Н.Энхбаярыг хэн байцаах вэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг хэн байцаах вэ

Одоогоос нэг жил гаруйн өмнөхөн дөө, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас долдугаар сарын 1-ий хэргийн талаар мэдээлэл авсан тухай дуулиан хэвлэлийнхнийг хоёр хоног шуугиулж билээ.  Тэр тусмаа ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин байсан болохоор бүр ч хачирхалтай байлаа. Засгийн газарт ч, намын байгууллагад ч шадар явсан, тэр тусмаа цэрэг нь байсан Ө.Энхтүвшин, дарга Н.Энхбаяраа байцаана гэхээр инээдтэй, эгдүүтэй байсныг нуух юун. Тухайн үед Н.Энхбаяр одоогийнх шиг тод харагдаж, намын дарга энэ тэр гэж явсан биш. Ид нуувчиндаа байсан болохоор Н.Энхбаяртай юм бүхэн сонин, содон байв. Харин одоо тэрбээр хаана л бол хаана  сайн дураараа тухайн үед юу болсныг ярихад бэлэн болоод байна. Намаасаа гарчихсан, өөр  нам байгуулчихсан түүний хувьд айж, агшаад, барьцаалагдаж тэвдээд байх юм даанч алга. Энэ талаас нь харвал цээжний хонжоо хийж, өшөө авалт маягаар мэдүүлэг өгч мэднэ хэмээн сэжиглэх ч хүн цөөнгүй. Ямартай ч тэрбээр хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг өгөх нь тодорхой боллоо.  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын дарга Б.Галдаагийн хэлснээр шаардлагатай бол  түүний ярианд нэр дурьдагдсан хэнийг нь атугай ч татан шалгаж   тайлбар, мэдүүлэг авах нь. 

Долдугаар сарын 1-ий үймээнтэй холбоотой бүх үйл явдал эхнээсээ л хөшигний цаана байсаар ирэв. Тэр хөшгийг нээх гэж оролдсон бүхэн хад мөргөх шиг болдог. Тухайлбал, энэ талаар хамгийн түрүүнд, хүний эрх талаас нь дуугарч, ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсгийн ахлагч  Х.Тэмүүжин ч амаа хамхисан.  Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэр үед чуулганы нэгдсэн хуралдаанд орох замдаа  Ц.Мөнх-Оргил,  Ц.Нямдорж  болон Сү.Батболд нартай тааралдаад юу ч хэлээгүй хэрнээ чуулган дээр гэнэт хаалттай хуралдах санал гаргаснаараа үймээн даамжрах байсныг намжаасан хэмээн ярьж байсан. Тэрбээр “Одоо яанаа гэж ярилцаад л хуралдааны танхим руу орсон. Гэхдээ би юу хийх гэж байгаагаа хэнд ч хэлээгүй. Чуулган дээр гэнэт саналаа гаргаад, сөгөө авах завдал өгөлгүй дэмжигдсэн. Тэгээгүй бол бид Киргиз шиг болох байсан шүү. Хүмүүс тэгээд мартчих юм даа. Намайг тэр чуулганыг хаалттай явуулах санал гаргасны дараа олон хүн баяр хүргэсэн. Хэрэв нээлттэй хуралдсан бол УИХ доторх дажин гудамжинд гарах байсан. Учир нь тэнд сонгуульд ялагдаад хорссон баахан гишүүн байсан.  Тэд шууд мөргөлдөөнд уриалах гээд байсан. Хаалттай хуралдах болонгуут ард түмнийг мөргөлдөөнд дуудаж жүжиглэх тайзгүй болсон” хэмээн ярьсан байдаг. Мөн тэрбээр онц байдал зарлах үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт мессеж бичсэн гэдгээ ч үгүйсгээгүй юм. Тэгэхээр Н.Энхбаяр олон юмыг мэдэж байгаа нь тодорхой. Харин түүнээс алиныг нь, хэр зэргийг нь олон нийтэд задлах бол гэдэг л сонин байна. Бас Н.Энхбаярыг хэн байцаах бол. Магадгүй, шударга үнэний жишиг болсон хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөг, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын дарга Б Галдаа байцаавал бүр ч догь. Өнгөрсөн өдрүүдэд чухам юу болоод өнгөрснийг уудлаад гаргаад ирж чадах бус уу. Ийм хүлээлт, шаардлага яагаад байж болохгүй гэж.

Энэ дашрамд долдугаар сарын 1-ий үймээний талаар хуулийнхан хэзээ, юу хэлж байсныг эргэн санацгаая.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Би долдугаар сарын 1-ий үр дагаврыг арилгах ажлыг хийгээд үндсэндээ дуусч байна. Долоон сарын 1-ийг гол өдүүлэгсэд нь тавьтаргүй улстөрчид, улс төр сонирхогчид ч гээд хэлчихье. Эдний л өдүүлсэн хэрэг явдал шүү дээ.  Болсон юм нь бол улс  төрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхэлгүй хүмүүс хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулчихаад сүүлд нь түүнийгээ дийлэхээ байхаараа хөлгөө хаяад зугтсан л хэрэг явдал болсон биз дээ.  Үүний улс  төрийн хариуцлагыг асуух ёстой хүмүүсийн тоонд Ц.Элбэгдорж орно. Тэр О.Магнай, Ж.Батзандан хоёр орно. Д.Энхбат орно. Энэ үйл явдлыг ард түмэн харсан. Тэгээд сүүлд нь ичих ч үгүй бусдаас ял асууна. Харицлага асууна. Ийм юм болчихоод байхад шүү дээ. Хэрэв эд нар хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулж эхлээгүй бол өнөөдөр цагдаа нар хэрэгт орох байсан уу. Олон зуун цагдаа эрүүл мэндээрээ хохирох байсан уу. Таван хүн нас барах байсан уу. Үгүй шүү дээ. Ер нь намайг 2005 оны долдугаар сард эндээс явсны дараа дурын авгай цагдаагийн мөрдсийг хуулж шиддэг болоод хоёр жил гаруй болсон. 2006 оны хоёрдугаар сард МАХН-ын байрыг дайрч “эзэлсэн”. Энэ нь явсаар байгаад долдугаар сарын 1 болсон. Цагдаагийн мөрдэст гар хүрсэн тохиолдолд тэр дор нь хуулийн хариуг барих болно гэдгийг би харин хэлчихмээр санагдаад байна. Төр үүргээ гүйцэтгэ гэж гүйцэтгүүлчихээд дараа нь ялладаг ийм ёс байж болохгүй шүү дээ. Улс төрийн зорилгоор цагдаа руу дайраад байх шиг хэцүү юм алга байна шүү дээ. Асуудлыг хүндрүүлж байгаа юм энд л байна. /2010 оны дөрөвдүгээр сарын 15. “Үндэсний шуудан” сонин/

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын дарга Б Галдаа:

-Өмнө нь Н.Энхбаяр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байхдаа тайлбар өгч тэр нь хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Одоогоор  хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтооход чиглэсэн ажлыг л бид хийж байна. Түүнээс биш дээрээс хэн нэгэн эрх мэдэлтний өгсөн үүрэг даалгавраар ажилласан зүйл огтхон ч алга. Хэн нэгнийг хилсдүүлэх, буруутгах гэсэн зорилгогүй. Зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Одоо нэмэлт ажиллагаа явуулж эхлэхээр гинжин холбоо үүсч хэдэн ч хүн шалгагдахыг хэлж  мэдэхгүй. Дутуу шалгаж болохгүй. Буруу ажиллагаа явуулснаас зарим нэг нь хэргээс мултрах, эсхүл хэн нэгнийг хилсээр буруутгаж алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэмж ажиллагаа явуулах шаардлага гарвал  шалгахаас өөр аргаггүй. Хугацааны хувьд хэдийд хэргийг эцэслэн шийдэхийг хэлж мэдэхгүй. /2011 оны гуравдугаар сарын 11. “Ардын эрх” сонин/


УИХ-ын гишүүн Д.Одбаяр:

-Жишээ нь би манай намын байрыг хэдэн сайн эр шатаачихсан гэж боддоггүй. Цаана нь заавал хатгалга, дэмжлэг, захиалга байсан. Тодорхой хүний нэрийг хэлэх цаг ирнэ гэж л боддог шүү дээ. Гадаадын нэг “амьтан” бий. Түүнийг хэллээгээд мөнгө хөрөнгөө ийш тийш цацаад, Украин, Гүржээр тоглоод санаагаа амраачихсан хүнийг би энд яах юм бэ. Тэртэй тэргүй  мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. /2010 оны арванхоёрдугаар сарын 15. “Улс төрийн тойм” сонин/

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хошууч генерал Л.Гарамжил:

-Цагдаагийн албан хаагчдын тухай хуульд зэвсэг хэрэглэхээр бол хэн нэгнээс даалгавар авах бус яг тийм нөхцөлд хэрэглэнэ гэж тодорхой заасан байдаг. Эндээс л цагдаа ямар үед галт зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болно. Ер нь долдугаар сарын 1-ий тэр үед ЦЕГ-ын дарга нь томилогдоогүй байсан. Ч.Амарболд генерал үүрэг гүйцэтгэж байсан. Түүнийг дээр тэгж удаан хуралдахдаа оролцуулж байхаар комиссын гишүүний хувиар жинхэнэ удирдлагыг гарт нь өгөхгүй хэчнээн цаг уясан билээ дээ. Монгол даяар л хараад сууж байсан шүү дээ. Уг нь Ч.Амарболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай хуралдах биш, жинхэнэ ажлаа хийх ёстой байсан. Цагдаа хүчгүй, зориггүй гэж яриад байна. Зориуд тийм болгосон юм уу. Эсвэл хүчин мөхөстөж буй тэр байдлыг нь харахгүй байсан юм уу. Энд нэг ийм юм  бий. Зарим хүн “Энэ бол зүгээр л аяндаа үймээн дэгдээд тийм явдал болсон” гэж ярьдаг. Түүн шиг худлаа юм байхгүй. Ямар нэг шууд зохион байгуулалттай болсон. Их хэмжээний хөрөнгө хаясан. Магадгүй, гаднаас нүүж ирсэн хар үүлний дунд нь тортог байсан. Тэр тортог нь юу ч байж болно. МАХН-ын байрыг хэн галдаж байгааг нь бүгд харж байсан шүү дээ. Би очиж галдана, чи тэгээрэй гэж урьдчилж ярина гэж байхгүй. Аяндаа уулын уруу үхэр чулуу өнхрүүлэхэд замдаа байгаа бүхнийг хага цохиод өөрөө нэг чулуутай мөргөлдөөд бутарч алга болдог шүү дээ. Тийм л юм болсон. Тэр хавьд тийм чулуу байхгүй. Урд талын цэцэрлэгийг ухаад ч гарахааргүй тийм чулуу зөндөө байсан. Сав саваар шатах шингэн ирж байлаа. Хэрэв надад үүрэг байсан бол эзнийг нь олох гэж зүтгэнэ ээ. Боломжтой. Хүсэхгүй л байхгүй юу. Ийм үймээн цаашид давтагдах уу гэвэл  “Ү”-гүй гэх газаргүй. Хэчнээн хурц гэрэл гарна, төчнөөн тод сүүдэр тусна гэдэг шүү дээ.Хэлбэр нь өөр байх болов уу гэж таамаглаж байна. /2010 оны наймдугаар сарын 14. “Улс төрийн тойм” сонин/

ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл:

-Өнгөрсөн хугацаанд хэрэг шалгаж дуусаад би 25 хавтаст хэрэгтэй танилцсан. Мөрдөн байцаалтын нууц учраас энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Гэхдээ эдгээр хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан хүний хувьд нэг л зүйлийг хариуцлагатайгаар хэлж чадна. Цагдаа байлдааны сум хэрэглээд хүний амь насыг хохироосон гэх үндэслэл ямар ч байсан өнгөрсөн хугацаанд тогтоогдоогүй. Дээр нь нийгэмд нэг эрэлт, хүлээлт бий. Хэн тушаал өгөв? Хэн гүйцэтгэв? Гэсэн асуултуудыг нээлттэй орхисон. Эдгээр асуултын хариуг хүн бүр өөрийн таамгаар бий болгосон хүнээ зохион байгуулагч нь, гол баатар нь гэж харддаг. Энд бид нэг юмыг бодох ёстой. Тэр өдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол маш хэврэг болчихсон байсан. Шилтэй зүйрлэвэл хагарахад бэлэн болоод цуурчихсан байсан юм шүү. Гэтэл цуураад эхэлчихсэн тэр шилийг хагалахгүйгээр бүтэн авч үлдсэн хүмүүс нь хэдэн бор цагдаа юм шүү. Тэр өдөр төр, засгийн байгууллага руу халдана гэсэн мэдээлэл, ард иргэдийн наад захын амьжиргаатай холбоотой эрчим хүчний сүлжээг дэлбэлэх гэж байна гэсэн мэдээлэл тархсан байдаг юм. Дээр нь тодорхой хувь хүмүүсийн амь насанд халдах үйлдэл ч гарах байсан. Хаа очиж цагдаагийн байгууллага маш цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр үүргээ нэр төртэй биелүүлж үймээнийг тараасан. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын гаргасан “Онц байдал зарлах” шийдвэрийг зөв, буруу гэсэн шүүмжлэл олонтаа гарч байсан. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд “зөв байсан” гэж үзсэн. Одоо дахин энэ тухай ярихгүй. Хамгийн гол нь бид энэ үйл явдлаас цаашид манай тусгаар тогтнол бол хэн ч халдашгүй бат бэх биш юм байна шүү. Хэн нэгний захиалгаар, улс төрийн үймээн дэгдэж болдог юм байна гэсэн сургамжтай үлдэх ёстой. Монголын цагдаад ажил амьдралын гараагаа эхлээд даргыг нь хүртэл хийхдээ энэ хүн ингэж хэлмэгдэн, хэрэгт тулгагдаж ийм байдалд орно чинээ санаагүй л болов уу. Цагдаагийн байгууллагынхан энэ тухай ярьдаггүй, ямар ч хүнд байдалд орсон бодит байдлыг үнэн зөвөөр нь хэвлэлд бичүүлчих юмсан гэж боддоггүй. Тэдэнд бусдад гоё харагдах, таалагдах шаардлага байхгүй. Гэтэл түүнийг нь ашиглаад хүн бүр хүссэнээрээ ярьж тайлбарлах гэж оролддог. Өнгөрсөн хоёр жилд улс төрийн аль ч нам, хүчин, улстөрчдөөс надтай болон миний үйлчлүүлэгчид хандаж уулзаж байгаагүй. Энэ хэргийг хэрхэн үнэн зөв шийдвэрлэхээс цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд ихээхэн шалтгаална. Цагдаа гэдэг чинь өөрөө төрийн дархлаа шүү дээ. /2010 оны арванхоёрдугаар сарын 15. “Улс төрийн тойм” сонин/

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж