
Тэр цагаас хойш 66 жил өнгөрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Труманы удирдлага дор Японы Хирошима, Нагасаки хот руу “Бяцхан жаал” ба “Бүдүүн эр”-ийг илгээсэн нь 1945 оны наймдугаар сар. Хирошима хотноо атомын бөмбөг хаях үед 140 мянган хүн амиа алдаж, Нагасаки хотод 80 мянган хүн үрэгдсэн нь хүн төрөлхтний гашуун түүх. Харин одоо жирийн бизнесмэний гэр бүлд төрсөн, хүнд сурталтай хатуу тэмцэгч Наото Каны эрин үед гай гамшиг дахин тохиогоод байна. Япон оронд усан галав юүлж, ард иргэд нь цацраг идэвхт бодист хордон Наран улсын тэргүүн бөхийлөө.
Кан эрхэм ард түмнээ “Аминаас илүү амь” хэмээв. Өнчирч хоцорсон хүүхдийн нулимс, өвгөдийн шаналал, гамшигт өртсөн хүмүүсийн амь Наран улсын 94 дэх Ерөнхий сайдын хувьд, цохилох зүрхнээс нь эрхэм аж. Үнэхээр ч нэр хүнд нь сэвтээгүй, үнэнч, зарчимч хэмээх япон үнэлэмжээр Ерөнхий сайдын сэнтийд 2010 оны зургадугаар сарын 4-нд заларсан тэрбээр өнгөрсөн мөч бүхэнд хатуухан сорилттой тулгарч байв. Түүнд халаагаа шилжүүлсэн Юкио Хатояма Окинава арал дахь Америкийн “Футтэма” тэнгисийн явган цэргийн баазыг Хэноко дүүрэгт нүүлгэн шилжүүлэх амлалтаа биелүүлж чадаагүйн улмаас албан тушаалаасаа огцорч байсан түүхтэй.
Тэгвэл ноён Каны өмнө Курилын арлуудыг оросуудад алдахгүй байх, “Гуравдагч зам”-аар улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийх, Хятадтай хийх эдийн засгийн “дайн”-д ялалт байгуулах, авлигатай тэмцэх, АНУ-тай цэргийн уян хатан бодлого явуулах бодит шаардлага тулгарсан юм.
Японыг нэрвэсэн усан галав дэлхийн эдийн засгийн “Цунами” болон хувирлаа. Номхон далай хилэгнэхээс өмнөхөн сонгуулийн кампанит ажлын үеэр Өмнөд Солонгосын иргэнээс 250 мянган иений хандив авсан, Оросын далбааг урахад япончуудыг уриалсан явдалд буруутгагдаж Ерөнхий сайдын албанаас огцрохдоо тулаад байсан Наото Канд эх орноо үсрэнгүй хөгжилтэй нь, ард түмнээ элэг бүтэн амьдралтай нь аварч үлдэх үүрэг оногдов. Тиймээс гамшигт нэрвэгдсэн газруудад өөрийн биеэр очиж, Фукушимад онц байдал зарлан ард иргэддээ цацраг идэвхт бодисын аюулыг сэрэмжлүүллээ. Түүний тэргүүлж буй Засгийн газар газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд сургалт явуулж, хоргодох байр олноор бэлтгэх зэрэг наад захын арга хэмжээнүүдийг сайтар авсны хүчинд Япон орон тайван байна гэж үзэх хүмүүс ч бий.
“ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өмнөд Курилын аралд айлчилсан нь хоёр орны дипломат харилцаанд сэв суулгасан харамсалтай үйл явдал” хэмээн Наран улсын Ерөнхий сайд мэдэгдэж байв. “Сэнкаку арал бол манай улсын газар нутаг. Японы газар нутагт зөвшөөрөлгүй “халдсан” хэнийг ч бид саатуулан шалгах үүрэгтэй. Уг арал дээр зорчсон Хятадын далайчдыг саатуулсныхаа төлөө уучлалт гуйж, нөхөн олговор олгох ямар ч үндэслэл байхгүй” хэмээн тэр хэдхэн сарын өмнө мэдэгдэж байв. Харин үүний хариуд оросууд “Улсын Ерөнхийлөгч газар нутгийнхаа хаана хөл тавихаа япончуудаар заалгахгүй” хэмээн хатуухан үг хэлсэн бол ноён Зэн Зябао нэгэнтээ “Дайны үеэр би Японы цэргийн эрхтний нохойд хазуулсандаа одоо ч шазуур зууж явдаг” гэсэн нь бий. Тэгвэл өнөөдөр Японы эмгэнэл дэлхийн эмгэнэл болоод байна. Тэр тусмаа 2001 оны есдүгээр сарын 11 ба 2011 оны гуравдугаар сарын 11 хэмээх хуанлийн мөчлөг америкчуудыг Наран улсын төлөө залбирахад хүргэв. Япончууд тэртээх он жилүүдэд тус улсын зүрх болсон Сувдан эрэгт гэнэ алдуулан халдаж, америкчууд Наран улсад цөмийн халдлага үйлдсэн түүхэн хар толбо энэ өдрүүдэд бүдгэрч байна. Улс гүрнүүд Японтой холбоотой өнө эртний хар түүхт хуудсыг “хааж”, дэлхийн хөгжлийн нэрийн хуудас болсон энэ орны төлөө ард түмэнтэй нь зүрхний хэмнэл нийлүүлж байгаа билээ.
“Ард түмнээ би амь насаараа аварна”. Өдгөө 65 настай ноён Каны хэлсэн энэ үг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг уяраан “Манай улсад тулгарсан бэрхшээл Японд нүүрлэсэн гамшгийн дэргэд юу ч биш” хэмээн хэлэхэд хүргэж, Хятадын дарга Ху Жинтаог эдийн засгийн “өсөрхөл”-өө намжаахад хүргэсэн юм. Харин эрч хүчтэй, ард түмний шүүмжлэлд төдийлөн өртөөгүйгээрээ Ардчилсан намынхныхаа улс төрийн итгэл найдвар болсон ноён Каны зүг дэлхий нийт ширтэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Япон улс Наото Каны удирдлага, зүтгэл дор дахин сэргэн мандана” хэмээсэн нь ер санаандгүй хэлсэн үг биш билээ. Зөрүүд, багагүй хэдэр ёдор зантай гэмээр ноён Кан уу. Тэр одоо хаа нэгтээ элэг нэгтнүүдээ аврахаар ханцуй шамлан зүтгэж яваа даа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин