Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Халаа сэлгээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Томас де Мезьер ба Ханс-Петер Фридрих. Фото: AFP

    Эрдэм шинжилгээний бүтээлээс үүдсэн дуулианы улмаас Батлан хамгаалахын сайд Карл-Теодора цу Гуттенберг өөрийн тушаалаас огцорсны дараа ХБНГУ-ын Засгийн газарт нэлээдгүй өөрчлөлт орлоо. Батлан хамгаалахын сайдаар Дотоод хэргийн сайд Томас де Мезьер томилогдож, түүний оронд бундестагийн Христийн чөлөөт холбооны жигүүрийн дарга Ханс-Петер Фридрих томилогдов. Хоёулаа хүндхэн өв болох бундесвер ба ДХЯ-ны дуусаагүй шинэчлэлийг залгамжлан авлаа. Гарман дээр морио сольдоггүй гэж ярих авч цу Гуттенбергийг огцруулах гэсэн сөрөг хүчин, шинжлэх ухаан ба их сургуулийн нийгэмлэгийн шахалт эрх баригч эвсэлд сонголт хийх боломжийг үлдээсэнгүй. Үүссэн нөхцөлд шинэ байраа эзлэн суух 100 хоногийн хязгаар сайд нарт үгүй. Тэд өчүүхэн хугацаанд амсхийж ажилтайгаа танилцах гэсэн нь талаар болж хоёр яаманд хийгдэж байгаа шинэчлэлийг үргэлжлүүлэх ажилдаа оров. Батлан хамгаалахын шинэчлэл ид дундаа явж байгаа бол Дотоод яамны шинэчлэл одоо эхлэх ёстой.

    Батлан хамгаалахын сайдад Томас де Мезьер тохирох хүн бөгөөд улс төрийн туршлагатай стратегич гэгддэг. Дотоод хэргийн сайдаар 2009 онд ажиллаж эхэлсэн ба өмнө нь 2005-2009 онд Холбооны канцлерийн Тамгын газрын дарга ба Тусгай үүрэг даалгавар хариуцсан Холбооны сайд хийж байлаа. Де Мезьер нь XVII зуунд Бранденбургт ирж суурьшсан франц-гугенотын язгууртан гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Ульрих де Мезьер дэлхийн II дайны үеэр хурандаа цолтой байгаад дайны дараа бундесверийг байгуулагч нарын нэг болсон хүн. Генерал цолтой цэргийн салбартаа нөлөөтэй хүн байлаа. Хүү нь эцгийнхээ ажлыг авлаа.

    Гэхдээ тэрээр тавигдсан зорилгыг биелүүлж чадах уу гэсэн асуудал байна. Армийн шинэчлэлийг улсын зардлыг хэмнэх үүднээс Карл-Теодорцу Гуттенберг санаачлан хийж байсан ба тэр нь Sueddeutsche Zeitung сонинд өгүүлснээр жинхэнэ минийн талбай гэнэ. Тооцоонд биш хүлээлтэд үндсэн зангилаанууд нь тусгагдсан байгаа. Шинэчлэлээр бундесверийн бие бүрэлдэхүүнийг 250 мянгаас 185 мянга болгон бууруулахдаа цэрэг татлагыг болиулж, оронд нь армийн шаардлагыг сайн дурынхнаар нөхнө гэсэн байв. Гэтэл энэ жил шаардлагатай 16 мянган хүнийг бүрдүүлж чадахгүй бололтой. Дөнгөж 1600 орчим хүн армид алба хаах хүсэлтээ гаргасан юм. Төлөвлөгөөний дагуу арми 8,2 тэрбум евро хэмнэх боловч тэр нь энэ жилдээ бүтэлгүй 2015 он хүртэл хойшлоод байлаа. Хаанаас, юунаас хэмнэх нь бас мэдэгдэхгүй байна. Мөн олон анги нэгтгэл татан буугдах учир тэнд ажиллаж байсан энгийн иргэд ажилгүй болно. Тэр нь орон нутгийн засаг захиргааны зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Шинэ сайд ажилдаа оронгуут шинэчлэлийг санаачлагчдын нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга Вальтер Отрембаг (Walther Otremba) халав. Энэ алхам шинэчлэлд өөрчлөлт орж магадгүйг харууллаа. Гэхдээ улс төрийн хямрал дэгдээхгүйн тулд тэрээр шинэчлэлийг явуулах ёстой. Гэтэл түүнийг санаачлагч цу Гуттенберг шиг пиар хийж чадахгүй учир түүнд хүндрэлтэй байх. Гэхдээ Томас де Мазьер шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэдээ мэдэгджээ.

    Тэр өөрөө Дотоод хэргийн яамны шинэ сайдад бас ч үгүй асуудлуудыг үлдээсэн юм. Энэ гуравдугаар сард хийгдэх ёстой байсан цагдаагийн шинэчлэлийг Ханс-Петер Фридрих явуулна. Шинэчлэээр Холбооны цагдааг (BPOL) Холбооны эргүүгийн цагдаагийн албатай (BKA) нийлэх ёстой. Дээр нь эргүүгийн гэмт хэргийг мөрдөх гаалийн цагдааг (ZKA) нэмнэ. Шинэ байгууллага АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой адил болох ажээ. Шинэ сайд асуудлыг нээлттэй үлдээсэн ба өөрөө Баварийн намынхаа байгууллагад багтдаг. Тэр нь шинэчлэлийг “Үндсэн хуулийн эсрэг” гэж шүүмжилсэн байгаа учир сайд шинэчлэлийг хийхгүй ч байж болно.

    Технократ гэж нэрлэгддэг шинэ сайд олон нийтэд төдийлөн танил биш улстөрч. Парламентын жигүүрт ажиллахдаа л нэр нь гарч ирсэн юм. Хууль ёс барьдаг гайгүй хатуу хүн гэж хэвлэлийнхэн үздэг. Тэрээр 1957 онд төрсөн ба намынхаа залуучуудын байгууллагаас улс төрд орж иржээ. Сайд болонгуутаа Германы тэргүүлэх байдлыг “христийн-жүүдийн барууны соёл иргэншлэл” авч явна лалын шаин бол Германы хэсэг биш гэж хэлэн шүүмжлэлд оров. Албан тушаалаараа тэр Засгийн газраа төлөөлөн Германы дөрвөн сая лалын нийгэмлэгийнхэнтэй зөвлөлдөх бага хурлыг хийлгэх ёстой. Түүний шинэ үг шүүмжлэл сонссноос гадна тэр ажилд нь саад болж магадгүй юм. Гэхдээ түүний үг намынх нь бодлоготой таарч байгаа.  Харин тэрээр одоо Холбооны сайд учир үгээ цэгнэхгүй бол болохгүй нь мэдээж.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж