Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

С.Батболд МАХН-ын дарга болов

Тахиа донгодоход үүр цайдаг нь зүй
тогтол мэт харагддаг боловч тахиа донгодсон учраас үүр цайдаг юм биш.
Гэвч зарим тахиа “Би донгодож байгаа учраас үүр цайж байна” гэж эндүүрэх
гээд байдаг. Тийм биш шүү…
Энэ бол өчигдөр болсон МАХН-ын бага
хурал дээр намын дарга С.Баярын намын даргын хувиар хэлсэн сүүлчийн үг.
Өчигдөр өглөө МАХН-ын дарга С.Баяр Удирдах зөвлөлийн хурлаа зарлан
хуралдуулж, намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан. Удирдах
зөвлөлийн гишүүд түүний энэ саналыг олонхийн саналаар хүлээж авсан тул
тэр намын бага хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ оруулсан юм. Түүнийг өнгөрсөн
оны арванхоёр­дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас Ерөнхий сайдын
үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тэр цагаас хойш л МАХН дотор намын даргын
албан тушаалын төлөө далдхан сунгаа явж, намын дарга Ерөнхий сайд байх
намын дүрмийн дагуу С.Баяр намын даргаа ч бас өгөх ёстой гэсэн шахалт
шаардлага явж ирсэн.

Гэхдээ энэ шахалт шинээр томи­логд­сон
Ерөнхий сайдын зүгээс биш, харин намын эрх мэдлийг С.Баярын гараас
салгаж авах гэсэн тодорхой хэсэг бүлгийн зүгээс тавьж байсан гэдгийг
хэлэх хэрэгтэй. Ялангуяа үүн дээр хамгийн ойлгомжтой, ил цагаан гарч
ирсэн хүн бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. 2009 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд ялагдсанаасаа хойш олны нүднээс далд, ууланд авирч, уулзалт
семинарт уригдсан шиг нам жим амьдарч байсан энэ эрхэм С.Баярыг Ерөнхий
сайдын ажлаа өгснөөс нь хойш “Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр
дэвшигчийн эсрэг ажилласан, нөхөн сонгуулийн үеэр ч намын олон нийтийн
үзэл бодлыг үл ойшоон намайг нэр дэвшүүлэхээс татгалзсан, ийм намын
даргад хариуцлага тооцохоос өөр аргагүй” гэхийн зэрэгцээ хэрэв намын
олон түмэн итгэл хүлээлгэвэл эргээд намынхаа төлөө зүтгэхэд бэлэн гэдгээ
удаа дараа, шалтгаантай шалт­гаан­гүйгээр хэлж байлаа. Тиймээс ч
МАХН-ын дарга С.Баяр өчигдөр бага хурлын гишүүдэд чөлөөлөгдөх үндэслэлээ
танилцуулахдаа “энэ нь хэн нэгний гуйлт, тэр тусмаа шахалт шаардлагаас
шалтгаалаагүй” гэдгээ нэлээд чинжүү үгээр илэрхийлсэн нь энэ.
 Харин
намын даргад Ерөнхий сайд С.Батболдын нэрийг дэвшүүлэхээр санал
болгохдоо МАХН-ын XXV их хурлаас намын даргаар сонгогдохдоо хэлж байсан
“асар их үүрэг хариуцлага ирж байгаа учраас үүнийг хэрэгжүүлэх эрх
мэдлийг өгөх”-ийг хүссэн тэр л үндэслэлээ гаргаж тавина лээ. Намын
даргад нэр дэвшигчийг “мэргэжлийн болоод төрөлхийн дипломат чанартай.
Зөвшилцлийг эрхэмлэдэг. Энэ чанар нь хоёр том намаас бүрдсэн хам­тарсан
Засгийн газрын үйл ажиллагааг үр ашигтай, тогтвортой явуулахад чухал
үүрэг гүйцэтгэнэ” гэж найдаж байгаагаа ч харамгүй хэлнэ лээ. Ялангуяа
түүний өөрийн эхлүүлсэн “таван төгөлдөршил”-ийн нэг байгалийн баялгийн
ашиглалтын төгөлдөршил эхлэл шатандаа яваа, эхний орд газрыг эргэлтэд
оруулж эхлээд байгаа энэ үед дараа дараачийн стратегийн орд газруудыг
эргэлтэд оруулах, эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хараат бус, шинэ
түвшинд гаргахад одоогийн Ерөнхий сайдын бизнесийн туршлага, улам бүр
глобалчлагдаж байгаа дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлээ мэдрэх
чадвар зайлшгүй чухал үүрэгтэй гээд үүний тулд гүйцэтгэх засаглалын эрх
мэдэл төдийгүй, улс төрийн эрх мэдлийг түүнд өгөхийг бага хурлын
гишүүдээс хүссэн.
Ингэхдээ нэг зүйлийг анхаа­руул­сан нь дипломат
хүнд байдаг зөвшилц­лийн, уриалгахан чанар улс төрд дандаа хэрэг болоод
байхгүй, улс төр гэдэг хатуу учраас хааяа ч гэсэн дотроо ч, гаднаа ч
“үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй гэсэн юм. Намын бага хурлын
гишүүдэд ч мөн адил энэ хүнээс үргэлж “тийм” гэдэг үг сонсох гэж шахаж
шаардах ёсгүйг анхаа­руулаад “энэ үгийг би миний саналыг ойлгож дэмжих
байх гэж найдсан бага хурлын гишүүд, намын нөхөддөө хэлж байгаа юм”
хэмээн тодотгоно лээ.
Уг нь бол МАХН-ын жигүүрийнхний зүгээс намын
их хурлыг яаралтай хуралдуулж, намын даргын асуудлыг хэлэлцэх ёстой
гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан ч С.Баяр даргыг ийм гэнэтийн
шийдэл гаргана чинээ санаагүй байсан нь тодорхой. Олонхи гишүүд багагүй
“паник”-т орсон байдал­тайгаар санал хураалтад оролцсон ч С.Батболд 100
хувийн саналаар МАХН-ын дарга болов. С.Баяр ч өөрөө ийм өндөр үр дүн
хүлээгээгүй байж магадгүй. Уг нь бол бага хурлын гишүүдийн 3/2 нь
дэмжсэн байхад С.Батболд намын дарга болох боломжтой. Тэр байтугай урьд
өмнө нь намын дарга болох хүсэл эрмэлзэлтэй гэгдэн сонин хэвлэлээр нэрээ
цоллуулаад байсан нөхөд ч заалнаас нэрээ дэвшүүлээгүй нь С.Баяр МАХН-д
энэ удаад ч бас өрийн диктатурыг тогтоож чадсаны илрэл.
Магадгүй
хэрвээ МАХН-ын бага хурлаас намын их хурлыг зарлаад, намын даргын
асуудлыг тэр үед ярихаар хойшлуулсан бол үйл явдал яаж өрнөх байсныг
хэлэхэд бэрх. Харин С.Баяр энэ удаа цаг хожиж, намын их хурлын үеэр
хийхээр бэлт­гэж байсан томоохон нүүдлийн эсрэг өрсөж нүүснээрээ
өрсөл­дөгчиддөө боломж олгосонгүй. Ямар ч хий гаргалгүйгээр зохион
байнуулсан нь энэ. Намын дарга нэгэнт “эрүүл мэндийн шаардлагаар ажлаа
нэн даруй хүлээлгэж өгөх”-өөр хүсэлт гаргасан учир намын ээлжит их хурал
хуралдах хугацаанд их хурлын бүрэн эрхийг намын бага хурал хэрэгжүүлэх
тухай намын дүрмийн 2.3.7-р заалтыг баримтлан намын даргын асуудлыг бага
хурлаар хэлэлцүүлж байгаа тухай МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
У.Хүрэлсүх танилцуулсан. Энэ бас нэг “мад”. Уг нь бол намын бага хурлаар
хэлэлцэх асуудал хэдийн тодорхой болчихсон, ерөнхий нарийн бичгийн
даргын танилцуулсан дараалалд намын даргын асуудал байгаа ч үгүй.
Тиймээс дарааллын дагуу гээд намын даргын асуудлын төлөвлөсөн үндсэн
асуудлынхаа ард орулсан бол өдөржингөө бие биенийхээ “бөөрийг гаргалцан”
муугаа дуудалцсан бага хурлын гишүүдээс ийм үр дүн гарах ч үгүй биз.  
Харин
өөрийг нь албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан жигүүрнийхний
мэдэгдлийг тухайд С.Баяр “өчигдөр би намын даргын хувиар нэг бичгийг
хүлээж авсан. Албан бичгийн бүрдэл, тамга тэмдгээсээ аваад учир
дутагдалтай ч гэсэн энэ хэмжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь сайн
хэрэг шүү дээ” хэмээн өхөөрдөөд харин энэ нь ардчилал нь намын нэгдмэл
бодлогыг задлах хэмжээнд хүрч болохгүйг анхааруулна лээ. Үүний урд өдөр
удирдах зөвлөлийн хурал дээр Р.Раш гишүүн энэ тухай “нялхсын өвчин”
хэмээн тодорхойлс­ныг иш татаад, үйл ажиллагааны нэгдмэл чанар, намын эв
нэгдлийг эвдсэн зүйлтэй бол нам ч гэсэн хүний бие организм аливаа
өвчний эсрэг тэмцдэг шиг л тэмцэнэ шүү дээ гэсэн юм. Эцэст нь тэр
МАХН-ын үйл хэр­гийн төлөө цаашид ч хичээн зүтгэхээ намынхандаа амласан.
Үүнээс хойшхи хуралдаан уламжлал ёсоор хаалттай үргэлжиллээ.
С.Баяр
их улстөрд эргэж ирлээ. Гэхдээ намын дарга, Ерөнхий сайд биш, УИХ-ын
сул гишүүн, хүчирхэг бие хүний хувиар.  
     
Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж