”Намайг АМГ-ын даргаар томилоогүй шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

”Намайг АМГ-ын даргаар томилоогүй шүү дээ”

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед та­ныг хэвлэлээр “Монгол­росц­вет­мет нэгдэл” ХХК-д ерөнхий гео­логчоор ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан ашигт малт­малын ихээхэн нөөц бүхий газруудыг өөрийн нэр дээр болгосон. Улмаар энэ хэрэг нь илэрсэн ч хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх нэрийдлээр авч хэлэлцээгүй” гэж би­чих болсон. Энэ бүхэн та­ныг Ашигт малтмалын газ­рын даргын үүргийг түр ор­лон гүйцэтгэх болсонтой холбоотой юу?

-Энэ асуудал албан ту­шаал­тай холбоотой юу эс­вэл өөр зорилго байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. “М.Ариунбаярт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хуга­цаа нь дууссан” гэж яриад бай­гаа. Гэтэл энэ нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон ч хуулийнхаа үндэслэлээр хэр­гийг мөрдөн шалгах цаг хугацаа нь өнгөрсөн тохиол­долд хэрэглэдэг үг.  Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн үг шүү дээ. Гэтэл тухайн үед энэ асуудлыг зохих хууль хянал­тын байгууллагууд нь шал­гаад гэмт хэрэг биш гэдгийг нь албан ёсоор нотолж хэ­рэгсэхгүй болгосон. Тиймээс би энэ асуудалтай хол­боотой бүх нотлох баримтыг дэлгэсэн албан ёсны тайлбарыг ойрын үед өгөх бодолтой байна. Үндсэндээ миний талаар 1.5 жил нэг л асуудлыг тойрч ярьж, бичсэн. Сүүлдээ тэр нь ойлгомжгүй зүйл болж хувирах нь байна.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлт­сийн дарга Э.Амарбатыг танд холбогдох хэргийг шалгаж байх­даа нуун дарагдуулах оролд­лого хийснээс болж АТГ-ын удирд­лагууд түүнийг тагнаж, чагнасан. Гэтэл удирдлагууд нь буруутан болж, Э.Амарбат, М.Ариунбаяр хоёр албан тушаал дэвшсэн тухай мэ­дээлэл ч гараад байгаа шүү дээ. Та Э.Амарбаттай ямар холбоотой байсан юм бэ?

-Тийм мэдээлэл гараад байгаад би ч өөрөө гайхаад л сууж байна. Би Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нартай уулзаж үзээгүй. Бусад хүн шиг телевиз, сониноос л тэдний тухай мэдээлэл авдаг. Э.Амарбаттай нүүр тулан уулзаж үзээгүй. Шалгуулж байхдаа ч уулзаж байгаагүй, ер нь  огт танихгүй хүн шүү дээ. Тиймээс би Э.Амарбаттай хувийн болон хувьсгалын хэргээр уулзаж байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж чадна.

-Ингэхэд таныг Ашигт малт­ма­лын газрын даргын албан ту­шаалыг хууль бусаар хашиж байгаа гэсэн яриа гараад байгаа. Ингэхэд та яг одоогоор ямар үүрэгт ажлыг хийж байна вэ?

-Намайг Ашигт малтмалын газ­рын даргаар томилоогүй шүү дээ. Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан журмын дагуу ямар нэгэн хэрэгжүүлэгч агентлагийн дарга албан тушаалаасаа буусан тохиолдолд сон­гон шалгаруулалт явуулж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэ­лэлцэнэ. Дараагийн даргыг сонгон шал­гаруулах хүртэл салбарын сайд нь шийдвэр гаргаж даргын үүр­гийг түр орлон гүйцэтгэгчийг томи­лох ёстой гэсэн байдаг. Гэтэл “Салбарын сайд нь дур мэдэн агентлагийн даргыг томилсон” гэсэн мэдээлэл гадуур гараад байгаа юм билээ. Би сонгон шалгаруулалт явуулж агентлагийн даргыг томилох хүртэлх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүн. Сонгон шалгаруулалтын дараа шинэ дарга томилогдож ирэхэд би өмнөх албан тушаалаа хашина. Тэгээд ч би хуучин албан тушаалаа хашсан хэвээр байгаа.

-“Таныг энэ албан тушаалд очих нь анхнаасаа тодорхой болсон бай­сан. Геологи судалгаа, Уул уурхай, Нүүрс судалгааны хэлтэс гэж бай­саар байтал дахин Геологи, уул уур­хайн алба байгуулж шинэ орон тоо гаргаж өгсөн” гэх нь ч бий. Яагаад ийм яриа гарах болов?

-Энэ асуултад хариулахын тулд Геологи, уул уурхайн алба юу ха­риуц­даг вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй байх. Геологи судалгааны хэл­тэс бол улсын төсвийн хөрөнгө бо­лон хувийн хайгуулын ажлуудын геологийн талын мэдээлэл, үр дүнг нь нэгтгэх, чанарт нь үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хариуцдаг. Харин Уул уурхайн судалгааны хэлтэс уул уурхайн цогц үйл ажиллагааны тухай асуудлыг хамаардаг. Нүүрс судалгааны хэлтэс нь нүүрсний олборлолт, боловсруулалтын асууд­лыг хариуцдаг. Эдгээр хэлтэс явж явж бүгд л нөөцтэй холбогддог. Нөөц мөн үү, үгүй юү гэдгийг ярихын тулд эдийн засаг ярина. Эдийн засгийн тухай ярихын тулд уул уурхайн технологиудыг мэдэх ёстой.  Энэмэтчилэн дээрх хэлтсүүд яах аргагүй хоорондоо холбогдож таарч байгаа биз. Тиймээс эдгээр хэлтсийг хооронд нь холбож, зохицуулалт хийж, удирдлагаар хангах хэрэгтэй гэсэн үүднээс 2009 онд бүтэц зохион байгуулалтын өөрч­лөлт хийн Геологи, уул уурхайн албыг байгуулсан юм. Энэ албанд намайг санаандгүй томилсон гэж боддоггүй. “Монголросцветмет нэг­дэл” ХХК бол геологи, уул уурхайн ар­­вин туршлагатай байгууллага. Би “Монголросцветмет нэгдэл” ХХК-д уур­хайн геологичоос нь эхлээд ерөнхий геологич хүртэл нь ажиллаж байсан. Уул уурхайн салбарт хүдрийн, шо­роон орд болон нүүрсний уурхай гэсэн чиглэлээр л үйл ажиллагаа явуулдаг. Би “Монголросцветмет нэгдэл” ХХК-д ажиллаж байхдаа дээрх гурван ордын уул уурхайн ашиг­лалтын талаар хангалттай мэдээлэл­тэй болж чадсан. Цаашлаад энэ нь геологийн асуудалтайгаа хэрхэн нэгд­дэг гэдгийг ч мэдэж авсан турш­лага маань энэ албаны даргаар томи­логдоход нөлөөлсөн гэж бодож байна. Түүнээс биш даргын суудалд суулгах гэж надад зориулж шинэ ал­бан тушаал тусгайлан гаргасан зүйл байхгүй. Боломж ч үгүй. 

-Ашигт малтмалын газрын дэд дарга Геологи, уул уурхайн албаны даргаас илүү статустай. Гэтэл дэд даргыг нь алгасаад таныг даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон нь л ийм хардлагыг үүс­гээд байгаа байх гэж бодож байна?

-Би бол томилогдсон хүн. Тэгэ­хээр энэ асуултыг томилсон хүнээс нь асуух нь зөв байх.

-Ерөнхийлөгч Хайгуулын тус­­гай зөвшөөрөл олгохыг хориг­лосон. Энэ хоригийг үргэлжлүүлэх эсэ­хийг УИХ-ын нэгдсэн чуул­ганы хуралдаанаар өчигдөр хэ­лэлц­сэн. Та хоригийг цуцлаасай гэж бодож байна уу?

-Нэг жишээ дурьдъя. ОХУ-ын Эрдэс баял­гийн асуудал хариуцсан сайд бай­сан Козловскийн бичсэн но­мд “Геологийн судалгааны ажлыг уул уурхайн олборлолтын үйл ажил­ла­гаанаас хамгийн багаар бодоход 15 жилээс дээш хийх ёстой. Тэгэж байж тухайн улс орон эрдэс баялгийнхаа стратегийг хадгалдаг” гэсэн байдаг. Үүнийг л бид баримтлах ёстой. Энэ хооронд геологи судалгааны ажлыг хийдгээрээ л хийнэ. Тиймээс Ашигт малтмалын тухай шинэ хууль баталтал Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг үргэлжлүүлж байхад болно гэж үзэж байгаа. Энэ хооронд улсын төс­вийн ажлынхаа хэмжээг сайн нэ­мээд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа геологийн зураглалын ажлыг нэмэхэд судалгааны ажлын тактик алдагдахгүй байх гэж бодож байна.  Тухайлбал, Оюутолгойн ор­дын суурийг анх 20-30 жилийн өмнө илрүүлж байсан шиг бэлтгэлээ базаагаад явах ёстой юм.

-Гэтэл зарим хүн “Хайгуулын тус­гай зөвшөөрөл олгохыг хориг­лосон хоригийг цуцлах ёстой. Ил­рээгүй байгаа нөөцийг тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байгаа шүү дээ?

-Одоо мөрдөж байгаа Ашигт малт­малын тухай хуулиар бол нөөц тогтоосны дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийг шууд олгох эрх нь нээгддэг. Тиймээс Ашигт малтмалын тухай шинэ хууль баталтал хайгуулын тус­гай зөвшөөрлийг олгохгүй байх нь зүйтэй гээд байгаа юм. Шинэ хуу­льдаа ашиглалтын тусгай зөв­шөө­рөл олгохын өмнө бүх нөх­цөл, шаардлагыг нь тусгасан байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хай­гуулын тусгай зөвшөөрлийг олгох нь хоргүй. Нөгөөтэйгүүр хайгуулын тусгай зөвшөөрлийг яагаад олгохыг хориглоод байгаа вэ гэхээр тодорхой цаг хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг зориулалтаар нь бус дан ганц бизнесийн зорилгоор ашиглаж байсан. Энэ нь өнөөдөр ийм сөрөг талуудыг бий болгосон. Тиймээс энэ сөрөг талыг нийгэмд зөв ойлгуулах хүртэлх тодорхой хугацаанд алдагдал гарна. Гэвч энэ хугацааг ашиглаад засвар, сууриа сайн бэлтгээд нэг мөр ойлголттой болсныхоо дараа үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад боломж гарах байх аа. 

-Хайгуулын тусгай зөвшөөр­лийг бизнесийн зорилгоор ашиг­ла­даг байсан гэж борлуулах, шил­жүүлэхийг хэлээд байна уу?

-Шударгаар хэлэхэд хайгуулын ажил хийлгүй борлуулахыг л хэлээд байгаа юм.

-Ашигт малтмалын тусгай зөв­шөөрөл шилжүүлэх нэрийдлээр гад­ны компаниудад борлуулах нь ихэссэн. Ингэхдээ ихэнх тохиолдолд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд тусгай зөвшөөрөл авах сонирхолтой байдаг юм билээ. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажилладаг юм бэ?

-Тусгай зөвшөөрөл шилжүүлэх хү­сэлт Ашигт малтмалын газарт гар­гавал бид хуульд заасны дагуу ший­дэх үүрэгтэй. Нөгөө­тэйгүүр Ашигт малтмалын тухай хуульд хятадууд, канадууд тусгай зөв­шөөрөл авч болохгүй гэсэн заалт байхгүй учир шаардлага хан­га­сан материал аваад ирсэн то­хиолдолд бид шийдэж өгөх ёстой. Шийдвэрлээгүй тохиолдолд зохих хуулийн дагуу шүүхэд дуудагдана. Сүүлийн үед томоохон орд газруудын хэмжээнд хөрөнгө оруулагч орж ирж байгаа асуудлууд бий. Хөрөнгө оруулахын хэрээр компанийнх нь хувьцааг худалдаж авч байгаа нь ойлгомжтой. Энэ ч бас тусгай зөвшөөрлөө худалдаж байгаа нэг хэлбэр мөн. Гэтэл тэр компани тусгай зөвшөөрөлтэй байдаг. Тий­мээс тусгай зөвшөөрлийг зөвхөн шил­жүүлж байгааг борлуулж байна гэж үзэж болохгүй. Бусад төрлийн бизнест ч ийм үзэгдэл ажиглагддаг учир үүнийг би бизнесийн үйл ажиллагаа гэж үздэг. Гэхдээ хамгийн гол нь “Хэн худалдаж авч байна вэ” гэдгээс илүү Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг ягштал мөрддөг. Холбогдох татвараа төлдөг. Нийгмийн хариуцлагатай, хүний аюулгүй байдлын хамгаалалт сайтай, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх нь л чухал.

-Ардын намын Ерөн­хий нарийн бичгийн дарга Я.Сод­баатар, Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарыг улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон Шивээ-Овоогийн ордод хувийн компани үйл ажиллагаа явуулах эрхийг нууц гэрээний дагуу ол­госон гэсэн шуугиан дэгд­сэн. Ийм зүйл байж болох юм уу?

-2007 онд баталсан Ашигт малт­малын тухай хуулиар л дээрх шиг асуудлыг ярьж эхэлсэн. Түүнээс өмнө 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан. Тэгэхээр 2007 он хүртэл энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаниуд 2007 онд шинэ хууль батална гэж мэдээгүй. Тэр үед мөрдөж байсан хуулийн дагуу л хийж байсан үйл явцууд шүү дээ. Урд нь ямар хууль мөрдөж байлаа. Тэр хууль ямар зорилготой байсан, үүргээ биелүүлсэн үү гэдэг өөр асуудал. Дараа нь шинэ хууль батлахаар урд нь хууль байгаагүй юм шиг өөр талаас нь харуулаад байгаагаас ийм асуудал үүсээд байгаа юм. Тэгэхээр өмнөх хуульд юу гэж заасан байсан юм. Дараагийн шинэ хууль ямар болох юм бэ гэдгийг анхаарч зөв зохицуулж явах ёстой. Түүнээс биш 2007 оны хуулийг зөрчөөд стратегийн ордуудын тусгай зөвшөөрлийг олгоод байвал хууль зөрчсөн болно. Тэгэхээр холбогдох эрх бүхий бичиг баримтынхаа хүрээнд шийдсэн асуудал гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Р.Сарангоо


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж