Атомын бөмбөгийн эсрэг бөмбөг

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Атомын бөмбөгийн эсрэг бөмбөг

Өнгөрсөн лхагва гаригт болсон дэлбэрэлтээр Тегераны технологийн их сургуулийн профессор, Натанзийн цөмийн байгууламжинд ажилладаг цөмийн физикч амь үрэгдэв. Үүнээс өмнө дэлбэрэлтээр хоёр цөмийн физикч алагдсан байлаа. Ираны эрх баригчид энэ террорт Израилийн тусгай албаныхныг буруутгаж байгаа юм.

Тегеран хотноо Технологийн их сургуулийн профессор Мустафа Ахмадирошан алагдлаа. Тэсрэх төхөөрөмжийг түүний машины хажуугаар өнгөрсөн мотоциклтай хүн бүхээг дээр нь тавьжээ гэж Fars агентлаг мэдээлэв. Ираны нийслэлийн хойд хэсгийн Голь-Наби гудамжинд уг хэрэг гарсан байна. Иранд угсардаг  Peugeot 405 машинд профессорын хамт хоёр хүн явсан бөгөөд тэд шархадсан байв.

Амь үрэгдсэн Ахмадирошан нь Ираны цөмийн эрчим хүчний байгууллага уран баяжуулах үйлдвэрлэл явуулдаг Натанзе дахь цөмийн төвийн нэг албыг толгойлж байлаа. Ираны цөмийн физикчдийн амь насанд халдаж байсан схемээр энэ удаагийн аллага хийгдсэн байв.

2010 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр мотоциклтэй үл таних хүмүүс цөмийн физикч Межид Шахриари ба Шахидын их сургуулийн  профессор Бехешти Ферейдун Аббаси Давани нарын машины бүхээгт тэсрэх төхөөрөмж тавин амь насанд нь халдсан байлаа. Энэ довтолгооны явцад нейтроны туяаны чиглэлээр Цөмийн эрчим хүчний байгууллагад ажилладаг Шахриари үрэгджээ. Аббасид зориулагдсан бөмбөг түүнийг хөнгөн шархдуулсан байжээ. Хожим Аббаси Ираны цөмийн байгууллагыг толгойлох болсон байна. Ираны хэвлэл мэдээлэл Шахририйн үхлийг үзэл бодлынхоо төлөөх “тарчлаант” үхэл гэж зарласан байв.

Энэ бүгдээс арван сарын өмнө алсын зайн удирдлагатай бөмбөг дэлбэрсний улмаас өөр нэг цөмийн физикч амиа алдсан байлаа. Тегераны их сургуулийн профессор Массуд Али Мохаммади машиндаа суусны дараа машины дэргэд тавьсан мотоциклд бэхлэгдсэн тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Али Мохаммади нь Тегераны их сургуульд нейтроны судалгаа хийдэг байсан ба харин цөмийн хөтөлбөрт хамаатай эсэх талаар яригдаагүй байлаа.  Хоёр сарын дараа нь Ираны эрх баригчид уг аллагын буруутнаар Израилийн тагнуулын алба Моссадыг  нэрлэсэн байв. Иранд Израилийн тагнуулын том сүлжээг илрүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. 

Тегераны Технологийн их сургуулийн аспи­рант Дариуш Резаинежадыг 2011 оны зургадугаар сард буудан хөнөөснийг бас сэжигтэй үхэл гэж үздэг. Төрийн хэвлэл нь түүнийг цөмийн фи­зикч гэж бичиж байсан бөгөөд харин сүүлд тэр цахим төхөөрөмжөөр цол хамгаалах гэж байжээ. Израилийн сонинууд түүнийг тагнуулын эх сур­вал­жийн мэдээний дагуу Ираны ирээдүйн атомын бөмбөг бүтээхээр ажиллаж байсан хэмээн бичсэн байв.

Хачирхалтай байдлаар 2007 оны нэгдүгээр сард Ширазын их сургууль ба Тегераны техно­логийн дээд сургуулийн шинжлэх ухааны ажилтан Ардешир Хосейнпур алагдсан байна. Тэрээр 2005 оноос Исфаханы цөмийн судалгааны төвд ажил­лаж байжээ. Иран түүний үхлийг долоо хоногийн дараа гарган хэлэхдээ ахуй хийн алдагдалд хордсон гэж байв. Ираны удирдлагууд өөрсдийн цөмийн физикчдийг амьд сэрүүн, харин Хосейнпур цөмийн хөтөлбөрт ажиллаагүй гэсэн билээ.

Хожим Ираны физикчдийг устгасан нь Тель-Авив ба Вашингтоны цөхрөлийн илэрхийлэл хэмээн эрх баригчид нь хэлж байсан юм. Израилийг хамгийн сүүлчийн аллагын буруутан гэж бас энэ удаа Иран хэлж байна. “Бөмбөг нь соронзонтой бөгөөд өмнөх аллагуудад хэрэглэж байсан тэсрэх төхөөрөмжтэй адилхан. Ийм зүйлийг зөвхөн сионистууд л хийдэг” хэмээн Тегеран мужийн аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сафар Али Баратлу мэдэгджээ.

Өнгөрсөн жилийн долдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрт хамаатай эдгээр аллагын ард  Израиль зогсож байгааг Америкийн тагнуулын албаны өндөр тушаалтан хүлээн зөвшөөрсөн байв. “Энэ аллагад хамаатай эсэх талаар тэднээс асуух бүрт л тэд инээгээд та юу яриад байна. Огт ойлгохгүй байна” гэдэг хэмээн ярьжээ.

Ахмадирошаныг хөнөөсөн энэ хэрэг Тегеран ба Барууны ертөнцийн хоорондын зөрчил дээд зэргийн хурц байгаа  ээдрээтэй үеэр гарлаа. Өнгөрсөн жилийн сүүлчээр Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг шинэ илтгэл гарган Ираны  цөмийн хөтөлбөр энхийн гэдэгт эргэлзээтэй дүгнэлт хийсэн байв. Үүний дараа АНУ өөрийн талаас хориг арга хэмжээг Иранд тавьсан бөгөөд одоо Европын холбооны орнууд Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээ авахаар  зарчмын хувьд тохироод байна.

Үүний хариуд Тегеран пуужингийн харвалттай хээрийн сургууль хийгээд Ормузын булангийн усан тээврийн замыг хориг арга хэмжээ авсан нөхцөлд  хаана гэсэн юм. Барууныхан үүний хариуд хүч хэрэглэн хариу барина гэж мэдэгджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж