Хүндэтгэлийн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн хуралдаан болно

Өнөөдөр шинэ ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойн өдөр. Уг ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр Төрийн ордны их танхимд хийх юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцоно.

Түүнчлэн хорин жилийн тэртээ Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүд 76 хоногийн турш мэтгэлцсээр Үндсэн хууль баталж байсан уг танхимд эцэг хуулийг эх барилцсан 400 гаруй депутатаас амьд сэрүүн буй 300 гаруй хүн 21 аймаг, нийслэлээс цуглан, Хүндэтгэлийн хуралд оролцох гэж байна. Тэдэнд Үндсэн хууль тогтоогчдын медалийг өчигдөр гардуулан өгсөн юм. Улаан дэвсгэр дээр алтан соёмбо бүхий уг медалийг ихэнх депутат тухайн үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүний төрийн далбааны дүрстэй тэмдэгтэйгээ хослуулан зүүсэн харагдана лээ. Депутатууд дотор есөн эмэгтэй байсны долоо нь хүрэлцэн ирээд байгаа аж. Тэднийг төр, засгийн удирдлагууд жич хүндэтгэн хүлээн авч уулзсан юм. Депутатууд өнөөдөр Хүндэтгэлийн хуралд оролцохоос гадна 11.00 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Харин 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулж, зарим хүмүүст шагнал гардуулах аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж