НАМЗХ-ны залуус япончуудад тусаллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

НАМЗХ-ны залуус япончуудад тусаллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Япончуудад ард түмэнд туслах үндэсний хөдөлгөөн”,  Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо/НАМЗХ/-ноос зохион байгуулсан “Гэрэлт зул” хандивын арга хэмжээнд  600 орчим хүн оролцож цунамид нэрвэгдсэн япон иргэдэд 17 орчим сая төгрөгийн хандив өргөсөн байна. Дээрх арга хэмжээ энэ сарын  13-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж,  гавьяат дуучин М.Сарантуяа, “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхаа, Сумо бөхийн тайлбарлагч н.Төмөрбаатар, олон улсын тоймч Н.Дашзэвэг нар оролцож япончуудад туслах аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.  Байгалийн гэнэтийн аюулд өртөн амь насаа алдсан 2000 гаруй япон иргэдийн дурсгалыг хүндэтгэн гэрэлт зул өргөх ёслолын үеэр  орон гэргүй хүүхдүүд ч өөрт байгаа мөнгөөрөө гэрэлт зул худалдан авч байсан нь зовсондоо гар сунгаж чаддаг монгол хүний нүнжгийг харуулав.   Япончуудад тусалж хандив өргөхөөр ирсэн хүмүүсийн тоо цаг тутамд өсч байсан бөгөөд  “Орчлон” сургууль, Японы “Сакура” сургуулийн сурагчид  сэтгэл зүрхээ зориулж зурсан гар зураг болон дулаан хөнжил зэргийн гамшигт өртөөд байгаа япон хүүхдүүдэд хаяглан илгээхийг хүслээ . Тус арга хэмжээнд оролцсон Монгол Улсад суугаа япон иргэд “Япончуудын төлөө ийнхүү хандив  өргөж, сэтгэл зүрхээрээ хамт байгаа  монголчуудын сайхан сэтгэл, тусч занд  талархаж байна. Бидний төлөө нэгдэж, байгаа бүхнээрээ туслан гар сунгаж байгааг бид хэзээ ч мартахгүй. Та бүхний сэтгэлийн бэлэг олон япон иргэдийг баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас бид та бүхний сайхан сэтгэлийн хариу болгож Улаанбаатар хотын тохижилтод тодорхой хувь нэмрээ оруулна” гэж талархал илэрхийлсэн юм. Байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа япончуудад туслах “Японы ард түмэнд туслах үндэсний хөдөлгөөн” байгуулагдаад байгаа бөгөөд  түүнд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо, UBS телевиз, Zaluu.com мэдээллийн сайт, “Орчлон” дунд сургууль, “Гэрэлт монгол” сан, “Анужин” сан, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, “Хатан-Эрдэнэ” холбоо, “Sound of Mongolia” компани, “Монгол 999” үндэсний нэгдэл зэрэг байгууллагууд нэгдээд байна. “Японы ард түмэнд туслах үндэсний хөдөлгөөн” цунамид нэрвэгдээд байгаа японы ард түмэнд хандив тусламж цуглуулах, илгээх олон талын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хандивыг Хадгаламж банкны 10490002362, Голомт банкны 2715002907, 2715002908 тоот дансаар хүлээн авч буй юм байна.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж