Ойрхи Дорнодын галзуурал

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодын галзуурал

Өнгөрсөн оны турш Ойрхи Дорнодыг хувьсгал, аллага, дипломат ба бодит дайнууд ар араасаа үргэлжлэн донсолгов. Үүний үр дүнд нь өмнө харагдаагүй бүс нутгийн дүр зураг тодорлоо. Юу болсон тухай хангалттай мэдэх учраас харин юу хүлээж байгааг таамаглах гэвэл сонирхолтой байх болов уу.  

Хагарсан болор бөмбөрцөг

Шуудхан хэлэхэд ирээдүйн талаар дүгнэлт хийх нь тийм ч амар биш зүйл. Нэн ялангуяа, хэзээ, хаана юу гарах нь тодорхойгүй Ойрхи Дорнодын хувьд энэ нь улам хүндрэлтэй. Энэ бүсийн талаар сайн мэдэх Бейрут хотноо 30 жил ажилласан  Британийн сэтгүүлч Роберт Фиск үүнтэй холбогдуулан “Ойрхи Дорнодын болор бөмбөрцөг аль эрт хагарсан” хэмээн давтах дуртай. Үнэндээ ч тийм болов. 2010 оны арванхоёрдугаар сард Бен Али хөөгдөнө, Хосни Мубарак шоронд орно, Муаммар Каддафи нөгөө ертөнцөд, тэдний арай авхаалжтай Али Абдулла Сабех гадуурхагдах байдалтай бөмбөгнөөс азаар амь гарна гэж зөвхөн ухаан муутан л төсөөлөх байсан биз.

Болор бөмбөрцөгүүд үнэндээ хэрэглээнээс гарлаа. Хэрэв шинжээчдийн дүгнэлтүүдийг харьцуулан үзэж анхааран судалбал, том Ойрхи Дорнодод хэт хүлээгдээгүй хэрэг явдал гарахгүй бол 2012 онд Пакистан, Иран, Ирак гэсэн гурван орон л бүс нутгийн гол мэдээг өгөх болно.  

Пакистан

Энэ улсын уур амьсгал таагуй байна. Цэргийн болон улс төрийн элитүүд нь засгийн төлөөх үхлийн тэмцэлд барьцалдан ороод байгаа. Хэн ч ухрахыг хүсэхгүй байна. Генералуудын талд арми, улстөрчдийн талд төрийн аппарат ба орон нутгийн том бизнес зогсч байна. Хүчний тэнцвэр бараг адилхан учраас хурдан, цус багатай, шийдвэртэй ялалт хэн нэгэнд нь ирнэ гэж хүлээсний хэрэггүй. Пакистаны хоёр элит өнгөрсөн жилд АНУ-тай бүрэн муудалцсан нь  Исламбад ба түүний цөмийн зэвсгийг Америкийн хяналтын салбараас яаралтай гаргаж байна. Харилцан итгэлцэл алга болсноос албан бусаар хамтарч байсан хоёр орны тусгай албад бие биенийхээ эсрэг ажиллах болов.

Энэ нөхцөлд Пакистаны улс төрийн модноо  ер бусын үр жимс гарч ирэв. Тус орны крикетийн шигшээ багийн ахлагч, элитийн хүрээний уулзалтуудыг алгасдаггүй борчуудаас гаралтай Имран Хан гэнэтхэн улс төр сонирхон нэр алдар нь өсч эхлэв. Түүний Шударга ёсны намын үзэл баримтлал нь шашны  номнол, үндсэрхэг үзэл, америкийн эсрэг бодлого, малитаризмын хольц бөгөөд Европт байсан бол тэр фашист гэж хэлэгдэнэ. Харин эх орондоо бол огт өөрөөр хэлүүлж байна. Нутгийн ухаантнууд түүнийг “тормозгүй хүн” мөн “Пакистаны улс төрийн агуу сүйрэл” гэж нэрлэх болжээ.

Энэ жил Шударга ёсны намын лидерийг дээш гаргах аж. Бас нэг онцлох явдал нь иргэний засгийг унагаж байсан чөлөөний генерал Первез Мушарраф эргэн ирж байна. Түүнийг хөөн зайлуулж, хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдуулсан ч улс орондоо дэмжигчид ихтэй. Одоо гол  бооцоо Ханд тавигдаж байгаа. Өнөөгийн ерөнхийлөгч Асиф Али Зардарийг авч хаях хүсэлтэй генералуудад тэр хүн ашигтай байж болох. Цөмийн зэвсэг ба түүнийг зөөгчтэй орны тэргүүнд сэтгэл тогтворгүй хүн гарч ирэх нь бас нэг Ираныг үүсгэнэ. Ийм маягаар Пакистанд улс төрийн ширүүн тэмцэл болж Махмуд Ахмадинежадтай харьцуулахад түүнээс хэдэн хувиар дор хүн засаг авах эсвэл цэргийн эргэлт гарах боломж маш өндөр магадлалтай боллоо.  

Иран

Исламын бүгд найрамдах улсад ч тайван биш. Түүгээр ч барахгүй тэнд нууц сөргөлдөөний хоёр шугам аль эрт гараад иржээ. Нэгдүгээрт, ерөнхийлөгч ба шашин төрийн дээд удирдагч хоёрын дотоодын тэмцэл. Хоёрт нь Израильтай сөргөлдсөн гадаад тэмцэл. Энэ хоёр тэмцэл 2012 онд нээлттэй үедээ орох магадлалтай. Ахмадинеджадын хувьд өнгөрсөн он улс төрийн талаасаа амжилтгүй болов. Тэр залгамжлагчаараа хамаатан Эсфандьяр Рахим Машеиг бэлтгэх оролдлого нь нурлаа. Түүнийг хэн нэгэн биш аятолла Али Хаменеи өөрөө унагсан юм. Түүний талынханы хэсэг нь шулмын хорлол, авлига гэх мэтийн буруутгалаар шоронд орцгоожээ. Жилийн турш түүний найз бөгөөд ивээгч аятолла нь Ахмадинежадыг хаана суухыг зааж ирэв.

Гэвч түүнд хариу барих зүйл бий. Исламын хувьсгалын манаа корпусын удирдлага нь сүүлийн жилүүдэд тэрбум тэрбумын эргэлттэй амжилттай корпораци болон хувирсан байгаа. Залуу генерал-бизнесменүүдийг  дундад зууны санаа бодолтой хөгшин имам ба аятолла нар удирдах болсон нь ярвигтай байгаа бололтой. Эцсийн эцэст арми ба санхүү тэдний гарт байгаа билээ. Ахмадинежад тэдний корпорацийнх биш ч гэсэн нэгэн үеийнхэн мөн нийтлэг сөргөлдөгч байгаа нь ойртуулж буй. Хаменеин хувьд тэр нь нууц биш. Арванхоёрдугаар сарын дундуур корпусын өндөр тушаалтнуудыг баривчилах баривчилгаа болов. Тэдэнд дээд захирагчийн амь насанд халдах гэсэн ял тулгаад байна. Зарим нэг мэдээгээр Хаменеин хүү нь хүртэл баригдсан байна. Энэ бүгд нь Ираны элитийн дотор  ямар их сөргөлдөөн буйг харуулж байна. 2012 онд тус орон сонгуулийн өмнөх үед орох учраас  энэ тэмцэл хурцадна. Корпус ч аятолла ч, Ахмадинежад ч ерөнхийлөгчид өөрийн хүнийг гаргахыг хүсч байна.

Албан ёсоор хатуухан улс төрийн тэмцэл Иранд байхгүй учраас бид “авлигачид” эсвэл улстөрчид ба генералууд хэлмэгдэх “азгүй тохиолдлыг” бишгүй харах бололтой. Өөрийн талынхныг байнга алдаж байгаа Ахмадинежад нэг мөр шахагдах нь ойлгомжтой. Агуу аятолла ч өөрийн аюулгүй байдлыг хатуухан анхаарах байх.

Энэ жилд шашны болон цэрэг-улс төрийнхний хооронд тэмцэл хурцатна гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Хаменеи эсвэл Ахмадинежад хоёр амьд үлдэнэ гэсэн баталгаа энэ тэмцлээр гарахгүй байж магад.

Үүний зэрэгцээ тэдний амьдралд гадны нөхцөл байдлын улмаас аюул ирэхийг үгүйсгэхгүй. Израиль нэг их нууж хаасан зүйлгүйгээр Ираны эсрэг цэргийн бэлтгэлээ бажааж буй.

Израилийн боомтуудад маш хурдтайгаар герман шумбагч онгоцнуудыг шинэчилж байна. Нисэх хүчин нь агаарт  шатахуунаар цэнэглэгдэх, бөмбөгдөх сур­гуу­лилалтаа тасралтгүй хийж байгаа. “Алсын ажил­лагаа” гэсэн нэртэй алба жанжин штабад байгуулж парламентын депутатуудад танилцуулах­гүйгээр хэдэн арван саяар хэмжигдэх төсөв төсөвлөжээ.

Эдгээр бэлтгэлийн утга санааг улстөрчид дуртайяа ярьж буй. Тэдний яриагаар Израиль цөмийн зэвсэгтэй Ирантай зэрэгцэн орших аргагүй гэнэ. Иран өөрөө цөмийнхөө хөтөлбөрөөс татгалзаж чадахгүй байгаа учраас энэ сөргөлдөөний тайлал нь Ираны цөмийн байгууламжуудад хийсэн цохилт байх бололтой. 2012 оны хавар зунаар тэр цохилт хийх магадлал өндөр. Цаг агаар ч тохиромжтойгоос гадна энэ хоёр өөрсдөө АНУ-тай ямар нэгэн талаар холбоотой.

Иран нефтийн үнийг урьд өмнө нь  байгаагүйгээр хөөрөгдөн дэлхийн эдийн засгийн хямрал өдөөх учраас Америкийн ерөнхийлөгчийн дахин сонгогдох магадлал өчүүхэн болно. Тавдугаар сард тодорхой болох Бүгд найрмдах намын нэр дэвшигч Обамагийн хямрал ба дайныг зогсоох чадваргүйг ярьсаар боломжоо нэмэгдүүлэх болов уу.

Мөн Иранд цохилт өгөх Израильд АНУ-ын дэмжлэг залшгүй хэрэгтэй. Обама хоёр дахь удаагаа сонгогдох юм бол дайнаас татгалзах эсвэл Израилийн ажиллагааг буруутгаж болно. Гэлээ ч сонгуулийн өмнөх жил бол арай өөр. Обама ямар ч байсан Израилийг дэмжих нь ойлгомжтой. Дэмжихгүй бол Бүгд найрамдахчууд түүнийг бариад иднэ биз.

Иранчууд дотроо зөрөлдөөнтэй ч дайнд тэд маш хүнд хохирно гэдгээ мэдэж байгаа учраас Израилийг довтолгон хийхгүй болтол айлгахаар оролдох болов уу. Одоогоор Израиль бэтгэлээ бүрэн хэмжээгээр базааж байна.

Ирак

Ираныг тойрсон дуулианы улмаас Иракт ирэх гай зовлон төдийлөн үр дүнгүй болж магадгүй. Гэхдээ энэ асуудалд сайтар анхаарах нь зүйтэй болно. Америкийн цэрэг гарсны дараа Иракийн “дэвжээнд” гурван тулаанчийн тулаан шүүгчгүй өрнөж магадгүй. Шиитүүд, Суннитүүд Курдууд нефтийн баялагийн цомын төлөө үзэлцэж байгаа. Тэр нь журамгүй тулаанд хувирах магадлал маш өндөр.

Засгийн эрхэнд байгаа шиитүүд дараагийн өдрөөс нь эхлэн суннитуудыг мөрдөн мөргөж, хорих харгислах болов. Нийслэлд нь хорь шахуу аллага хоёрхон цагийн дотор хийгдлээ. Бие биенээ буруутгаж байна. Нэг тийм зэвсэгт бүлгийн толгойлогч булаан эзлэлт төгссөн учир улс төрийн хүчин болох санаагаа гарган хэлсэн байв. Талууд шууд хэлцэлд орохыг азнасан маягтай байгаа. Тэд бие биендээ тулган шаардлага хийж, үр дагавар нь аймшгийн байна хэмээн сануулж  эхлэв. Аймшгийн үр дагавар нь ойрын хугацаанаас харагдаж эхлэх бололтой. Америкчууд Иракаас гарсаны дараа шийтийн Махдийн арми гэгч хөдөлгөөнд орж байна. Энэ Ираны талын байгууллага нь Ливаны Хезболлахтай адилхан. Түүний тэргүүн Муктада Иракийн Засгийн газраас ээлжит бус сонгууль явуулахыг шаардаад амжлаа. Шиитүүдээс бүрэлдсэн Засгийн газар түүний эсрэг  хөдлөхгүй байх. Эс тэгвээс Иракийн өмнөд хэсэгт Ливаны өмнөд хэсэгт Хезболлах байгуулсан шиг өөрийн эмиратыг бий болгоно биз.

Саддам Хусейны унагасны дараа сонгуульд нэг удаа орсон суннитууд улстөрчдөө мөрдөн мөшгөлтөд оруулсан туршлагатай учир санал хураалтад орохгүй биз. Америкчуудын дэмжлэгтэй ерөнхий сайд Нури аль-Маликийг хэтэрхий алдартай Муктада эсвэл түүний талын нэгэн солин гарч ирэхэд Ирак нь Иранаас хамааралтай  шиитийн эмират болон хувирах болно. Хэрэг явдал ингэж өнгөрөх нь курдуудад ч суннитуудад ч таалагдахгүй нь ойлгомжтой. Тэгвэл Иракт гурав хуваагдахаас өөр замгүй болно. Тэд тайвнаар салж болно. Гэтэл тийм зүйл гарахгүй биз дээ. Хэрэв парламентрын сонгууль явагдалгүй Малик засагтаа үлдлээ гэхэд өөрчлөлт гарахгүй. Ерөнхий сайд ямар нэгэн өөр бодол санааг дарах, цагдаагийн улс байгуулах замаа сонгосон байгаа. Иракаас гарах мэдээнд “иргэний дайн” гэсэн үг л багагүй сонсогдох болж байна. Эсрэг талынхныг гадаадын шинэ оролцоо буюу шинэ дайсан л эвлүүлүүлэх байх. Талууд хооронд тохирох, баялгаа хуваах тал дээр бэлэн биш байна.

Энэ түүхэнд үргэлж хэлмэгдэж байгаа курдуудын хувь тавилан хамгийн тааруу байх болно. Нэгдүгээрт, Иракийн хойд нутагт тэдний хөл дор хамгийн их нефть нь байгаа нь тэднийг  хэлмэгдүүлэх шалтгаан болно. Хоёрдугаарт, бүсийн нефтийн нийслэл Киркукийн статус тогтоогүй учраас тийш нь Засгийн газрын цэрэг оруулах магадлал өндөр. Гуравдугаарт, курдуудыг арабууд, туркууд, персүүд үздэггүй учир ямар нэгэн хэрэг өрнөхөд тэдэнд хаанаас ч тусламж ирэхгүй. Үүний зэрэгцээ курдуудтайгаа учраа олохыг Багдадаас америкчууд хүсч буй. Иракт ийм байдал үүсээд байгаа ч Маликийн Засгийн газар АНУ-аас зэр зэвсгээ авсаар байна. Нисдэг тэрэг, лазерийн бөмбөг ба сөнөөгч онгоцнуудыг нь хэрэглэхээр орон байхгүй ч өөрийн улс оронгүй ч бичил армитай курдын эсрэг хэрэглэх зорилго агуулсныг үгүйсгэх  аргагүй.

Бусад нь…

Том Ойрхи Дорнодод 2012 онд амьрал зогсонги болох нь мэдээж хэрэг. Сирийн ерөнхнийлөгч Башар Ассадад хөөгдөх үү эсвэл шоронгоо сонгох уу гэсэн зам үлдээд байна. Ард түмнийхээ эсрэг зогсоход нь түүнд мөнгө хөрөнгө нь шууд л дутагдах болно.

Суннит ба шиит гэсэн хоёр дугаарлалтай Бахрейн “шинэчлэл” зарлаад байгаад ч үймээний халууралдаа л байх юм. Өвчтэй чадал тэнхээгүй Саудын ван Абдалла энэ жил ертөнцийн мөнх бусыг үзүүлж магадгүйгээс засгийн эрхийн төлөөх хөгшин жононгуудын тэмцэлү Саудын Арабад явагдана. Үүнээс үүдэн нутгийн зүүн хэсгээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх магадлал бий.

Афганистанд талибууд мэдрэлийн гажигтай болоод байгаа Хамидз Карзайг агнах ажиллагааг үргэлжлүүлэх байх. Тэрээр  улам бүр нуугдсаар н.өлөөгөө тэлэх эрмэлзэлтэй Энэтхэгт ойртон бужигнаж буй Пакистанаас холдох болов уу. Египетийн цэргийнхэн иргэнихй Засгийн газарт эрх мэдлээ дуртрай дургүйгээр шилжүүлнэ. Хөрш иИзраильд нь Ирантай хийх дайн гол мэдээ болох бөгөөд ивээгчээ өмөөрсөн Хезболлах Израилийн нутгийг хойд хэсгээр инь буудаж эхлэх нь ойлгомжтой.

Ливид элдэв бүлэглэлийн тэмцэл үргэлжлээд эцэст нь нефтиэ нийлэн шахах нь дайтсанаас ашигтай гэх ойлголтод хүрэх талдаа байх болов уу. Ливанд хэрэв дайн үүсвэл Бейрутын нисэх буудал нэн түрүүнд хаагдана. Ер тэд сүйтгүүлснээ хурдан босгоод сурчихсандаа дасчихсан байлгүй.

Тунист сүйрлийн гэхээр үйл явдал төрнөхгүй. Шинэ засаг, шинэ Үндсэн хууль бичих, эдийн засгаа сэргээх зэрэг нь Тунист гайхмаар тэгш явж байна. “Аль-Жаазира телевизийг нь үзэн яддаг иранчууд  бүс нутгийн Америкийн цэргийн баазад цохилт өгөхөөр амласан. Америкийн нэг бааз нь Катарын нийслэлээс дөнгөж 15 км-ийн зайтай. Палестинчуудын хувьд хувьд хоёрдмол сэтгэлгээ давамгайлах байх. НҮБ эцсийн эцэст тэдн.ий тусёгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч магадгүй ч Израиль тэднийг хэзээ ч тусгаар улс болгохгүй гэдгээ харуулах он нь 2012 байх болно.

Төгсгөлд нь

Шинэ онд том Ойрхи Дорнод өмнөх жилээсээ дутахгүй бужигнаантай байх болно. Гэхдээ хэрэг явдал нь хамгийн муу хувилбараар өрнөх магадлал олширов.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж