
Мэдээллийн эхэнд сүүлийн үед бөө нэрээр зарим иргэн гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насыг хохироох явдал нэлээдгүй гарч байгаа талаар мэдээлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд иргэн Ж.Баярсайхны машиныг санаатайгаар дэлбэлсэн хэрэг гарсан. Энэ хэргийг зайран Э.Мөнхбат гэх үйлдсэн бөгөөд иргэдийг бөө болгоно гэж мөнгө нэхсэн, өөрөө ч энэ хэргээ хүлээсэн байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд бөө болгоно хэмээн халуун усанд шалзалж амь насыг нь хохироосон хэрэг ч мөн гарчээ. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэв.
Мөн УИХ-ын эрхэм гишүүдэд холбогдох хэргүүд хэрэгсэхгүй болгосноо дуулгасан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ш.Сайхансамбуу нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг авлига өгсөн тухайгаа хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн гэх хэргийг шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь түүнийг авлига өгснийг нотлох баримт олдоогүй аж.
Харин Д.Дондогийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй учир хэргийг түр түдгэлзүүлжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаад харьяалалын дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжсэн УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад түр хугацаагаар түтгэлзүүлээд байгаа аж. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийх зорилгоор бусдаас 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-д хэд хэдэн удаа хүргүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос хүлээж аваагүй ажээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, суурин MRI аппарат, зөөврийн эхо аппарат 250 ширхэгийг авахаар зарласан тендерийн явцад албан тушаалаа урвуулан ашигласан. Автомашинуудаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр тус тус худалдаж мөнгийг нь ашигласан. ЭМЯ-наас ХӨСҮТ-ын засварын ажилд зориулан шилжүүлсэн 99.1 сая төгрөгөөс 45 сая төгрөгийг “Монголын хүний хөгжлийн сан” ТББ-аас тус эмнэлэгт бөөрний аппарат нийлүүлсний төлбөрт авсан мэтээр хуурамч гэрээ байгуулах замаар авч ашигласан нь нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлж байжээ. Гэхдээ эдгээр хавтаст хэргээс нь төрийн өмч шамшигдуулсан гэх хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлсэн талаарх мэдээллийг албаныхан өгсөн юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Дондог нарыг УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон цагт хэргийг нь үргэлжлүүлэн шалгах бололтой.Ё.Сагсай: Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч байсан учраас шалгаж байгаа
Харин үүний дараа хамгийн их сонирхол татаж буй долдугаар сарын 1-ний хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. 2008 оноос хойш дөрвөн жилийг ардаа орхисон долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгаж шүүхэд шилжүүлээд байгаа юм билээ. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсайгаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл “Х.Тэмүүжин гишүүний яриад, үзүүлээд байгаа сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл ямар учиртай болохыг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт прокурорт өгөхөд шалгаж өгөхгүй байгаа” гэх утгатай ярилцлага өсгөн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар нотлогдох ёстой зүйлсийг бүх талаас нь шалгаад, тогтоогдсон, ходбогдох хүмүүсийг яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлээд байна. Тэгэхээр улсын яллагч яллах шаардлагатай гэж үзэж байгаа учраас хэргийг шүүхээр шийдэх бололцоотой гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ. Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой.
-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 294.2 буюу албаны эрх мэдлээ хэтрүүлснээс онц их хэмжээний хохирол учруулсан гэдгээр зүйлчилсэн. Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, Тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2-оор журамласан нь ямар учиртай юм бэ?
-Тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин хэргийг ерөнхийд нь журамласан зүйл ангийн тухайд гэвэл генерал Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274.2-т зааснаар зэвсэгт хүчин, бусад цэргүүд гэдэгт хамааруулж байгаа. Бусад цэргүүд гэдэгт дотоодын цэрэг багтдаг. Дотоодын цэргийн командлагч байсан Ч.Амарболдыг яллаж байгаа учир 274.2-т хамааруулсан. Харин 35 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон бол бүлэг болох ёстой. Үүнд захиалагч, зохион байгуулагч, хатгагч, эсвэл гүйцэтгэгчийн аль нэг байна гэсэн үг. Тэгэхээр яллагдагчаар татагдсан дээрх дөрвөн хүнийг гүйцэтгэгч хэмээн үзэж энэ заалтаар журамласан юм.
-Энэ хэрэгт холбогдож байсан цагдаагийн албан хаагчдын хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлсэн талаар хохирогч Ц.Энхбаяр ярьсан.Хүнийг санаатай алсан гэх энэ хэргийг цаашид шалгах уу?
-Нэгдүгээрт цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдаа холбоотой хэргийг, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй, мартсан гэсэн үг биш. Яваандаа шалгалт нь үргэлжлэх учиртай.
-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцах хангалттай хугацаа өгөөгүй гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хавтаст хэрэгтэй танилцахыг мөрдөн байцаагч хугацааа тогтоож өгөх ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. 27 хавтаст хэрэгтэй танилцахын тулд бүтэн жил гаруй зарцуулсан. Дараа нь хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгсөн. Боломжит хугацаандаа яллагдагчид болон тэдний өмгөөлөгч, хохирогчид олгосон хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. Үүнд ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй.
-Хөөн хэлэлцэх хугацааг хуулиндаа хэрхэн заасан байдаг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр албан тушаалтантай холбоотой хэргүүд хэрэгсэхгүй болж байна л даа?
-Аливаа үйл явдал болох нь цаг хугацаагаар хэмжигдэнэ. Үүний нэгэн адил аливаа гэмт хэргийг ч хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Цаг хугацааны явцад ач холбогдол нь алдагдаж, хор аюул нь буурах тохиолдол байна. Ийм учраас хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гээд заасан байгаа. Тухайлбал хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол зургаан сарын дотор, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил, хүнд гэмт гэмт хэрэгт 15 жил, онц хүнд гэмт хэрэгт 25 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Үүнээс хойш хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Харин цаазын ял сонссон бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
