”70 жил гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

”70 жил гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй”

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “MCS гэж Хятадын тал нь 75 хувь байдаг хамтарсан компани Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээг 70 жилээр байгуулахаар асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэж мэдэгдсэн нь өнөөдөр ч дуулиан дагуулсан хэвээр байна. Учир нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын хийгээд Тогтвортой байдлын гэрээнүүдийг байгуулж ирсэн ч 70 жилээр хийсэн нь үгүй. Мөн энэхүү 70 жилийн гэрээг байгуулснаар тус компанийн хувьд татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэсэн тайлбар ч дагах болсон. Харин MCS –ийн салбар болох “Энержи ресурс” компани үнэхээр Монгол Улсын Засгийн газартай 70 жилийн Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар болсон уу, мөн энэхүү гэрээг байгуулснаар татварын хөнгөлөлт эдлэх гээд байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдэг талаар бид “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс тодруулсан юм.

-Сайд Х.Баттулгын мэдэгдэл үндсэндээ сенсааци тариад байна. Ямархуу утга агуулгатай гэрээг танайх Засгийн газартай байгуулахаар зөвшилцсөн юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу. 70 жил гэдэг бол маш урт хугацаа шүү дээ?

-“Энержи ресурс” компани бол уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монголын үндэсний компаниудын нэгдэл. Асар их хөрөнгө шаардсан эрсдэлтэй төсөл хэрэгжүүлж байгаа. Гол зорилго нь үндэсний компаниуд юу бүтээж чаддаг юм бэ гэдгийг харуулъя гэж зорьж 2008 онд төслийг эхлүүлсэн. Энэ хугацаанд олон зуун мянган монгол залуучуудын хүчээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тухайлбал, Монголдоо анхдагч болсон нүүрс баяжуулах, угаах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Монгол инженерүүдийн гараар цахилгаан станц, усан хангамжийн шугам байгуулсан. Мөн 245 км-ын хүнд даацын авто тээврийн замыг 2011 онд ашиглалтад оруулсан. Уул уурхай гэдэг өөрөө эрсдэл дагуулсан салбар. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуульд  төсөл хэрэгжүүлэгч талд Тогтвортой байдлын гэрээ байгуулах боломжийг олгосон байдаг. Мөн хуульд зааснаар хөрөнгө оруулалтын хэмжээнээсээ хамаараад тухайн гэрээг 30 хүртэлх жилээр хийж болдог. Тэгэхээр сайд Х.Баттулгын мэдэгдэлд дурдагдсан 70 жил гэдэг тоо хаанаас гарч ирснийг  тайлбарлаж чадахгүй. Хуулийнхаа хүрээнд 30 хүртэл жил гэж заасан байдаг. Та бүхэн мэдэж байгаа, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулсан. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай хэд, хэдэн компаниуд Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээг байгуулж байсан. Харин энэ удаад үндэсний компани өөрөө эрсдлээ даагаад, хөрөнгөө “босгоод” бүтээн байгуулалтад оролцоод явъя гээд хуульд заасны дагуу Тогтвортой байдлын гэрээг байгуулах ажлыг жил гаруй хугацаанд ярьж байна. Гэрээний утга учир бол бид ямар нэгэн байдлаар татварын хөнгөлөлт эдлэх гээд байгаа юм биш. Одоогийн татварын орчинг тодорхой хугацаанд тогтворжуулах болохоос биш өөрчлөхгүй. Өмнө нь хэд, хэдэн гадаадын компаниуд уул уурхайн салбарт ийм гэрээ байгуулж байсан шүү дээ.

-Гэтэл энэ асуудал зөвхөн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр л сөхөгдлөө. Тэгэхээр их нууцалж байсан болж таарах нь уу даа?

-Бидний хувьд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийнхэнтэй өнгөрсөн хэдэн сарын турш хэд, хэдэн уулзалт хэлэлцээр хийж явсан. Нэг өдрийн дотор санаачлаад гаргаад ирсэн зүйл биш. Нууцалсан зүйл ч байхгүй, 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар хөрөнгө оруулалт 500 гаруй сая ам.долларт хүрсэн. Ийм том хөрөнгө оруулалтыг хийж байгаа учраас Тогтвортой байдлын гэрээ байгуулах хууль эрх зүйн орчныхоо хүрээнд л ажиллаж байгаа хэрэг. Энэ далимд нэг зүйлийг онцолж хэлье, үндэсний компани хөрөнгө оруулалтаа хийгээд бүтээн байгуулалтын ажил хийгээд явж байхад Хятад компани гэж цоллосон нь энэ их бүтээн байгуулалтад оролцоод явж байгаа олон зуун монгол залуусын хөдөлмөрийг үнэлээд явдаггүй юм аа гэхэд улстөрийн тоглоомд ашиглаж битгий харлуулаач ээ гэж хүсмээр байна.

-“Энержи ресурс” нь Засгийн газартай энэхүү Тогтвортой байдлын гэрээ байгуулснаар ирээдүйд байгуулагдах охин компаниуд нь татвараас чөлөөлөгдөх боломжтой болно гээд байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ирээдүйд бий болох бүх охин компаниуд нь татвараас чөлөөлөгдөнө гэсэн юм яригдсан байсан. Тийм асуудал байхгүй. Хуулиараа бол Тогтвортой байдлын гэрээг лиценз эзэмшигч компани хийдэг. Лиценз эзэмшигч компани нь “Энержи ресурс”. Манай “Энержи ресурс” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Ухаа худгийн төсөл дээр ажиллаж байгаа цахилгаан станц, угаах үйлдвэр, сая баригдсан авто зам Ухаа худгийнхаа үйл ажиллагаатай холбогдсон 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд л хамаарна гээд хуулийнхаа хүрээнд л явж байгаа. Ийм тодорхой зүйлийг буруу ойлгов уу эсвэл мушгиад байна уу, “Ирээдүйд байгуулагдах охин компаниуд хамрагдана” гэдэг юм яриад байх шиг байна лээ, тийм зүйл огт байхгүй.

-Бас шинээр бий болох татвараас чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалтыг Тогтвортой байдлын гэрээгээр баталгаажуулах гэж байна гэсэн?

-Гэрээний утга учир тэр шүү дээ, Татварын орчинг тогтворжуулна гэдэг нь. Одоо бол 25 хувийн татвар байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татвар, НӨАТ, Импортын татвар гээд тэр бүгдийг тогтворжуулж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэдэг бол одоогийн татварын орчинг тогтворжуулна гэдэг утгаараа одоо мөрдөгдөж байгаа татварыг төлөөд явна л гэсэн үг. Өмнө нь хийсэн гэрээнүүд ч ийм хууль л мөрддөг.

-Түүхий нүүрс экспортолсон нөхцөлд татвар ногдуулахгүй байх боломжтой юу?

-“Энержи ресурс” компанийн хувьд түүхий нүүрсээ тэртэй тэргүй баяжуулна. Энэ оноос  хойш түүхий нүүрс экспортлохгүй, дандаа баяжуулсан нүүрс гаргана гэж ойлгох хэрэгтэй. Тэр утгаараа түүхий нүүрсэн дээр татвар төлөхгүй гэхгүй, тэртэй тэргүй баяжуулсан нүүрс гаргах болохоор.

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцээ болов уу?

-Бидний зүгээс авсан мэдээлэл алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх талаар дараалал гарсан байдаг. Түүнд бол байхгүй байсан, тэгэхээр хуралдаанаар авч хэлэлцээгүй л болов уу.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж