“Говийн чоно” уурхайчдыг аварлаа | News.MN

“Говийн чоно” уурхайчдыг аварлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

“Говийн чоно” уурхайчдыг аварлаа

Налайхын уурхайд хүн амиа алдлаа гэсэн мэдээ харамсалтай нь байнга шахуу гардаг ослуудын нэг болоод байна. Хэдийгээр тухайн үедээ халаглаад өнгөрөх хэдий ч ослын тоо буураагүй хэвээр. Маргааш ч ийм  осол гарахыг үгүйсгэх аргагүй. Уул уурхайн хөгжлийн гараан дээрээ ирлээ гэж буй манай улсын хувьд уурхайн аюулгүй байдал, болзошгүй осол тохиолдсон үед хэрхэх талаар арга туршлага дутмаг хэвээр байгаа. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас уул уурхайн ослоос сэргийлэх “Говийн чоно” сургалт явуулж буй. “Говийн чоно-2”  сургалтын гурав дахь өнгөрсөн пүрэв гаригт Налайх дүүрэгт бoлoв.   
Монгол Улсад  ой, хээрийн гал түймэр, мөнгөн ус болон химийн хорт бодисын алдагдал, тэсрэх бодисын дэлбэрэлт, зам тээврийн осол, хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдсэн болон ахуйн болон бичил уурхайн осол, үйлдвэрлэл технологийн осол багагүй гардаг. Зөвхөн өнгөрсөн онд давхардсан тоогоор 149 аймаг, нийслэлийн 491 сум, дүүрэгт 2465 аюулт үзэгдэл, осол гарч 246 хүн амь эрсдэж, 1403 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 330000 толгой мал хорогдож, урьдчилсан байдлаар 9,8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тухайлбал, 2009 онд бичил уурхайн ослын тохиолдол 27 бүртгэгдсэнээс 34 хүн алтан амиа алдаж, 25 хүн бэртэж гэмтсэн юм. Энэ нь 2008 оны байдалтай харьцуулахад даруй 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүний хэрээр үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаанд химийн хорт болон тэсэрч, дэлбэрэх бодисыг ихээхэн хэрэглэх боллоо. Энэ нь хөгжлийг дагасан эмзэг байдлыг нэмэгдүүлж, үүнээс шалтгаалан хүний амь нас, байгаль орчин, эд хөрөнгөнд учруулах эрсдэлийг бий болгож байгаа.

Энэ удаагийн гурван  шатны “Говийн чоно-2” сургалт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль нь уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах асуудлыг хөндөж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон юм. Энэхүү хамтарсан сургалтын үр дүн нь уул уурхайд тохиолдож болзошгүй осол, түүнээс үүдэлтэй гамшгийн үед гамшгаас хамгаалах улсын албад, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан ажиллагаанд ахиц гарч, уул уурхайн салбарын эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад чухал ач холбогдол болж байгаа юм. Энэхүү сургуулилтад тус дүүрэгт үйл ажиллагагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын 100 гаруй бие бүрэлдэхүүн оролцлоо. Үүнд нуранганд дарагдсан уурхайчдыг аврах, химийн хорт бодис тээвэрлэж явсан машинд  гал гарсан тохиолдолд хэрхэн унтраах  талаар үзүүллээ.  “Энэхүү үзүүлэх сургуулилтаар зөвхөн уул уурхай төдийгүй бусад хамтын ажиллагаагаанд алдаа оноогоо харж хийх ажлаа тодорхой болголоо” хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын Сургалт сурталчилгааны   хэлтсийн дарга дээд ахмад Д.Ууганбаяр ярилаа.

Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-11 202.179.11.90

xMM УТААН БААТАРЫГ НҮҮРС-ЭЭР ХАНГАЖ ЛАЙ БОЛЖИНАА ЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж