Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн гэв

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд тус нийгэмлэгийн ерөнхий нарын бичгийн дарга Д.Чулуунбаатар, салбарын нийгэмлэгийн тэргүүн Ц.Жигдэн,  С.Энхбат нар оролцов. Тэд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, түлш, шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэж буй тул Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон байна.

Шаардлагад дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

1. Үнэ тарифын асуудлаар шийдвэр гаргадаг аливаа комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнд хэрэглэгчийн төлөөллийг оруулах 

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийг нэн даруй байгуулах

3. Нефтийн бүтээгдэхүүний импортыг төр хариуцах асуудлыг яаралтай шийдвэрлэх.

Түүнчлэн Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос сүүлийн жилүүдэд “ченж” гэх салбар үүсч, арилжааны банкнаас илүү мөнгөний ханшийг тогтоодог болсон, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа гудамжинд бус банкинд явагдах ёстой. “Найман шарга” зах бүхнийг тодорхойлох байдал ихэслээ. Шатахууны үнэ нэмэгдэж, дараа нь буухад үнэ нь өссөн өргөн хэрэглээний бараа буцаж буух нь ховор. Томоохон пүүс компаниуд үнээ бага зэрэг буулгасан ч жижиглэн худалдаачид уян хатан байж буцааж буулгана гэдэг ойлголт мэдэхгүй. Эцэст нь иргэд хохирч байна хэмээн мэдэгдсэн юм.

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхий нарын бичгийн дарга Д.Чулуунбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-Танай байгууллага энэ тэмцлээрээ үнийн өсөлтийг буцаад буулгаж чадна гэж бодож байна уу?

-Манай байгууллага өнгөрсөн жил байгуулагдаад, сургалт, сурталчилгааны ажил голчлон хийдэг байсан.Цаашид дуугүй суух аргагүй боллоо. Бид чадна гэж бодож байна. Нефтиэс шалтгаалан гурил кг тутам нь 100 төгрөгөөр нэмэгдсэнийг буцаан буулгахыг л хичээж байна.

-Шийдвэр гаргах төвшний зөвлөлд ямар хүмүүсийг оруулахаа төлөвлөсөн үү?

– Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр УИХ-н гишүүн Н.Ганбямба ажилладаг. Тэрээр бидний дуу хоолой болж чадна. Хэнийг оруулахаа одоогоор шийдээгүй байна. Бид банк санхүү, байгаль орчин, барилга хот байгуулалт гэх мэт таван салбараас томоохон төлөөлөлтэй.

– Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн ээлжинд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?

-Үйлдвэрчний байгууллагуудтай хамтарч бослого, тэмцлийн зам руу орно. Хэзээ ч ухрахгүй.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж