Засгийн газрыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүх хурал өнөөдөр болно

Уул уурхайн компаниудад байгаль орчин сүйтгэх, хууль зөрчих боломж олгосон гэх үндэслэлээр Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Засгийн газрыг шүүхэд өгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Өмнө нь хоёр ч удаа хойшилсон шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд өглөө 09.30 цагаас болох тов гарсан байна. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн нь “Сентерра гоулд Монголия”   “Пураам”   компанийн үйл ажиллагаанаас болж Буданчийн голыг даган нутагладаг иргэд эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчин ихээр бохирдсон. Энэ бүхний үндсийг Засгийн газар тавьсан гэж үзээд шүүхэд өгсөн юм. Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны сүүлчээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Буданчийн голын ус, хөрснөөс дээж авч Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд Мышъяк буюу хүнцлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их гарсан гэх баримтыг дэлгэсэн. Хүнцэл нь металл биш боловч хүн, байгальд учруулах хортой нөлөө нь хүнд металлуудтай төстэй байдаг аж.  Мөн тус хөдөлгөөнийхөн Буданчийн голын голдиролд зургаан мянган тонн цианит алдагдсан. Үүнээс үүдэн тус бүс нутагт Хонгор суманд тохиосон гашуун түүх давтагдах гэж буйг анхааруулж байв. Гэвч орон нутгийн иргэд өөрсдөө ирж тодорхой мэдээлэл өгөөгүй тул асуудал тэгсхийгээд намжмал байдалд орсон. Түүнчлэн Засгийн газрыг шүүх хурал шалихгүй шалтгаанаар удаа дараа хойшлоод байсан юм. Энэ хугацаанд Засгийн газар болон хэрэгт холбогдоод байгаа уул уурхайн компаниуд хөдөлгөөнийхний эсрэг хариу үйлдлийг хангалттай хийсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Сентерра гоулд Монголия”, “Пураам” компанийн удирдлага “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг өмч хөрөнгөд халдаж, галт зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчний байгууллагад шалгуулахаар өгсөн юм. Мөн тэднийг Монголын нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасуулж амжсан. Харин иргэний хөдөлгөөнийхөн мөчөөгөө өгөлгүй өнөөдрийг хүртэл Засгийн газартай “үзэлцсээр” л байна. Анх өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд Засгийн газарт иргэний хэрэг үүсгэхээр  Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэдний нэхэмжлэлийн агуулга нь “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги,  Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” гэсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Шүүхийн шүүгч Н.Оюунтуяа Иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзсэн захирамжийг аравдугаар сарын 28-ны өдөр гаргасан юм. Иргэний хэргийг хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэх хуулийн хугацаа ёсоор бол 12 сарын 28-ны дотор хэргийг шүүх хянан шийдвэрлэх ёстой байв. Гэвч өнгөрсөн сарын 17-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болох ёстой байсан шүүх хуралд хариуцагчаар оролцох ёстой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан “Орон нутагт томилолтоор яваа” гэх шалтгаанаар хойшилсон юм. Харин өнөөдөр шүүх хурал хойшлох ямар нэгэн шалтгаан байхгүй. Бидний зүгээс нэмэлт баримт бүрдүүлж өгсөн гэх мэдээллийг иргэний хөдөлгөөнийхөн өгч байна. Хэрэв аль нэг тал нь шүүх хуралд ирэхгүй юм уу, өөр ямар нэгэн байдлаар шүүх хурлыг хойшлуулахгүй бол Засгийн газар гадны компаниудтай нийлж, иргэдээ хохироож, байгаль орчин сүйтгэсэн үү, эсвэл иргэний хөдөлгөөнүүд асуудлыг дэвэргэж, дэмий шоудсан уу гэдгийн бодит хариуг авна гэсэн үг. Ер нь Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс лоббидон байж батлуулсан “Урт нэртэй” хууль ихээхэн хэл ам дагуулж буй энэ цаг үед Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүх хурал болох гэж байгаа нь нийгмийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Хэрэв иргэний хөдөлгөөний талд шүүхийн шийдвэр гарч, Засгийн газар буруутан болж таарвал зөвхөн тухайн асуудалд бус, гүйцэтгэх засаглалд итгэх иргэдийн итгэл буурч, Засгийн газрын нэр хүнд унах аюултай. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л талаас нь хараад хэлэх тайлбар юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нэр хүнд унах нь сайд нарт аюултай болохоос нийгэмд аюултай биш. Харин ч үндсэн үүргийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулсан Засгийн газартай гэдэг нь тогтоогдвол олон нийтэд ашигтай. Яагаад гэвэл сүүлийн үед уул уурхай, байгаль орчинтой холбоотой маргаан дэгдэхэд чухам хэн буруутай нь, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болчихоод байгаа. Энэ утгаараа иргэний хөдөлгөөн, Засгийн газар хоёрын учрыг олж, хужрыг тунгаах шүүх хурал анхаарал татаж байгаа юм. Өмнөх шүүх хуралдаанууд заалны багтаамж муутай, олон нийтэд хаалттай болж байсан бол иргэний нийгмийнхний шаардлагаар энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулахаар болсон байна.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж