Эдийн засгийн сэтгүүлчдийг хурцлав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн сэтгүүлчдийг хурцлав

Эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн өмнө санхүүгийн мэдээлэл, үзүүлэлт, шинжээчдийн анализийг ухаж ойлгон, дүгнэлт хийх чадвар зүй ёсоор шаардагддаг билээ. Эдийн засгийн мэдээллийг бэлтгэхэд тулгардаг эдгээр асуудлын заримд нь хариулт өгөх зорилгоор “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”-гээс өнөөдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад өдөр тутмын сонин, сэтгүүл, телевизүүдийн сэтгүүлчид хамрагдсан юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс тус хүрээлэнгийн судлаачдын бодлогын шинжилгээ хийж буй судалгаануудын талаар сэтгүүлчдэд эхлэн танилцуулав. Дараа нь судлаач Баярмаа Төсөв, сангийн бодлогод хийсэн дүн шинжилгээг танилцуулсны дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Судлаачид судалгаа шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргаад асуудлаас шийдэх гарц, арга замыг тодорхойлдог боловч түүнийг бодлого боловсруулагчдад хүргэх, олон нийтэд мэдээлэх боломж бага байдаг. Тиймээс мэдээллийг нийгэмд хүргэх гүүр болдог сэтгүүлчид эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, олон нийтэд зөв тодорхой ойлголт өгөх нь ямар чухал болохыг судлаачид  сэтгүүлчдийн аль аль нь хүлээн зөвшөөрч байлаа.

 Сургалтын дараагийн сэдэв нь Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци /MICC/-ын шинжээчдийн бэлтгэсэн “Хувьцааны арилжаанд хэрхэн оролцох вэ?”, “Эдийн засгийн ухаан, бизнесийн мөчлөг ба санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд, тэдгээрийн уялдаа холбоо, төрийн бодлого” гэсэн үндсэн хоёр сэдэв  байсан юм.  MICC-ийн брокер Б.Цэцэгийн “Хувьцааны арилжаанд хэрхэн оролцох” талаарх мэдээлэл сэтгүүлчдийн анхаарлыг нэлээд татсан.

Судлаачид сэтгүүлчдэд мэдээлэл өгөөд зогссонгүй харилцан ярилцаж, дотно яриа өрнөсөн ажил хэрэгч сургалт болж өндөрлөлөө. Мэргэжлийн үг хэллэгийг олон нийтэд ойлгогдохуйц энгийнээр бичиж чадвал жинхэнэ сайн сэтгүүлч гэж үздэгээ ч  судлаачид сэтгүүлчдэд сануулахаа мартсангүй.  

“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” сэтгүүлчдийн эрэлт хүсэлтэд нийцсэн сургалтыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах юм.  

О.Хосцэцэг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж