Иран газрын тосны үнээ хямдруулав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Иран газрын тосны үнээ хямдруулав

Ираны газрын тосны экспортыг боомилж, АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд эдийн засгийн хоригоо чангатгаж байгаа боловч тус улсын газрын тосны экспорт зогсоогүй гэж шинжээчид бичиж байна. Гэвч үнийг нь бууруулж худалдаалж байгаа гэнэ. Ажиглагчдын бичсэнээр хямдралтай худалдаа хэдийн эхэлсэн аж. Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад сүүлийн хоёр сарын хугацаанд импортын хэмжээг эрс бууруулсан. Гэвч Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг эдийн засгийн хориг тавихыг Хятад эсэргүүцсээр байгаа юм. Бээжингийн эрх баригчид газрын тосыг хямд үнээр худалдаж авах гэрээ Ирантай байгуулж чадна гэж найдаж байгаа бололтой. “Rhodium Group”-ын ахлах эдийн засагч Тревор Хоусер "Энэ бол Бээжин сайн хүн болж харагдах гэсэн хэрэг биш. Харин газрын тосны үнэ туйлдаж унахад худалдаж авах гэж байгаа нь тэр” гэжээ. АНУ, Их Британийн эдийн засгийн хориг газрын тосны үнийг туйлдуулж байгааг Иран ойлгож байгаа. Газрын тосны экспортын том худалдан авагчдаа алдсан Иран үлдсэн ганц түнш Хятадад газрын тосоо хямд үнээр ч хамаагүй худалдахад бэлэн болжээ. Эдийн засагч Тревор Хоусерын таамаглаж буйгаар Иран газрын тосны үнээ 10-15 хувиар бууруулж, Засгийн газрын төсвөө багасгах бололтой. Тиймээс Ираны эсрэг явуулж буй импортын хоригоос шалтгаалж, газрын тосны үнэ өсөхгүй гэж тэрбээр бичжээ. АНУ Ирантай газрын тосны худалдаа хийдэг компаниуд, ялангуяа банкуудын АНУ дахь  бизнесийг хаах хориг тавьсан билээ. Гэвч хориг арга хэмжээ хараахан хэрэгжээгүй байгаа юм. Ираны газрын тосны салбарт тавьсан АНУ-ын хоригоос болж Ираны Засгийн газрын орлогын тэн хагас нь үгүй болох аж. Иран улс өдөрт 2.3 сая баррель газрын тос экспортолдог бөгөөд дийлэнх худалдан авагч нь Азийн орнууд. Харин дэлхийн улс орнууд өдөрт 89 сая баррель шатахуун зарцуулдаг. Ираны газрын тосны хоёрдахь том худалдан авагч Япон АНУ-ын ятгалгаас болж импортын хэмжээг бууруулах болсноо өчигдөр мэдэгдсэн. Иранаас газрын тос импортолдог Энэтхэг улс ч мөн импортын хэмжээг бууруулна гэдэг яриа гарчээ. Харин ирэх жилээс Европын холбоо, Өмнөд Солонгос Ираны нефтиэс татгалзаж магадгүй гэнэ. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Европын холбооны удирдагчдын  хүсч байгаа зүйл.  Тэд Ираны зузаан түрийвчийг хоослохыг хичээж байгаа боловч газрын тосны үнэ өсч, хяналтаас гарахаас бас айж байгаа. Иран газрын тосны экспортоо бүрмөсөн зогсоогоогүй ч үнийг нь бууруулж байна. Нефтийн шинжээчдийн үзэж буйгаар Барак Обамагийн засаг захиргаанд Ираны эсрэг явуулж буй хоригийг бүрэн хэрэгжүүлэх бодол байхгүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж