Норвеги далайн ёроолоос нефтийн шинэ орд илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Норвеги далайн ёроолоос нефтийн шинэ орд илрүүлэв

Норвегичууд Баренцевын тэнгист нефть, байгалийн хийн шинэ орд газрыг илрүүлжээ. Шинэ ордын нөөцийн урьдчилсан тооцоо нь 300 сая баррель нефтийн эквивалентаар хэмжигдсэн байна. Шинэ ордыг Havis гэж нэрлээд байгаа ажээ.

Норвегийн “Statoil” нефтийн групп түнш “Eni Norge AS” ба “Petoro AS” компаниудын хамт нефть ба байгалийн хийн шинэ ордыг нээсэн байна. Сүүлийн есөн сарын дотор “Statoil” компани ийнхүү хоёр дахь том шинэ ордыг Баренцевын тэнгисээс илрүүлээд байна. Тус компани нь нөөцийнхөө хэмжээгээр “Havis”-тай эн зэрэгцэхээр  “Skrugard” гэх шинэ ордыг нээснээ өмнө нь зарласан юм гэж Оросын  “Интерфакс” агентлаг дамжуулж байна.

Саяхан нээгдсэн эдгээр ордуудаас  олборлон авах нөөцийн нийт хэмжээг 400-600 сая баррель хэмээн үнэлээд байгаа гэнэ. Havis ба Skrugard ордууд ердөө долоон километрийн зайтай ч хоорондоо холбоогүй, тус тусдаа ордууд гэж ВВС агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Энэ хоёр ордууд нь компанийн үйлдвэрлэлийн хөгжил болон идэвхийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн “Statoil” компанийн топ-менежер тэмдэглэв. Ордуудыг ашиглаж эхлэх нь шинэ ажлын байр бий болгох зэргээр бүс нутгийн дэд бүтцэд чухал нөлөөтэй болох тухай “Forbes” сэтгүүл бичжээ.

Баренцевын тэнгисийн эх газрын үргэлжлэл болох ёроолоос нефть ба хий олборлоход Орос, Норвегийн компаниуд өрсөлддөг. Өнгөрсөн оны дунд үе хүртэл Орос, Норвеги хоёр Арктикийн эх газрын үргэлжлэлийн бүсээс нефть ба байгалийн хийг 2013 оноос эхлэн олборлоно хэмээн мэдээлж байсан юм. Оросын “Роснефть” компани 2011 оны сүүлчээр Баренцевын тэнгисийн ёроолоос нефть олборлох хэд хэдэн газрыг авсан байгаа юм.

Энэ тэнгисийн эх газрын үргэлжлэл нь нефтийн болон байгалийн хийн нөөцтэй. Хамгийн том нь одоогоор Штокман гэх орд юм. Уг ордын хийн нөөц нь 3,8 их наяд шоо метр байгалийн хий ба 37 сая тонн хийн конденсат гэж хэмжигджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж