“Тогтвортой хөгжил ба уул уурхай” сэдвээр хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Тогтвортой хөгжил ба уул уурхай” сэдвээр хэлэлцлээ

БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган, Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганд БОАЖ-ын сайд, дэд сайд, байгаль орчны салбарын мэргэжилтнүүд, Монгол улсын бүх аймаг, сумдын байгаль хамгаалагчид, оюутан залуучууд болон ахмад байгаль хамгаалагчид оролцож байна. Чуулганыг нээж БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэлэв. Тэрээр Байгаль орчин бол тогтвортой хөгжлийн эх үндэс юм. Тиймээс байгаль орчноо хамгаалахын тулд, тогтвортой хөгжихийн тулд иргэн бүрийн оролцоо, тэр дундаа байгаль орчны салбарынхны хүчин чармайлт чухал гэдгийг онцолсон.

Чуулганы эхний хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжил ба уул уурхай” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлэгийн асуултад хариулахаар УИХ-ын гишүүн С.Оюун, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ц.Дашдэмбэрэл, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нар уригдан ирж оролцогчдын асуултад хариуллаа. Оролцогчдын хамгийн их сонирхож байсан асуудал нь усны талаарх асуудал асуудал байв. Уул уурхайн нөлөөгөөр Монгол орны маш олон газар нутагт гол, нуур ширгэсэн. Оюутолгой, Тавантолгой гэх мэт өмнөд говийн бүс нутагт байгаа стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын  тулд газрын гүний усыг авч ашиглана. Эргэж нөхөгдөхдөө асар урт хугацаа шаарддаг ийм усыг хэрэглэх нь хэр зөв бэ, усны үнэ маш бага байгаа, үнийг хэзээ өсгөх вэ гэхчилэн усыг тойрсон асуудлыг олноор тавьсан. Мөн “урт нэртэй” хуулийн талаарх ойлгомжгүй асуудал их байдгийг орон нутгийн байгаль орчны ажилтнууд хэлж байлаа. УИХ-ын гишүүн С.Оюун: “Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөн дүнг харахад Монгол улсын эдийн засагт өгөөжтэй мэт боловч, алсдаа байгаль орчин нь эвдэрч сүйдээд хоцроход түүнийг сэргээхэд үүнээс хэд дахин их хөрөнгө санхүү шаардагдах эрсдэлтэй” гэв. Үнэхээр тогтвортой хөгжье гэвэл орж ирэх мөнгө төгрөгийг илүүд үзэх бус байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг сануулагсад цөөнгүй байв. Уул уурхайг цаашид хөгжүүлье гэвэл “хариуцлагатай уул уурхай” гэсэн ойлголтыг аж ахуй нэгжүүд ажилдаа хэрэгжүүлж, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж чуулганд оролцогчид дүгнэлээ.“Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган 14:00 цагаас үргэлжлэн явагдана. Хэлэлцүүлгийн дараагийн сэдэв “Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчин” байх юм.

О.Хосцэцэг /Төрийн ордон/ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж