ЗГ-т хазаарлагддаггүй шатахууны өсөлт

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

ЗГ-т хазаарлагддаггүй шатахууны өсөлт

2012 он гараад арваадхан  хонож буй хэдий ч Монголын эдийн засагт гэнэтийн түгшүүр зарласан нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр импортлогчид шатахууны үнийг 270 төгрөгөөр өсгөсөн явдал байлаа.  Ам.долларын ханшийн огцом өсөлтөөс улбаалж шатахууны үнийг нэмэхээр болсон талаар Засгийн газар түргэн авч хуралдсан хэдий ч шат дараатайгаар шатахууны үнийг нэмэх эрх баригчдын саналыг импортлогчид хүлээн аваагүй юм. Засгийн газрын хуралдаанаас шатахууны үнийг нэмэхийг буруутгаагүй бөгөөд харин нэм­лээ гэхэд шат дараатайгаар өсгөвөл иргэдэд үнийн дарамт учрахгүй, учир­лаа гэхэд өнөөдрийнх шиг үнийн хэт өсөлтийг мэдрэхгүй, эдийн засагт хям­рал нүүрлэхгүй гэдэг байр суурийг илэр­хийлсэн  ч харамсалтай нь үр дүнгээ өгч чадсангүй.

Шатахууны үнийн  өсөлт бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хөлсний дэвсгэр нь болдог, тэр ч утгаараа  Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнд тавих элдэв татваруудыг эргэн хардаг, сар сараар нь зохицуулах оролддого хийсээр ирсэн ч гадаад нийлүүлэлт Монголын эдийн засагт “тоглолт” хийсэн хэвээр байгаа юм. Ингээд өнгөрсөн онд газрын тосны бүтээг­­дэхүүний үнийн  асуудлыг Засгийн газраас хэрхэн шийдвэрлэж байсныг сонирхуулья.

2011.2.09: Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ. АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн бол дизелийн түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн онцгой албан татварыг “0” болгосон байна. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны хоёрдугаар сард А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байна. 

2011.3.09: ОХУ-ын Роснефть ком­па­ниас Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны гуравдугаар сард А-80 автобензин тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар буурчээ. Тиймээс Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 250 мянган төгрөг болгов. Харин А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ног­дуулж байсныг хэвээр үлдээж, бусад боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшний татварыг хэвээр мөр­дөхөөр болов.    

2011.4.06:
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 140 мянган төгрөг болголоо. Мөн АИ-92 автобензинд 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 мянга, дизелийн түлшинд 130 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 210 мянган төгрөг болгов.

2011.5.11: Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна.

2011.5.25:
Импортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоолоо. Энэ нь Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор автобензин, дизелийн түлш оруулж ирэхэд хамаатай юм. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай автобензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизелийн түлшинд татвар ногдуулахгүй юм байна.

2011.7.06: Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй бай­гааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

2011.11.09: Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ мэт гал унтраах маягаар асуудлыг шийдвэрлэж ирсэн газрын тосны салбарт баримталж буй өнөөдрийн бодлогыг өөрчлөхгүйгээр гадаад нийлүүлэлтийн шок өнөөдөр ч маргааш  Монголын эдийн засагт үнийн өсөлтөөр бэлэг барьсан хэвээр байх болов уу.

 Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж