
Цагдаагийнхны хэлж байгаагаар өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 652 малын хулгайн хэрэг гарсан бол энэ оны эхний есөн сард 759 малын хулгайн гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгдсэн тоо аж. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслолын өдрүүд, цагаан cap, улсын баярын үеэр махны хэрэгцээ нэмэгдэж үүнтэй холбогдуулан малын хулгай улам гаардаг байна. Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Дорноговь аймагт малын хулгай их гардаг бөгөөд үүнд таван хошуу малаас зонхилон бод мал буюу адуу, үхэр ихээр өртдөг байна. Туулах чадвар сайтай байдаг учраас адуу хулгайлагдах нь их байдаг байна. Харин малчид хоёроос гурван өдрийн дараа алдсанаа мэдэгддэг. Ингэснээр хэргийг илрүүлэхэд хүндрэл учрах төдийгүй хугацаа алддаг гэнэ. Мөн зарим тохиолдолд иргэд алдсан малаа бүртгүүлэхээр унаа тэрэг хөлслөн төв суурин руу олон дахин явах нь төвөгтэй санагдаж, цагдаад мэдэгдэлгүй орхих нь цөөнгүй байдаг хэмээн цагдаагийнхан мэдээлсэн юм.