Гашуудаагүй хүмүүсийг шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Гашуудаагүй хүмүүсийг шийтгэнэ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд таалал төгссөн БНАСАУ-ын лидер агсан Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэх өдрүүдэд уйлж гашуудаагүй, сэтгэлийн хөдлөлөө илэрхийлээгүй хүмүүсийг албадан хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагерьт илгээх ял оноохоор  болжээ. Тухайн өдрүүдэд Хойд Солонгосын иргэд том багагүй хүндэт лидерийнхээ шарилын өмнө бөөн бөөнөөрөө чанга дуугаар орилолдон уйлж, эвхрэн унаж байсан нь удирдагчдаа хайртай гэхээсээ илүү намын хатуу шийтгэл хүртэхээс айсан хэрэг байжээ.

Түүнээс гадна Хойд Солонгост гадаадын мөнгөн тэмдэгт хэрэглэхийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоригложээ. Гадаадын мөнгөн тэмдэгт хэрэглэх, солих, хадгалахыг хуулиар хориглож, зөрчсөн иргэдийг  зургаан сар хүртэл хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх аж. Албадан хөдөлмөрт уурхайд ажиллах, зам тавих, цэргийн барилга барих зэрэг биеийн хүчний ажлууд ордог гэнэ. Гадаадын мөнгөн тэмдэгт гэгдэх юань, ам.долларыг ихэвчлэн эх орноосоо дүрвэгсэд ар гэрийнхэндээ гуйвуулах замаар орж ирдэг тул түүнийг таслан зогсоох зорилгоор  ийм арга хэмжээ авахаар болжээ.

Өнөөг болтол Хойд Солонгост гашуудал бүрэн тайлаагүй байна. Их удирдагчийн шарилыг Оросын мэргэжилтнүүд занданшуулж дууссаны дараа эцэг Ким Ир Сений шарилын дэргэд Кымсусан ордонд байрлуулах юм. Кымсусаныг анхлан 1977 онд Ким Ир Сений өргөө, гадаад, дотоодын зочид, төлөөлөгч, намын дарга нарыг хүлээн авдаг ордны зориулалттай байгуулжээ. Хожим 1994 оны долдугаар сарын 8-нд Ким Ир Сенийг бие барсны дараа бунхан болгон өөрчилсөн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж