Нөөцийн махны борлуулалттай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны борлуулалттай танилцана

Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт мах бэлтгэсэн зарим компанийн үйл ажиллагаатай танилцаж, нөөцийн махны чанар, хадгалалтыг үзсэн юм. Нөөцийн мах бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6,8 тэрбум төгрөг гаргасан бөгөөд махны чанартай танилцах үеэрээ хэрэглэгчдэд аль болох хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг сайн хангаж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Нөөцийн махыг худалдах эхний өдөр аж ахуйн нэгж дэлгүүрийн махны нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж танилцах юм. Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр 16.00 цагт Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр очих бол, Баянзүрх дүүрэгт 12.00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан ажлын хэсгийнхэн очиж нөөцийн махны борлуулалттай танилцах юм байна. Сонгинохайрхан дүүргийн нөөцийн махны нээлт Макс групп буюу 2-р үйлчилгээний төвд, Баянзүрх дүүргийнх Тэнгэр трейд компанийн байранд, Сүхбаатар дүүргийнхэн Бат алт төв буюу Намнансүрэнгийн гудамж, 20 байрны 1 давхарт байрлах дэлгүүрт, Хан-Уул дүүргийнх Билэгт-аз компанийн дэлгүүр буюу Жаргалант үйлчилгээний төвд, Баянгол дүүргийнх "Ган зам" буудлын зүүн талд "Само мах" компанид, Чингэлтэй дүүргийнх Хувьсгалчдын гудамж 12-196 тоотод байрлах Синго компанийн дэлгүүрт тус тус нээлтээ хийж, дүүрэг тус бүрт нөөцийн мах борлуулах бусад дэлгүүрүүдээр явж танилцах юм байна.

Нөөцийн махны үнийн хувьд үхрийн мах 3700, хонины мах 3200, ямааны мах 2600 төгрөгөөр борлуулах аж. Борлуулалт нэгдүгээр сарын 15-аас эхлэн долдугаар сарын 1 хүртэл нийслэлийн есөн дүүргийн 319 дэлгүүр буюу хороо тус бүрт 2-3 цэгээр худалдах юм. Нөөцийн махыг 1, 2, 3 кг-аар жижиглэн савлаж, “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой нийлүүлнэ. Хүчит шонохр, Баянгол, Бэлх, Хархорин захууд, Бөмбөгөр худалдааны төвд лангуу гаргаж худалдах бөгөөд махны хангамжийг нэмэх зорилгоор дүүрэг тус бүрт махны өргөтгөсөн худалдааг сар бүр зохион байгуулахаар болсон байна.

Нөөцийн махыг дараах 21 компани бэлтгэсэн байна.

1.Мах импекс
2.Жаст-Агро
3.Баатарууд тэнгэр
4.Мах экспорт
5.Багахангай
6.Тайж трейд
7.Баруун монгол интернэйшнл
8.Соотон
9.Давшилт трейд
10.Саян-уул
11.Монгол мах экспо
12.Стандарт мах
13.Монгема
14.Сэргэн мандал групп
15.Тэс шим хоршоо
16.Нэмэр их
17.Хүнс трейд
18.Капитал маркет
19.Хүнсний коллеж
20.Мик маркет
21.Эй энн ди эм

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж