-Одоогоор манай орны газар нутагт хиймэл дагуул унасан гэх мэдээлэл манай байгууллагад ирээгүй байна. Одон орон геофизикийн хүрээлэнгээсманайд ирүүлсэн мэдээллээр бол уг хиймэл дагуул ОХУ-ын өмнөд хэсэг болон Энэтхэгийн далай орчимд унаж болзошгүй гэсэн тооцоог ОХУ, АНУ-ын эрдэмтэд гаргасан гэсэн мэдээллийг л ирүүлсэн байгаа. Өмнө нь манайд хиймэл дагуулын нэг хэсэг унаж байсан. Тийм зүйл тохиолдвол бүх нөөц бололцоогоо дайчилж, ажлын хэсгийг гаргаж ажиллах нь ойлгомжтой гэсэн юм.
Эрдэмтдийн хэлж байгаагаар хиймэл дагуул дэлхийн агаар мандалд орохдоо чиглэл нь тогтмол өөрчлөгдөж байдаг учраас яг хаана унахыг нь нарийн тогтооход төвөгтөй байдаг гэнэ. Хиймэл дагуул унаж болзошгүй гэсэн сургаар манай улсад үүнийг ажигладаг техник тоног төхөөрөмж байдаг эсэх талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, доктор Н.Тунгалагтай холбогдсон юм.
-ОХУ-ын хөөргөсөн хиймэл дагуул манай газар нутагт унаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар танай байгуулагаас судалсан зүйл байгаа юу?
-ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хийсэн мэдэгдлээр бол Чилийн эргийн орчим Номхон далайд унасан гэж гадны мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа. Хиймэл дагуул унахаас өмнө эрдэмтдийн тогтоосноор бол хойд өргөрөгийн 51,4-өөс өмнөд өргөрөгийн 51,4-т унах магадлалтай гэж тогтоосон. Энэ нь яг манай говьд уначих гээд байсан юм биш л дээ. Үүнд их өргөн хэмжээний газар нутаг хамрагдаж байгаа. Бээжин, Токио гэх олон хүн амтай хотууд ч орж байсан. Яг тэнд унана гээд нарийвчлаад тогтоочих хэцүү, байнга чиглэлээ өөрчилж байдаг болохоор гурваас, дөрөв хоногийн турш тасралтгүй ажиглалт хийж байж хаана унахыг нь тогтоодог. Доошлох тусмаа илүү нарийн тогтоох боломжтой гэсэн үг. Одоогоор манайх ийм төрлийн ажиглалт хийх техникийн бололцоо хараахан бүрдээгүй байгаа.
-Яг энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй гэх мэдээлэл гарсан байсан?
-Мэргэшсэн боловсон хүчин бол байгаа. Яагаад тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй. Яг үэнэндээ манай улс сансарт хөлөг хөөргөдөг, хиймэл дагуул хөөргөдөг, сансрын гүрэн биш болохоор урьд нь ийм төрлийн судалгаа шинжилгээ бага хийгдсэн нь үнэн. Гэхдээ манай одон орон судалдаг мэргэжилтнүүд тодорхой хэмжээний чадвартай гэж би боддог. Яг энэ сансрын хог хаягдлын талаарх асуудлыг 2000 оноос хойш л дэлхий нийтээрээ анхаарч судалж эхэлсэн. Манай улс ч ийм төрлийн судалгаа шинжилгээг бусад орнуудтай хамтарч ажиллах замаар хийж эхлээд байгаа. Хийж эхлээд байгаа гэдэг нь хэтэрхий хожимдоод эхэлчихсэн юм биш. Ач холбогдолоороо аваад үзэхэд тэгэж ойлгож болно. Өөрсдөө бие дааж судлах нөөц бололцоо үнэнийг хэлэхэд хүндхэн байна. Нөгөө л хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг гэсэн юм.
НҮБ-аас сансарт, сансарын хог хаягдал нэлээд хэмжээгээр ихэсч байгаа болохоор хиймэл дагуул, сансарын хөлгийг хөөргөхдөө анхнаасаа сайн анхаарч, зөв тооцоолж хөөргөж байхыг сансарын хөлөг, хиймэл дагуул хөөргөдөг улс орнуудад санал болгосон. Сансарын хөлгийн түлш экологийн цэвэр түлш байх ёстой гэдэг байр суурь ч сүүлийн жилүүдэд нэлээд яригдах болжээ. Дэлхийн эргэн тойронд 300 мянга гаруй сансрын хог хаягдал байдгаас 14 мянга орчим нь үлэмж хэмжээний сансарын хог хаягдал байдаг бөгөөд эдгээр нь дэлхийн агаар мандалд орсон тохиолдолд унах магадлалтай аж.