“Айвенхоу”-гийн хувьцааны ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Айвенхоу”-гийн хувьцааны ханш буурчээ

Монголын Өмнөговь аймагт Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй ”Айвенхоу Майнз” компани (IVN.TO) болон тус компанийн хувьцааны 49 хувийг эзэмшигч уул уурхайн аварга ”Rio Tinto” групп, мөн Ухаа худаг коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй ”Энержи Ресурс”, Овоот толгойн ордод нүүрсний олборлолт явуулж буй ”SouthGobi Resources” зэрэг компаниудын олон улсын хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнэ ханшийн мэдээллийг хүргэе.

Оюутолгой төслийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг “Рио Тинто” группийн хувьцааны  (RIO:LN)  Лондоны хөрөнгийн бирж дээрх өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханш 3,313 фунт стирлинг болж, 0.2 хувиар буурсан бол (RIO:US) Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 51.24 ам.доллараар худалдаалагдаж, 1.024 хувиар буурсан байна. Рио Тинтогийн хувьцаа (RIO:AU) Австралийн хөрөнгийн бирж дээр өчигдөр 62.150 австрали долларын ханштай худалдаалагдаж, 0.592 хувиар буурчээ. Харин Канадын “Айвенхоу Майнз”-ын хувьцааны өнгөрсөн баасан гаригийн  хаалтын ханш (NYSE) Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.066 хувиар буурч, 18.570 ам.доллар байсан бол (TSX) Торонтогийн бирж дээр 19.040 австрали доллараар худалдаалагдаж, 0.522 хувиар буурчээ. “М-Си-Эс” групп, “Петровис” ХХК, “Шунхлай” групп зэрэг Монголын томоохон компаниудын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” компанийн Mongolian Mining Corporation хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 5.730 Хонконг доллараар худалдаалагдаж, 1.546 хувиар буурсан бол Берлиний хөрөнгийн бирж дээр 0.590 еврогийн ханштай байгаа аж. Мөн “Айвенхоу Майнз” хувьцааны 57 хувийг нь эзэмшдэг “SouthGobi Resources” компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 46.65 Хонконг долларын ханштай байгаа бол Торонтогийн хөрөнгийн биржид 6.38 австрали доллараар худалдаалагдаж, 0.04 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй дээрх компаниудын хувьцааны үнэ буурч эхэлснийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа юм.

“Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг эзэмшигч “Рио Тинто”-гийн гэрээний хугацаа энэ сарын 18-нд дуусгавар болох ч алт, зэсийн асар их нөөцтэй Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй Канадын компанийн эзэмшлийн давуу эрхийн төлөө “Рио Тинто” санаархаж, арбитрын шүүхэд хүртэл хандсан билээ. Гэвч “Айвенхоу Майнз” компанийн 16 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшигч цөөнхийн “хорын тун” хэмээн нэрлэсэн хувийг арбитрийн шүүх хангалттай гэж үзээгүй. “Айвенхоу Майнз”-ын хувьцааны давуу эрхийн төлөөх цусгүй тулаанд “Рио Тинто” эрт орой хэзээ нэгэн цагт ялах нь тодорхой гэж Риогийн хувьцаа эзэмшигч “Pengana Capital”-ын менежер Tim Schroeders “Ройтерс”-т мэдээлжээ. Түүний хэлснээр Оюутолгой төслийг хэрэгжүүлэх болон санд хөрөнгө оруулдаг цөөн хэдэн компани байдаг боловч тэд “Рио Тинто”-д дайн зарлаж зүрхлэхгүй гэнэ.

“Рио Тинто” групп 2006 оноос хойш “Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн хувьцааг худалдаж авах замаар Оюутолгой төслийг санхүүжүүлж, 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан аж. “Айвенхоу Майнз”-тай таван жилийн өмнө байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” дээд тал нь таван хувьцаа эзэмшигчийн 115 хүртэлх хувьцааг худалдаж авах эрхтэй бөгөөд үүний дараа 12 сар тутам эзэмшлийн хувьцааны таван хувийг худалдаж авч болно гэж заажээ. Нөгөө талаар хоёр компанийн давуу эрхийн хувьцааны төлөөх тэмцлээс залхаж,  удаан дуншиж буй Оюутолгой төслөөс ашиг олох нь үлгэр гэж санасан “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаж эхэлсэн аж. “Pengana Capital”-ын менежер Tim Schroeders “Айвенхоу Майнз”-ын хувьцаа унаж, “Рио Тинто” хувьцааг нь тэвчээртэйгээр худалдан авах байдал цаашид үргэлжилвэл Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд саад учирна” гэжээ. Монголын Засгийн газар 34 хувь, “Айвенхоу Майнз” 66 хувийг нь эзэмшиж буй Оюутолгой төслийг ирэх 2013 оны эхний хагаст хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Гэвч төслийг хэрэгжүүлэхийн өмнө цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлаар Хятадтай зөвшилцөх шаардлагатай аж. Евро бүсийн орнуудын өрийн хямралаас үүдэн Рио Тинто группийн хувьцааны үнэ унасанд Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах болсноо мэдэгдсэн нь бүр нэрмээс болж буй бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж