Дээрх 285 сая ам.долларын 188 саяыг нь Монголын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн хамтарсан нийгэмлэгт хөрөнгө оруулахаар, төмөр замын салбараа шинэчлэхээр шийдвэрлэсэн ч “Оросын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал В.Якунин уг мөнгөнийг авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн нь америкчуудаас арай ядан олж авсан мөнгийг нь буцаачих вий гэсэн төвөгтэй, хүндхэн байдалд монголчуудыг оруулсан. Гэхдээ америкчууд Монголд өгсөн буцалтгүй тусламжаа ямар нэгэн шалтгаанаар буцааж авахыг хүсээгүйн учир нь манай улсын ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах гэсэн чинь хүсэл нь байсан биз.
Монголын мянганы сорилтын сангаас өнөөдрийн байдлаар Хөрөнгийн эрхийн төсөл, Хот орчмын бэлчээрийн төсөл, Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Эрүүл мэндийн төсөл, Авто замын төсөл, Цэвэр агаар төслийг санхүүжүүлж байгаа бөгөөд нийтдээ 131,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх. Гэхдээ энэ мөнгө чухам ямар бодит хөрөнгө оруулалт болж чадсаныг утаагүй зуух тарааснаар тайлбарлахгүй л юм бол Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй төсөл хэрхэн хэрэгжив гэсэн асуултыг үлдээгээд байгаа юм. Яагаад гэвэл тус сангаас хэрэгжүүлсэн гэх ажлын жагсаалтад зарим нэг тодорхойгүй, үзэгдэж харагдаагүй зүйлүүд, тодруулбал хэзээ, хаана хэрэгжсэн, хэрхэн үр дүнгээ өгсөн нь мэдэгдэхгүй байгаа “Байгаль орчны менежментийн болон Барилгын аюултай хог хаягдлын менежментийн төлөвлөгөө” гэх мэтийн зүйлүүдийг багтаачихаж.
Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд шинэ, хуучин хэдэн машин тараасан, Хот орчмын бэлчээрийн төслөөр зарим аймагт хамтран ажиллах малчдыг сонгоод байгаа зэрэг жижигхэн ажлаас өөрөөр Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр боссон нэгээхэн ширхэг дорвитой бүтээн байгуулалт алга байгааг, хөтөлбөр хэрэгжиж дуусахад жил гаруйхны хугацаа үлдсэн, нийт санхүүжилтийнхээ тал хагасыг зарцуулчихаад байхад Америкчуудын өгсөн мөнгөөр монголчууд юу хийсэн юм бол гэсэн сониучирхал өөрийн эрхгүй төрөөд байна. Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй төслүүд хэрвээ жинхэнэ утгаараа хэрэгжиж чадсан бол магадгүй америкчуудын Монголын ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд гэсэн сэтгэл бас цаашдаа яагаа ч билээ дээ.
Монголын мянганы сорилтын сангаас төмөр замын төсөлд оруулах хөрөнгө оруулалт буцаагдаж, тэрхүү мөнгийг эргүүлэн алдахгүйн тулд Монголын Засгийн газраас авто замын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийтдээ 86 сая ам.долларын санхүүжилтэй уг төсөл нийт хөтөлбөр хэрэгжих хугацаа дуусахад тун ойртчихоод байхад эхлэлээ ч тавиагүй, Чойр-Сайншанд чиглэлд 176,4 километр, Улаанбаатар-Налайх чиглэлд 19,3 киломерт хатуу хучилттай авто зам тавих, мөн Туул гол дээр 288 метр гүүр шинээр барих ажил хэдийд эхлэх нь тодорхойгүй байна. Уг төслийг хэрэгжүүлэхээр 2010 онд тендер зарлаж Өмнөд Солонгосын “LIG” компанийг шалгаруулсан ч , тус компани юу ч хийгээгүй. Авто зам барих тендерийн ялагчдыг шалгаруулах тендер эхнээсээ будилаантсан, багагүй “но” орсон гэх шүүмжлэл тухайн үед тендерт ороод ялагдсан компаниудын зүгээс шидэлж байсан ч “унасан бөхөд шалтаг мундахгүй” хэмээн гоочилж суусан, одоо эргээд бодоход үнэний ортой байсан ч байж болох юм. Болоод өнгөрсөн үйл явдлыг өнөөдрийн цаг хугацаанаас эргэн дүгнэвэл шүү дээ. Ямар ч байсан Чойр-Сайншанд чиглэлд 176,4 километр, Улаанбаатар-Налайх чиглэлд 19,3 киломерт хатуу хучилттай авто зам тавих, мөн Туул гол дээр 288 метр гүүр шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр Монголын мянганы сорилтын сангаас 20 компанид тендерт оролцох урилга явуулаад байгаа гэнэ. Тэдгээрээс хоёр компанийг шалгаруулж, 86 сая ам.долларын санхүүжилттэй авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр одоогоор төлөвлөчихөөд байгаа гэсэн. Яагаад төлөвлөчихөөд байгаа юм бэ гэвэл энэ төсөл хэрэгжихгүй ч өнгөрч болзошгүй байгаа. Учир нь, 86 сая. ам долларын санхүүжилт Чойр-Сайншанд чиглэлд 176,4 километр, Улаанбаатар-Налайх чиглэлд 19,3 киломерт хатуу хучилттай авто зам тавих, мөн Туул гол дээр 288 метр гүүр барих ажилд хаана ч хүрэхгүй гэдгийг тендерт оролцохыг урьсан компаниудын зүгээс илэрхийлээд байгаа бөгөөд ам.долларын ханш өссөн, бараа бүтээгдэхүүн, материалын үнэ нэмэгдсэн гэдэг тайлбарыг тавьж байгаа аж. Тэгэхээр Монголын мянганы сорилтын сангаас санхүүжилсэн төсөл ерөнхийдөө, өөрсдийнх нь гаргасан тайлангаас харвал авто машин бэлэглэх, албан газрын засвар хийх, айл өрхөд утаагүй зуух тараах төдийхөнд л зарцуулагдаад өнгөрч байгаа бололтой дог. Монголын эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг багасгах, Улаанбаатарын утааны бохирдлыг бууруулах үндсэн зорилготой Монголын мянганы сорилтын сангаас санхүүжилж буй төслийн хэрэгжилтийг АНУ-ын татвар төлөгчид хэрхэн дүгнэх болоо.