Испанийн “Барселона” клуб болон Аргентиний шигшээ багийн тоглогч Лионель Месси 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч, Ballon d’Or-ын эзэн болсноор энэхүү нэр хүндтэй эрхэм шагналыг гурвантаа хүртсэн түүхэн дэр дөрөв дэх хөлбөмбөгч боллоо. Өмнө нь Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини болон Нидерландын Йохан Кройф, Марко ван Бастен нар л дэлхийн шилдгээр гурван удаа шалгарч байжээ.
Шагналаа гардан авсны дараа Месси “Би гурав дахь удаагаа энэ эрхэм шагналыг хүртэж байна. Үнэхээр гайхалтай хүндлэл. Миний энэ амжилтын замд үргэлж хамт байсан багийнхан, дасгалжуулагчид, эмч, бариач нар болоод дасгалжуулагч Пеп Гуардиола, “Барса”-гийн гишүүн бүрт талархсанаа илэрхийлье. Мэдээж мөн Аргентиний шигшээ багийнхандаа талархаж байна” хэмээжээ.
Месси “Барса”-гийн хамт 2011 оныг бахдам амжилттай үдсэн. Тэд Испанийн Ла лиг, Европын Аваргуудын лиг, Европын хөлбөмбөгийн холбооны Супер цом болон Клубуудын дэлхийн аваргын цом хүртсэн билээ.
Өдгөө 24 настай довтлогч Мессигийн хамт эцсийн шатанд “Реал Мадрид”-ын Криштиан Рональду, “Барселона”-гийн Шави нар өрсөлдсөн. Өнгөрсөн жил ч мөн Мессигийн араас “аман хүзүүдэж” байсан Шави хамтрагчийнхаа тухайд “Тэр дөнгөж 24 настай, залуу байна. Би түүнийг хөлбөмбөгийн спортын бүхий л амжилтыг эвдэж чадна гэж бодож байна. Түүхэнд үлдэх шилдэг хөлбөмбөгчдийн нэг байх болно” хэмээжээ.
Швейцарийн Цюрих хотноо байрлах Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны байранд өчигдөр гала арга хэмжээ болж, дэлхийн шилдгүүдийг нэрлэсэн. Цюрих хотыг хөлбөмбөгөөр амьсгалуулсан энэ үеэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөс гадна уламжлал ёсоор шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, шилдэг дасгалжуулагчийг тодруулж, хамгийн “ганган” гоолын эзэнд Пушкашийн шагнал олгон, 2011 оны бэлгэдлийн шигшээ багийг нэрлэсэн.
“Барса”-гийн довтлогч шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон бол дасгалжуулагч Пеп Гуардиола шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртжээ. Харин оны шилдэг гоолын шагналыг “Сантос”-ын довтлогч Неймарт олгосон. Түүнчлэн дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр Японы Хомарэ Сава, эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар түүний дасгалжуулагч Норио Сасаки тодорсон бол Японы хөлбөмбөгийн холбоо шударга өрсөлдөөний шагнал хүртжээ. Харин FIFA-гийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Английн Премьер лигийн "Манчестер Юнайтед" клубын дасгалжуулагч Сэр Алекс Фергусонд хүртээсэн байна.
Бэлгэдлийн шигшээ багт багтсан тоглогчдын тухайд Икер Касильяс /Реал Мадрид/, Дани Алвес /Барселона/, Жерар Пикье /Барселона/, Серхио Рамос /Реал Мадрид/, Неманья Видич /Манчестер Юнайтед/, Андрес Иньеста /Барселона/, Шави Алонсо /Реал Мадрид/, Шави /Барселона/, Лионель Месси /Барселона/, Криштиан Рональду /Реал Мадрид/, Уейн Рүүни /Манчестер Юнайтед/ нар багтсан байна.
Зургийг ЭНД дарж үзнэ үү.
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.