20 жилийн ажлаа нэгтгэж, УИХ-д танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

20 жилийн ажлаа нэгтгэж, УИХ-д танилцуулна

Байгуулагдсанаас  хойшхи 20 гаруй жилийн хугацаанд цагаатгах талаар хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, Комисст хандаж хэлмэгдэгсэд болон тэдгээрийн төрөл төрөгсдөөс гаргаж буй санал хүсэлтийг багцлан энэ оны эхний улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй  гэж өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаас үзэв. Хуралдаанаар 2011 онд хийсэн ажлаа дүгнэхийн сацуу 2012 онд хийх ажлын чиглэлээ тодорхойллоо.

2011 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаан 10 удаа болж “Улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийн хэргийг шалгах ажлын явцын тухай”, “ЗХУ-д 1930-1940-өөд онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн зарим монгол иргэдийн мөрдөн байцаалтын хэрэгтэй танилцаж, хуулбарлан авчирсан тухай, “2009-2011 онуудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар хийж гүйцэтгэсэн ажил, цагаатгалын хуулинд заасан хоёр төрлийн хугацааг  сунгах эсэх тухай”  зэрэг  мэдээллийг авч хэлэлцэв.

Иргэдийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг сэргээх ажил 2011 онд  үргэлжлүүлэн хийгдэж улмаар 1509 хүнд холбогдох хэргийг  эцэслэн шалгаж дуусгасан байна. Тагнуулын Ерөнхий газрын Цагаатгалын тасгийн мөрдөн байцаагчид улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, хэрэг нь шалгагдаагүй, шинээр илэрсэн 6600 гаруй хүний хэргээс  4131 хүний хэргийг сүүлийн 3 жилийн хугацаанд  шалгажээ. Одоо 2000 гаруй  хэрэг шалгагдаагүй үлдсэн бөгөөд тэдгээрийг 2012 онд шалгаж дуусгах чиглэлтэй ажиллаж байна.

2011 онд Улсын Дээд шүүх, анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий Прокурорын газар нийт 689 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг нь сэргээн, 71 иргэнд  цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ олгожээ.

    2011 оны 12-р сарын 30-ны байдлаар хилс хэрэгт хэлмэгдэж, хуулийн байгууллагуудаар цагаатгагдсан /1939 оны 4-р сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд/ 31,1 мянган иргэний нэр төр сэргээгдэж цагаатгагдлаа.

    2011 онд Тагнуулын Ерөнхий Газрын архив-бүртгэлийн газар улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, тодорхойлолт, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 871, Үндэсний төв архив хэлмэгдэгсдэд холбогдох хүн амын тухайн он, жилүүдийн тооллогын бүртгэлээс ам бүлийн лавлагаа 3202-ыг тус тус гаргаж, хүсэлт тавьсан иргэдэд үйлчилсэн байна.

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төв 2011 онд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” ном, “Ж.Лхүмбийн хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Орост хэлмэгдсэн монгол иргэд”, “Москвад цаазлагдсан монголын удирдагчид” зэрэг бүтээлүүдийг боловсруулан бэлтгэж, заримыг нь хэвлүүлж, олны хүртээл болгов.

2011 онд цагаатгалын хуулийн дагуу хэлмэгдээд цагаатгагдсан иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд хуулийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг үндэслэн нөхөх олговор олгох ажил үргэлжлэн хийгдлээ.

    Цагаатгалын хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн 1998 оны дунд үеэс хойшх 14 жилийн хугацаанд улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан 17483 иргэнд 16,2 тэрбум  төгрөгийн нөхөх олговрыг  төрөөс олгосон байна. Зөвхөн 2011 онд  гэхэд хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 68 хүнд 63,5 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.
    
Хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгож эхэлсэн 1998 оноос хойш өнөөг хүртэл материал нь бүрдэл болж, шүүхээр нөхөх олговрын шийдвэр гаргуулж чадахгүй байгаа, одоо хөөцөлдөж буй  1153 иргэн байна.

    Өнгөрөгч онд цагаатгалын салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хүчин туслалцаатайгаар 855 иргэнд 5,42 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгуулжээ. Мөн 316 хүнд 6,1 сая төгрөгийн хүнс, эд бараа, материалын туслалцааг үзүүлжээ.

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, нас барсан, цаазлагдсан хэлмэгпэгчдийн гэр бүлд орон сууц худалдан авах болон одоо амьдарч байгаа орон байрныхаа нөхцөлийг сайжруулахад нь зориулж, 2011 онд 360,0 сая төгрөгийн хөрөнгийг Улсын төсөвт тусгаж зарцуулсан байна.
 
1930-1940-өөд онд улс төрийн хэргээр баривчлагдан, хуучин ЗХУ-д хүргэгдэж шийтгүүлсэн монгол иргэдийн хавтаст хэрэг материалтай танилцах, улмаар хуулбарлан авах ажлыг өнгөрсөн онд үргэлжлүүлэн хийжээ.

    Улсын комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны архив, бүртгэлийн газарт ажиллаж, хэлмэгдээд цагаатгагдсан 12 монгол иргэний хэрэг материалыг хуулбарлан авчирсан байна.

    2011 онд Улсын комисс иргэдээс 310 өргөдөл, 350 санал, хүсэлт, аймаг, нийслэлийн цагаатгалын салбар комиссууд 454 өргөдөл, 1229 санал, гомдол, эрэлт хүсэлтүүдийг хүлээн авч, үндсэнд нь бүрэн шийдвэрлэжээ.
2012 онд Тагнуулын Ерөнхий газарт шалгагдаж байгаа, шинээр илэрсэн улс төрийн хэргүүдийг бүрэн шалгаж дуусгах зорилт тавин ажиллаж байна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

        

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж