МҮЭ жагсаалд нэгдэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

МҮЭ жагсаалд нэгдэхийг уриалав

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид  өнгөрсөн баасан гаригийн 18.00 цаг хүртэл Засгийн газар, УИХ-аас гурван талт хэлэлцээг эхлүүлье гэсэн хариу ирнэ гэж хүлээсэн. Улстөрчид өнөөдөр ард түмэнтэйгээ нэг ширээнд сууж, хүнд нөхцөл байдлаас гарах талаараа ярих ёстой байдал тэгсэнгүй. Тэд өнөөдөр ард түмнээсээ дэндүү их тасарсан байна.  Улстөрчдөд өнөөдөр зургаан сайдын хэн байх нь чухал болохоос ард түмний нуруун дээр ирээд байгаа ачааны хүндийг үүрэлцэх сонирхол алга. Бид улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлье гэж тэдэнд ханддаг нь гуйж байгаа явдал биш юм. Шатахууны үнийг огцом өсөлт, өргөн хэрэглээний барааны өсөлтийн асуудлаар бид гурван талаасаа хэлэлцэж, ярилцлах үүрэгтэй. Гэвч Засгийн газар, УИХ бидний саналд албан ёсоор хариу өгөөгүй учраас энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт 12.00 цагт Сүхбаатарын талбай болон улс орон даяар томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж,, жагсахаар боллоо” гэв.

Уг жагсаалыг зохион байгуулах Ажлын хэсгийг өнөөдөр эхлэн байгуулж, ажилдаа орсныг тэд мөн дуулгасан юм.  Жагсаалыг нийслэлд төдийгүй 21 аймгийг хамарч, зохион байгуулна гэдгийг тэд тодотгоод автомашин жолоодож буй хүн бүрийг шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цагаас сигналаа дарахыг уриалж байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж