Тайлангийн зөрүү багасч байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Тайлангийн зөрүү багасч байна гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Франц улсын нийслэл Фарис хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах дээд байгууллагын хоёр жил тутамд болдог бага хурал болжээ. Тус бага хурлаас Монгол Улсыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлангаа жилээс жилд сайжруулж байна хэмээн дүгнэж, Санаачлагын олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал олгосон байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн н.Болдбаатар нар мэдээлэл хийлээ.

    Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын хэлснээр Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 2005 оноос хүлээн авч, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед уул уурхайн компаниудаас ердөө 25 нь тайлан гаргадаг байсан бол одоо 101 компани болж, хүрээгээ тэлсэн байна. Ингэснээр тухайн уул уурхайн компаниуд жилд хэдий хэмжээний олборлолт явуулж түүнээсээ хэдийг нь татварт төлдөг, хэнд хэдий хэмжээний хандив, тусламж  бусдад өгөв гэдэг нь тодорхой болж, тэр хэрээр уул уурхайгаас олсон баялгийн хэмжээ олон нийтэд нээлттэй болох боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээг өргөжүүлж, уул уурхайн компаниудыг байгаль орчныг нөхөн сэргээхэд хэдий хэмжээний зардал гаргаж байгаагаа тайландаа тусгахыг шаарддаг болсон байна. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүн дагуулах болжээ.

    Нөгөөтэйгүүр, анх уул уурхайн компаниудын гаргаж байсан олборлох байдлын тайлан одоо гаргаж байгаа тайлан хоёрын зөрүү багассан тухай тэрбээр тодотголоо. Тайлангийн зөрүү багассанаар цаад агуулгаараа уул уурхайгаас олж байгаа баялгийн хэмжээ үнэн зөвөөр олон нийтэд нээлттэй болох бололцоо бүрддэг аж. Ингэхдээ уул уурхайн компаниудаас гаргасан жил бүрийн тайлан, Засгийн газраас тус компаниудаас авсан татварын хэмжээ зэргийг хооронд нь тулгаж үзэн, үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нь хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулдаг байна.

    Цаашид анхаарах асуудал нь уул уурхайн компаниуд тайлангаа нарийвчлан гаргаж, мэдүүлж байхад төр түүнд нь нэгбүрчлэн хяналт тавьж чадахгүй байгаа нь энэ чиглэлээр дорвитой ажиллах шаардлагатайг харуулж буй аж.

    Дэлхий дахинд өнөөдөр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 35 орон хэрэгжүүлж байгаагаас Монгол Улс санаачлагын стандартыг хангасан дөрөв дэх орон болжээ.

    Парис хотноо болсон энэ удаагийн тавдугаар бага хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, иргэний нийгмийн байгууллыг төлөөлөн “Миний монгол газар шороо” хөдөлгөөний тэргүүн н.Болдбаатар нар оролцсон юм байна.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж