Августо Пиночет дарангуйлагч биш

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Августо Пиночет дарангуйлагч биш

Чили улсын Боловсролын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу сургуулийн сурах бичгүүдэд генерал Августо Пиночетийн захиргааны үеийг “дарангуйлал” гэхийн оронд “цэргийн дэглэм” гэж нэрлэхээр болжээ. Үүнээс үүдэн Чилид улс төрийн томоохон дуулиан дэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт сургуулийн сурах бичгүүдэд генерал Августо Пиночетийн засаг барьж байсан үеийг дарангуйлал биш “цэргийн дэглэм” гэж  нэрлэн тэмдэглэхээр Чили улсын Боловсролын үндэсний зөвлөл шийдсэн байна. “Дэглэм” гэсэн үг нь илүү өргөн утга санааг илэрхийлэх учиртай хэмээн эрх баригчид яаран мэдэгдэж байна. Чилийн “Radio Cooperativa” радиостанцад хоёр долоо хоногийн өмнө Боловсролын сайд болсон Харальд Бейер тайлбар хийхдээ дэлхийн бүх сургуулиудад энэ үгийг хэрэглэдэг гэсэн байна.

“Пиночетийн дарангуйлал” гэсэн хэллэгийг “Пиночетийн дэглэм” гэсэн үгээр солих санаачлагыг тус орны Боловсролын яам өөрөө гаргасан байв. Үндэсний зөвлөл нь үүнийг албан ёсоор дэмжлээ. Ийм шийдвэр бараг сарын өмнө гарсан ч дөнгөж өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Шинэ журмыг El Dinamo гэх орон нутгийн интернэт хэвлэлээр хэвлэсний дараа л олон нийт түүнийг мэдэж авав. Энэ талаар санал хураалтад оролцсон зөвлөлийн нэг гишүүний ярианаас уг хэвлэл иш татсан байна.

Цэргийн эргэлтийн явцад 1973 онд засгаас зайлуулагдан алагдсан ерөнхийлөгч Альендегийн охин Изабель “боломжгүй зүйл” гэж уг шийдвэрийг нэрлэв. Цуглаан хийсэн багш нар түүх гуйвуулах оролдлого хийлээ хэмээн Засгийн газрыг  шүүмжилсэн байна. Чилийн ерөнхийлөгч асан Эдуардо Фрей энэ шийдвэрийн эсрэг байгаагаа мэдэгдэж “Түүхийг нэгэн хууль эсвэл зарлигаар өөрчилдөггүй” гэсэн байна.

Энэ бүгдийн эцэст эрх баригчид буулт хийн хэвлэн нийтлэгчид өөрсдийн үг хэллэгээ сонгоно, харин ямар сурах бичиг худалдан авахаа сургуулиуд өөрсдөө шийднэ хэмээн шийдвэртээ засвар оруулахаар амлажээ. Ямар ч байсан дээрх шийдвэр нэр хүнд нь унаж буй ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн хувьд ээлжилт цохилт боллоо.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж