АН-ын алхмыг бухимдлаар булахыг санаархав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

АН-ын алхмыг бухимдлаар булахыг санаархав

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэний маргааш бензин, шатахууны үнэ түүхэнд байгаагүй өндөр хэмжээгээр огцом нэмэгдсэн нь ямар шалтгаантэй вэ? Үүнд ам.долларын ханшийн өсөлтийг буруутгаж байгаа ч энэ бол шалтаг, харин бодит шалтгаан нь улс төрийн тактик болохыг төвөггүй ойлгож болохоор байна.

Сүүлийн саруудад тасралтгүй өгсч ирсэн ам.долларын ханшийн өсөлт гэнэтийн зүйл байгаагүй бол Ардчилсан намын мэдэгдэл харин гэнэтийн алхам байлаа. Шатахууны үнэ хэрэв ам.долларын ханшийн өөрчлөлттэй холбоотой юм бол Ардчилсан намын мэдэгдлээс өмнө нь өсч, өөрчлөгдөж болох л байсан. Гэтэл яагаад сураг ч үгүй байсан асуудал Ардчилсан намын илэрхийлсэн байр суурьтай зэрэгцэн босч ирэв ээ? Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хурцаддаг, 100 хувь импортоос хараат бензин, шатахууны хангамж нь маш эмзэг, энэ хэрээрээ үнийн өсөлт нь ард түмний бухимдлыг өдөөж, дарамтыг нь өсгөдөг асуудал. Ардчилсан намын улс төрийн алхам нь араасаа ийм хүнд асуудлыг чирээд гаргаад ирлээ гэдэг ойлголтыг иргэдэд өгч, үнийн өсөлтийн бухимдлыг Ардчилсан нам руу чиглүүлэх зорилгоор энэ бүх үйл явцыг дарааллын хувьд зориуд зохион байгуулсан нь тодорхой харагдаж байна. Эрчим хүч, эрдэс баялгийн асуудлыг эрхэлсэн сайд нь МАН-ынх. Импортлогчидтой яриа, хэлэлцээ хийх эрх, үүрэг нь тус яам болон түүний харьяа агентлагуудын ажил, асуудалд хамаарна. Тэднээс шууд хамаарах шатахуун, бензиний үнийн асуудлыг цаг хугацааны хувьд Ардчилсан намын мэдэгдлийн араас босгож ирсэн нь тэгэхээр санамсаргүй зүйл биш. Тэгээд ч монополь бизнес болох шатахуун, нефть бүтээгдэхүүнийг импортыг барьж, мөнгөний цоргыг атгаж буй импортлогчдын дийлэнх нь МАН-ын угшилтай, тус намыг санхүүжүүлэгчид байдгийг олон нийт мэднэ. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл МАН-ынх, түүний хүү ч тус намын залуучуудын байгууллагад ил тод харьяалагдах болсон. “Жаст”-ын Ш.Батхүү гэхэд С.Баярын “банк” гэдгийг тодорхой хүрээнд ярих болсон. “Сод Монгол”-ын захирал Ц.Анандбазар гэхэд У.Хүрэлсүхийн далбаанд хийсэгчдийн нэг, ирэх сонгуульд тэдний намаас Говьсүмбэрт нэр дэвшихээр санаархаж байгаагаа хэдийнэ илэрхийлсэн. Гээд тоочвол нефть бүтээгдэхүүн импортлогчид ч, тэдэнтэй үнийн асуудлаар зөвшилцөл хийх эрх мэдэлтнүүд ч МАН-ын эрх ашгийг тодорхойлогчид юм. “Хулгайд махаа алдав” гэдгийг сонсоод “юун гуя” гэж уулга алдаад хулгайч баригдсан гэдэг байх аа? “Шатахууны үнийн асуудлыг Ардчилсан намаас болов” гэж хамгийн түрүүнд МАН-ын сонин дуугарав. Ийнхүү хардах хамгийн гол үндэслэл нь гэвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах болсныг зайлшгүй зүйл, улс төрийн намын өөрийнх нь эрхийн асуудал гэдгийг МАН хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа явдал. Улмаар энэ бухимдал нь Ардчилсан нам улс орныг бужигнууллаа гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх, тэдний алхмыг буруутгах үндэслэлийг босгож ирэхийн тулд шатахууны үнийг импортлогчидтой “үгсэн тохирч” өсгөөд байгаа нь энэ. Ардчилсан намаас улс төрийн соёл, ёс суртахуун шаардаад байгаа МАН харин ч өөрсдөөсөө соёл, ёс суртахуун хайх хэрэгтэй.

Ардчилсан нам “ханилж яваад нөхрөө, унаж яваад морио хаяв” гэдэг МАН-ын даргын халаглал энэ удаад тун оновчгүй зүйрлэл бөгөөд үнэмшилгүй харуусал мэт сонсогдож байна. Ардчилсан нам зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулалцаагүй юм. Тухайн үеийн нөхцөл байдал, сонгуулийн үр дүнг халуун зэвсэг, хүний амиар “засварласан” эмгэнэл улс, үндэстнийг бүхэлд нь бухимдал, хорсол руу түлхэж тогтворгүй байдлын эх суурийг тавихад бэлэн байсан. Нийслэл хотод л гэхэд таван сонгогч тутмын дөрвийнх нь санал төлөөлөлгүй гээгддэг мажоритар сонгуулийн үр дагавар иргэдийн бухимдлаас өөр юуг дагуулах байсан нь ч тодорхой. Ийм нөхцөлд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжсэн нь ч, МАН ийм санал гаргасан нь ч ухаалаг, алсын хараатай алхам байсныг өнөөдөр улс төр судлаачид зөвтгөж байна. “Нийгмийн бухимдал улс орныг хааш нь ч савлуулж мэдэхээр байсан тэрхүү нөхцөл байдалд МАН-ын тухайн үеийн удирдлага Ардчилсан намыг засагт орохыг урьсан нь улс төрийг тогтвортой байлгах гэсэн том эрмэлзэл байсан” гэж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин МАН-ын өнөөгийн удирдлага Ардчилсан намын засгаас гарах мэдэгдэлд эмзэглэн буруутгаж байгааг тэрбээр “зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хангахын төлөө явж болохгүй” гэж хатуухан үгээр дүгнэжээ. Энэ бол МАН өөрийнхөө санаачилсан алхмын үр дагаврыг бодитой үнэлж чадахгүй барьц алдаж буйг дүгнэсэн товчхон мэдэгдэл. Хамтарсан Засгийн газраас хэзээ нэг цагт Ардчилсан нам гарах болно гэдгийг ухамсарлан тооцоолж, тэр үед улс төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг, хариуцлага нь өөрсдөд нь ирэх учиртайг МАН ойлгох ёстой байлаа. Гэвч ухаарал оройтдоггүй. Эрх барих хэмжээнд сонгогчдын санал авсан МАН өөрийн байр суурин дээрээ бууж, хариуцлагаа ухамсарлаж, өрсөлдөгч намынхаа эсрэг явуулж буй өнөө, маргаашийн улс төрийн хонжоо харсан алхмаа зогсоох ёстой. Хариуцлагыг ард түмэн сонгуулиар хүлээлгэдэг. Тэрнээс биш хоёр нам хоорондоо нэг нэгдээ хариуцлага хүлээлгэдэг зүйл байж таарахгүй. МАН одоо эрх баригч шиг зангараг гаргаж, өнөөдрийн асуудал, бухимдлыг өрөөл бусад руу нялзаах биш өөрсдөө удирдан жолоодох цаг болсон биш үү? МАН-ын өмнө том сорилт тулж ирлээ.

У.ГЭРЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж