Сүүлийн үед сэтгүүлчдийн эрх ашиг ихэд хөндөгдөх болсон талаар МСЭ-ийн тэргүүн Б.Галаарид хурлын эхэнд онцолсон. Тэрбээр энэ бүхэн сонгууль дөхсөнтэй холбоотой байж ч мэдэх талтайг хэлж байлаа. Мөн “Сэтгүүлч бид нэн түрүүнд ард түмэнд үйлчлэх, тэдний дуу хоолой болох үүрэгтэй. Харамсалтай нь сүүлийн зургаан сар энэ үүргийн утга алдагдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдсаар байна. Үүний тод жишээ ТВ-9 телевизийн хамт олныг хоморголон байцаалтад дуудсан явдал. Мөн долоо хоног бүрийн телевизийн хөтөлбөр гарах үед зарим хүн улаан өнгийн балаар өөрсдийн эрх ашигт нийцэхгүй гэсэн нэвтрүүлэг, мэдээ мэдээллийн нэрийг зурж хасдаг уламжлал нэгэнт тогтжээ. Сэтгүүлчдийн эрх чөлөөг янз бүрийн шинэ хууль дүрмээр боохыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр ч утгаараа харанхуй, бүдүүлэг нийгэм рүү өөрсдийгөө түлхэхгүй” хэмээн мэдэгдсэн.
ТВ-9 телевизийн нэвтрүүлгийн албыг тэр чигээр нь байцаалтад дуудсан шалтгаан тун инээдтэй гэдгийг тэд онцолсон. Тус телевизийн “Детектив” цуврал нэвтрүүлэгт Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Отгонжаргалын нэрийг цухас дурьдсан аж. Үүнийг тэрбээр эмзгээр хүлээн авч, эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм. Ийнхүү доод шатны байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Түүний энэ үйлдлийн талаар өмгөөлөгч О.Баасанхүү ийн тайлбарлаж байна. Тэрбээр “Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Отгонжаргалын үйлдэл үнэхээр инээдтэй байна. Хууль мэддэг хүн харсан үнэхээр инээдтэй. Өөрөөр хэлбэл хошууч хүн дэслэгч цолтой хүнд тушаал өгч байгаатай адил хэрэг шүү дээ. Хууль эрх зүйн хүрээнд ийм зүйл байж болохгүй. Хэрэв үнэхээр түүний нэр хүндийг хөндсөн бол үүнийг шалгадаг байгууллага бий. Манай телевизийн сэтгүүлчдээс тун хачирхалтай байцаалт авсан байна лээ. Жишээ нь “Та энэ нэвтрүүлгийг хэний үүрэг даалгавраар хийсэн бэ” гэсэн байгаа юм. Байцаалтын үеэр асуусан, хариулсан бүх бичлэг бидэнд бий. Тиймээс энд ямар нэг хууль бус үйлдэл гаргасан гэх үндэслэл байна” хэмээсэн юм.
ТВ-9 телевизийн захирал Ц.Энхбат “Манай телевиз рүү халдсан анхны тохиолдол энэ биш. Өмнө нь сэтгүүлчдийг маань Баянхонгор аймагт алтны үйлдвэрт сурвалжлага хийгээд явж байхад хамгаалалтын хоёр ажилтан камерыг нь булаан авч дүрсийг нь устгасан тохиолдол гарч байсан. Харин энэ удаагийн байцаалтын цаана ямар нэг улс төрийн бодлого бий гэдэг нь гомдол гаргагчийн албан тушаал тод харуулж байна. Өнөөдөр бидний дуу хоолойг хаах гэсэн хэсэг хүмүүс янз бүрийн арга хэрэглэж байна. Сэтгүүлч биднийг улс төр рүү хэтэрхий хутгаж, хэрэгт холбож байгаа. Маргааш /өнөөдөр/ надаас байцаалт авна гэсэн. Ямар ч байсан энэ бүх байцаалтыг бид шүүмжилж байна. Хийсэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа” гэв.
Тус телевизийн захирал, найруулагч нараас маргааш /өнөөдөр/ байцаалт авах тухай зарлан дуудах хуудсыг өнөөдөр /өчигдөр/ Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирүүлсэн аж. ТВ-9 телевизийн ерөнхий продюссер Б.Төрмөнх “Хэдийгээр энэмэтчилэн сэтгүүлчдийн, уран бүтээлч бидний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа ч цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлэн бэлтгэж, үзэгчдэд хүргэнэ” хэмээв. Мөн тэрбээр “Энэ бол сэтгүүлч бидний эрх чөлөөнд халдаж байгаа тохиолдол гэж ойлгож байна. Цагдаа нар нэг л өглөө шууд баривчлаад явахад бэлэн байдаг юм байна гэдгийг би харлаа. Тэдний үйлдлийг товч тодорхой харуулах шиг боллоо. Намайг байцаалтад орох үед дуу хураагчтай орох талаар өмнө нь мэдэгдсэн байсан. Харин байцаагч үүнийг эсэргүүцэж булаан авсан. Харин байцаалтын үеэр дуу хураагчгүй орно гэсэн заавар журам хаана байгаа талаар асуухад тэд намайг дуу хураагчтай оруулахыг зөвшөөрсөн. Үнэн хэрэгтээ гарцаагүй байдалд орсон гэх үү дээ” хэмээн хэлсэн юм.
"Улс төрийн тойм" сонин