт үзүү­лэх нь их шүү дээ. Одоо­хон­доо төр засгаас айхтар дэмжсэн ч юм алга. Са­даа болсон ч юм алга. Гэхдээ 300 мгв-ын  цахил­гаан станцыг барих зөв­шөөр­лийг олгох шатан­даа явж байна. Дэд бүт­цийн хувьд  ямар нэгэн нөлөөлөлгүйгээр үндэс­ний хэмжээний төмөр за­мын төсөл хэ­рэгжээд явж байна. Тэ­гэ­хээр асуу­дал­гүй болж байна гэсэн үг. “Мян­га­ны зам” гээд тий­шээ явж байна. Автозам, төмөр зам ашиглалтад орчих­вол бусад асуудал гайгүй дээ. Эрчим хүчийг бид өөрсдөө үйлдвэрлэнэ.

-Шатахууны үнийн өсөлтийг та хэр бо­ди­той гэж үзэж бай­на?

-Нефть импортлогчид ярьж байгаад зөвхөн  ашиг орлогоо бодоод нэм­­чихээгүй нь тодорхой. Тэр­тээ тэргүй  олон улсад ч гэсэн нефть  өсч байгаа. Нефть импортлогчдод Засгийн газраас 10 тэр­бум төгрөгийн торгууль оногдуулж байх шиг бай­на лээ. Маргааш нөгөөд­рөөс нефтийн компаниуд хариу  мэдэгдэл гаргах сурагтай байна.

Д.ЦОГЗОЛМАА

Зохиогчийн эрх “Өдрийн сонин”
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж