Инфляцийн эсрэг авах арга хэмжээнүүдийг зарлав

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Инфляцийн эсрэг авах арга хэмжээнүүдийг зарлав

Засгийн
газрын ээлжит хуралдаанаар Яамны Дэд сайд ба Агентлагийн дарга нарыг ажлаас нь
чөлөөлөхөөр бараг шийдвэрлэв бололтой. Түүнчлэн, инфляц хөөрөгдөхөөс сэргийлэн
дараахь арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэв.

 

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний
улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа,
үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын
ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг
арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан
авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний
ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч
Л.Пүрэвдоржид зөвлөлөө.

Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах
агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар,
Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь
хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж,
барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг
тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай
яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын
асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал
хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн
тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж
ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй,
амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд
Б.Ариунсан болон Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага
тооцохыг сайд Д.Зоригтод даалгалаа.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,
Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг  ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул
хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. 

Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг
шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт 
танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг
болголоо.

Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа
бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн
нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.

 

ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

 

Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн
тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд
танилцууллаа.

Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар
ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон
хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг,
валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний
зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг
боловсруулжээ.

Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд
гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж,
хөтөлбөрийг батлав. 

Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа,
нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг
зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн
хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж
байх юм.

Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг
сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу
зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган
ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд,
аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс
иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж,
хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм.

Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй
өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх
чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил,
үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж,
шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна.

Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны
тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны
гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд
зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга
хэмжээ авахаар боллоо.

Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр
ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх,
ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь
үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох
хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний
үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн
нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн
холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана.

Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх
зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм.

Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын
жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан,
хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн
шатахуун бүрдүүлэхээр болжээ.

Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал
хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог 
Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх,
бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг
сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн
албанаас мэдээллээ. 

 

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ

 

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж,
нийлүүлэлт, зах  зээл дэх үнийн талаар
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын
хуралдаанд мэдээлэл хийлээ.

Махны үнийн өсөлтийг сар бүр иргэдэд 21 000
төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор
малчид малын махныхаа   борлуулалтыг багасгасан.

Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн
өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын
ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим
хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн байна.

Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг
нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг
УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.  

Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын
15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар
борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр
махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.

2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум
төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах
нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000,
бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ.

Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын
үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцууллаа.

Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард
800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг
байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг юм
байна.   

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7
мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг
цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт
барьж чаджээ.

Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын
буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны
квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах
ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Ургамлын тос, элсэн чихрийн хангамж, нийлүүлэлт
хэвийн, үнэ тогтвортой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас
мэдээллээ.

    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж