М.Батчимэг: С.Батболд дарга аа, багаа тайл аа

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

М.Батчимэг: С.Батболд дарга аа, багаа тайл аа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх, Ардчилсан намын гишүүдийн “Нэг Ардчилал” клубын зохицуулагч М.Батчимэгтэй ярилцлаа.


-Энэ удаад би тантай Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар бус, харин Ардчилсан намын гишүүн, тэр дундаа нам доторх фракцийн хэмжээнд үнэлэгдэх болсон “Нэг Ардчилал” клубын зохицуулагчийн хувиар ярилцах гэсэн юм. Өнгөрөгч пүрэв гаригт танай намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан нам Засгийн газраас гарах болсон тухай мэдэгдэл хийсэн нь олон нийтийн хувьд нэлээд цочир зүйл болсон, хэдийгээр нийгэмд энэ талаарх хүлээлт хэдийн бий болчихсон байсан ч гэсэн. Харин Ардчилсан намын доторх бүлэг фракциуд энэ талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?

-Энэ бол нам доторх цоо шинэ асуудал биш. Ер нь нэлээд урт хугацааны өмнөөс Ардчилсан нам засгаас гарах ёстой гэсэн үзэл бодолтой гишүүд нам дотор бий болсон, Засгийн газарт орохыг эхнээс нь дэмжээгүй хүмүүс ч олон бий. “Нэг Ардчилал”-ынхны хувьд ч ялгаагүй энэ шийдвэрийг зөв зүйтэй шийдвэр болсон, харин ч оройтсон байж магадгүй гэж харж байгаа. Ардчилсан намыг дэмжигчид, нийгэм, олон нийтийн хувьд ч энэ алхмыг хүлээж байсан гэж болно. Эхнээсээ хамтарсан Засгийн газрыг байгуулах санал тавьсан, байгуулсан хүмүүс ч өөрсдөө энэ Засгийн газрыг “стандарт бус” гэж томьёолж байсан шүү дээ. Олон намын тогтолцоотой улс орнуудад улс төрийн намууд хамтраад Засгийн газраа байгуулах явдал байдаг л даа. Гэхдээ манайх шиг харьцангуй хоёр намын тогтолцоо төлөвшөөд эхэлчихсэн орнуудад тэр зонхилох үүрэгтэй хоёр нам нь хоорондоо эвсэх тохиолдол өдрийн од шиг ховор зүйл. Маш онцгой тохиолдолд, гаднын дайн түрэмгийлэлд өртсөн, түрэмгийллээс улс орноороо хамтарч хамгаалах эрх ашиг бий болсон тохиолпдолд, эсвэл үүнтэй жиших хэмжээний том асуудлыг шийдэх болсон үед л улс төрийн хоёр том нам нь эвсч нэгддэг, Засгийн газраа байгуулдаг. Манайд ч цаашдаа сонгуулийн хууль өөрчлөгдөөд л олон намууд гарч ирэхгүй бол өнөөдөр үндсэндээ хоёр намын тогтолцоотой гэж болохоор байгаа шүү дээ.

Яах вэ, Тавантолгой, Оюутолгойн асуудлыг шийдэх нь Монголын эдийн засагт үсрэнгүй хөгжил авчирах юмаа гээд, нэг нам эрх барьж байгаа тохиолдолд энэ асуудал шийдэгдэхгүй учраас хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэдэг. Зорилго нь ийм байсан бол ойлгож болох талтай, тэр ч утгаар нь хүмүүс хүлээж авч байсан. Хамтарсан засгийг байгуулсан зорилго нь энэ байсан гэж үзвэл энэ Засгийн газар үндсэн зорилгодоо хүрчихсэн. Сайн ч бай, муу ч бай Оюутолгойн асуудал шийдэгдээд явчихсан, Тавантолгойн “галт тэрэг” бас хөдөлчихлөө, цаашаа яаж үргэлжлүүлэх вэ гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр хоёр нам хамтарсан зорилгоо биелүүлчихсэн. Цаашдаа Монгол Улсад үнэхээр л гэнэтийн ноцтой нөхцөл байдал үүсч даамжирдаггүй юм бол улс төрийн хоёр том нам нам нэгдээд явах шаардлага ойрын хугацаанд лав үүсэхгүй. Тэгэхээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт байх хугацаа дууссан, үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа.

-Яг энэ мэдэгдлийг намын дарга хэзээ хийх талаар нам доторх бүлгүүд мэдээлэлтэй байсан уу, эсвэл намын дарга ганцаараа шийдсэн үү?

-Ардчилсан нам засгаас гарах ёстой, ҮЗХ хороо энэ асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргах ёстой гэдэг дээр нам доторх бүлэг фракциуд санал нэгтэй байсан, намын даргын хувьд ч энэ тал дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан байх. Гэхдээ шинэ он гарангуут энэ тухайгаа зарласан нь бидний хувьд гэнэтийн, цочир зүйл болсон нь үнэн. Ардчилсан нам засгаас гарах ёстой вэ гэдэгт маш олон бодитой шалтгаан байгаа, ҮЗХ энэ асуудлаар улс төрийн дүгнэлтээ хэлэх байх. Нам доторх бүлэг фракциуд ч өөр өөрсдийнхөө өнцгөөс тайлбар хийж байгаа, цаашдаа ч энэ нь үргэлжилж таарна. Манай клубын хувьд ч бас энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Ардчилсан нам засгаас гарах 3-4 гол шалтгаан бий.

-Намын дарга Н.Алтанхуяг өмнө өгсөн ярилцлагадаа “Шийдэж чадах асуудлаасаа эхлээд шийдэж чадахгүйгээ хүртэл Засгийн газарт ажиллана” гэж байсан. Тэгэхээр сүүлд хийсэн түүний мэдэгдэл “үлдсэн асуудлыг Ардчилсан намын Засгийн газарт байснаар шийдэж чадахгүй нь ээ” гэж уншигдаж байгаа л даа. Хэдийгээр энэ тухай өөрөө хэлээгүй ч гэсэн…

-Намын дарга өөрөө Засгийн газарт орж, Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсны хувьд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж ярьсан байх. Ерөнхий сайдынх нь хэлж байгаагаар бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай яваа гэсэн. Гэхдээ Ардчилсан намын гишүүд, бүлэг франкциудын хувьд өөр өөрсдийн үнэлэлттэй байгаа. “Нэг Ардчилал” клубын хувьд, тухайлбал миний харж байгаагаар хоёр нам хамтрахыг ойлгож болох хамгийн том шалтгаан нь Оюутолгой, Тавантолгойн том төслийн хэрэгжилт л байсан. Үүнээс цааш явж болохгүй шалтгаанууд бий болчихсон учраас Ардчилсан нам  Засгийн газраас гарах ёстой.

-Тухайлбал, ямар шалтгаанууд?

-Хамгийн нэгдүгээрт тулчихсан асуудал гэвэл эдийн засаг маш их хүндэрч байна, ядуурал 39-40 хувьд хүрчихлээ. Гэтэл үүнийг шийдэх хоёр намын арга барил үнэхээр цаашдаа хамт явахын аргагүй зөрчилд хүргэж байна. Ардын намыг хар, үнэхээр ой гутмаар амлалтуудыг авч байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Ардын намын амласан амлалтууд иргэдийн амьдралыг өөд татдаг бол татахаар хэмжээнд хүрсэн. Гэтэл дөнгөж сая баталсан Сонгуулийн хуулинд “бэлэн мөнгөний амлалт авахгүй ээ” гээд заачихсан, тэр хууль нь талхаар бол халуунаараа байж байхад дахиад эхчүүдэд өгөх мөнгө, өөр юу юу гэнэ вэ, баахан нийгмийн халамжийн асуудал бариад УИХ дээр орж ирж байна. Төсвөө баталчихсан, багш нарын цалингаас болж төсөвтөө нэг удаа тодотгол хийчихсэн, одоо тэгээд дахиад хоёр дахиа тодотгол хийх гээд байгаа юм уу. Улсын төсвөөр ингэж тоглож болохгүй ээ. Төсөв гэдэг Ерөнхий сайдын ч, Ардын намын ч мөнгө биш, татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулах вэ гэдэг дээр уг нь бол Засгийн газар маш их хариуцлагатай хандах ёстой. Энэ их хавтгайруулсан нийгмийн халамжийн бодлого чинь Монгол Улсыг дампууруулж байна. Нэг хэсгийг нь ажиллах сонирхолгүй, амьдралын идэвхигүй болгож, ажил хийж байгаа хэсэгтээ маш их дарамт учруулж байна. Хамгийн ноцтой нь эдийн засгийг өөд татах бус, сүйрэлд оруулж байна. Хамгийн сүүлийн жишээ хэлье. Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа эрх баригчид өөрсдөө валютын ханшийн хөөрөгдөлтэй холбож тайлбарласан. Гэтэл Монголбанк валютын ханш ингэж өсөх шалтгаан байхгүй гэж хэлээд байгаа. Эдийн засагчид Монголд долларын хөрөнгө оруулалт ихээр орж ирж, экспорт нэмэгдэж байгаа тохиолдолд долларын ханш өсөх биш, харин ч монгол төгрөг өөрөө хамгийн тогтвортой валют байх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл Монголбанкийг инфляциа тогтоон барих боломжгүй болтол нь бэлэн мөнгө тарааж байна шүү дээ, энэ Засгийн газар. Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдсэн нь мэдээж долларын ханш өсөхөд нөлөөлж байгаа. Үүнийг Засгийн газар мэдэхгүй биш, мэдэж байх ёстой. Тэгээд ямар бодлогоор ийм зүйл хийгээд байгаа нь үнэндээ ойлгомжгүй байна. Цаашдаа Ардчилсан нам ийм бодлогыг хүлцэн тэвчээд Засгийн газарт байх үнэхээр боломжгүй. Энэ бол хамгийн том шалтгаан. Эдийн засгаа аварья л гэвэл ийм арчаагүй, үхээнц загнаад, халамжийн мөнгө тараагаад байх биш, эдийн засгийн дорвитой бодлого хэрэгжүүлэх ёстой. Ажлын байрыг үнэхээр нэмэгдүүлмээр байгаа бол ажлын байр нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийг тэр хэмжээгээр нь татвараас чөлөөлөөд өг. Тэгвэл бизнесийнхэн ч гэсэн энэ авлигач төрд мөнгөө тушааж байхаар ажилчдаа нэмээд, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлээд явахыг л эрхэмлэнэ. Хувийн хэвшилд энэ боломжийг нь олгож байгаа нөхцөлд л ажлын байр бодитойгоор нэмэгдэнэ. Өнөөдөр багш, эмч нарын цалинг нэмнэ л гэж байна. Гэтэл тэр нэмэгдсэн хэмжээгээр нь нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар авч байгаа шүү дээ. Ажил олгогч, ажил эрхлэгч хоёр нийлэд 20 гаруй хувийн татвар төлж байгаа. Цалинг нэмэхийн оронд тэр олон татваруудаа л багасгачих юм бол нэг талаас хувийн хэвшилд очиж байгаа татварын дарамт ч багасна, нөгөө талаас иргэдийн гар дээрээ авдаг цалин ч бодитойгоор нэмэгдэгдэнэ. Төр бүх мөнгийг өөр дээрээ төвлөрүүлээд, тэндээсээ дахиж хуваарилна гэдэг утгагүй, социалист бодлогоосоо салах ёстой. Энэ цалин тэтгэврийн нэмэгдэл, бэлэн мөнгөний тараалт, түүнийг дагасан инфляцийн хөөрөгдөл чинь эргээд нөгөө ажил эрхэлж байгаа хэсэг, хувийн хэвшлийнхэндээ л бөөн дарамт болохоос хэтрэхгүй байна. Нөгөө талд нь нийгмийн нэг хэсгийг ямар ч ажил хийх сонирхолгүй, амьдрах чадваргүй болгон хувиргаж байна. Үүнийг мэдсээр байж ийм бодлого явуулаад байгааг цаашдаа тэсэх аргагүй л гэж би хувьдаа болож байна.

-Төсөв батлаад хэдхэн хонож байхад багш нарын цалинг ирэх сараас нэмэх асуудлыг Ерөнхий сайд бас л дангаараа шийдчихсэн биз дээ, хэдийгээр Засгийн газрыг хуралдуулсан гэж байгаа боловч…

-Тэгж л харагдсан шүү дээ. УИХ дээр энэ асуудал яригдаагүй, Засгийн газар ч нухацтай авч хэлэлцээгүй байхад С.Батболд гадаадаас ирээд л огцом шийдчихсэн. Ерөнхий сайд нь багш нарын цалин нэмэх шийдвэр гаргачихаад байхад Төсвийн байнгийн хорооны дарга нь "Эх үүсвэрийг нь хаанаас гаргахыг мэдэхгүй" гээд л сууж байгаа байхгүй юу.

-Ер нь л өнгөрсөн гурван жил хагасыг харахад Ардчилсан нам Засгийн газарт ажиллахдаа өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэхээсээ илүү МАН-ын амлалтыг хэрэгжүүлэгч, эрэг шураг нь болоод хувирчихсан юм биш үү, хатуухан хэлэхэд. Ардчилсан намын сайд нарыг асуудал оруулахаар танхим нь дэмждэггүй гэсэн гомдол, шүүмжлэл ч бас нэг бус удаа гарч байсан?

-Энэ бол үнэхээр намын гишүүд, дэмжигчид, асуудлын наадах цаадахыг ялгаж салгадаг хэсгийг, бухимдуулж байгаа асуудал мөн. Өнгөн дээрээ хамтарсан засаг гэж яриад, улс орны эрх ашгийн төлөө хамтарлаа гэх боловч бодит байдал дээр энэ төсвийн мөнгөөр Ардын нам л өөрийнхөө “пиар”-ыг хийж байна. “Шинэ бүтээн байгуулалт” гэж маш том бүтээн байгуулалтын хөтөлбөрийг Ардчилсан намын сайд оруулж ирээд УИХ-аар батлуулсан, өнөөдрийг болтол нэг ч төгрөгийн санхүүжилтгүй хэвтэж байх жишээтэй. Төрийн батлан хамгаалах бодлогыг Засгийн газар дээр хэлэлцэх гээд оруулахад Ардчилсан намын сайдтай учраас үндсэн чиг үүргийн яам болох Батлан хамгаалах яамны дүгнэлтийг биш, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дүгнэлтийг Засгийн газрын дүгнэлт гээд оруулж ирж байна. Батлан хамгаалах бодлогыг хэлэлцэж байхад шүү дээ. Сая үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойгоор хамтарсан засгийн газрыг толгойлж байгаа Ерөнхий сайд нь Ерөнхий сайдын хувиар биш, МАН-ын даргын хувиар үг хэлсэн. Энэ болгон чинь Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, юмыг ялгаж салгадаг иргэдийн хувьд тэсвэрлэхийн аргагүй байдал руу түлхэж байна. Хоёр дахь том шалтгаан нь энэ.

Ардчилсан нам засгаас гарах ёстой гурав дахь ноцтой шалтгаан нь энэ хоёр нам үнэт зүйлсийн хувьд нэг Засгийн газарт байж чадахааргүй түвшинд хүрсэн байна. Хууль, шүүхийн асуудал, авлигатай тэмцэх, төрийн албыг нийтийн алба болгох гээд Ардчилсан намын гишүүдээс өргөн барьж байгаа бүх асуудал МАН-ын бүлгээс дэмжлэг авахгүй унаж байна. Хамгийн сүүлд тохиолдсон, маш их эмзэглүүлсэн нэг зүйл бол долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний ар гэрээс Монголын төр уучлал гуйхыг МАН эсэргүүцсэн, өөрсдийгөө буруугүй гэж үзсэн, өмгөөлөх гэж оролдсон. Хүний амь, монгол хүний үнэ цэнийг ингэтэл нь үгүйсгэж байгаа явдлыг Ардчилсан нам зүгээр хараад нэг Засгийн газарт сууж болохгүй гэдгийг маш олон хүн хэлж байсан.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч бас долдугаар сарын 1-ний хэргийн буруутныг тогтоох, хариуцлага тооцох асуудал байгаа даа, уг нь?

-Долдугаар сарын 1-ний хэргийг шалгаж, ард иргэддээ тайлбар өгнө гэж байгаа. Дараагийнх нь сонгуулийн хуулийн өөрчлөлт байна. Пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцоог бий болгоно гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан шүү дээ. Гэтэл энэ талаарх Ардчилсан намын санаачилгыг бойкотлосоор байгаад өнөөдөр өөх ч биш, булчирхай ч биш болгоод гаргасан. Энэ чинь дахиад хүмүүсийг бухимдуулж байна. Хоёр улс төрийн хүчин үнэхээр хамтарч л байгаа юм бол хоёр талаасаа л асуудлаа тавих ёстой, дандаа олонхиороо хүч түрж асуудлыг шийдэж болохгүй биз дээ. Дөрөв дэх шалтгаан нь Ардчилсан нам, Ардын нам хоёрын хооронд үнэхээр соёлын том ялгаа байна. Ямар ч нам дотор зөрчил, үзэл бодлын зөрөлдөөн байдаг. Ардчилсан нам энэ зөрчлөө ил гаргаад, үзэлцвэл үзэлцээд, асуудлаа шийдээд, маргаанаа хагалаад цаашаа явдаг. Ардын намд тийм зүйл алга, бодит байдлаас дандаа зугтаж, гоёчилж ирсэн. Энэ байдал нь асуудлыг үнэхээр даамжруулж байна. Өнөөдөр Ерөнхий сайд нь “Эдийн засаг 20 хувиар өслөө” гээд л яриад яваа. Гэтэл тэр 20 хувийн өсөлт хаана байна, бидний амьдралд яаж наалдсан юм гэдэг асуулт иргэдийг бухимдуулж байна. Хамтарсан Засгийн газарт суучихаад ийм өсөлтийн тухай ярих нь Ардчилсан хувьд ч ичгэвтэр. Энэ жилийг Засгийн газар “Өрхийн амьжиргааг дэмжих жил” болгож зарласан, тэр нь одоо бензиний үнийн өсөлтөөр л эхэлж байна шүү дээ. Ерөнхий сайд “Ажлын байр 72 мянгаар нэмэгдсэн” гэж ярьж байгаа. Гэтэл НХХ-ийн яамнаас гаргасан статистикаар ажилгүйчүүдийн тоо 70 мянгад дөхсөн, ажилгүйдэл өнгөрсөн оноос 20 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Ажлын байр шинээр бий болж болно, эцсийн дүндээ ажилгүйдэл хэдэн хувиар буурсан бэ гэдгийг л ярихаас биш, “ажлын байр тэдээр нэмэгдлээ” гээд нэг талыг нь бариад шоудаад байж болохгүй шүү дээ. Яагаад салбарын яам нь ийм статистик гаргачихаад байхад Ерөнхий сайд нь огт өөр зүйл яриад байгаа юм. Ийм худал хуурмаг улс төр, ийм зузаан багтай жүжиг тавьж болохгүй ээ. Энэ нь ч Ардчилсан намын гишүүдийг хаалга саваад гарахад хүргэсэн байж болно.

-Ардчилсан нам Засгийн газраас гарахаа зарласны маргааш ажлын хэсэг бензиний үнийг нэмсэн. Урьд нь Засгийн газрын хуралдаанаар шийддэг байсан асуудлыг Газрын тосны газар дангаараа дур мэдээд шийдсэн. Магадгүй эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн учир шалтгаантай байсан юм биш үү?  

-Ийм дүгнэлт хийхэд арай эрт байна. Магадгүй УИХ энэ асуудлаар ажлын хэсэг гаргаад шалгаж, асуудлыг тодруулах байлгүй. Бензиний үнийн өсөлт гэдэг бол ард иргэдийн амьдралд дэндүү нөлөөтэй зүйл, улс төржүүлж тоглодог тоглоом биш. Гэхдээ үнэхээр өөрийн чинь хэлж байгаа шиг, “арай ч дээ” гэмээр л харагдаж байна. Газрын тосны газрын дарга нь “Нэмэх ёстой зүйлийг л нэмсэн. Шалтгааныг нь та нарт харуулна” гэж сайрхаж байна лээ. Ер нь бол валютын ханш нэмэгдээд байгаа чинь саяын хэдхэн хоногийн ч асуудал биш шүү дээ. Газрын тосны газрынхан ч өөрсдөө “шатахууны 16 хоногийн нөөц бий. Хуучин гэрээгээр татагдаад ирж байгаагаа оруулбал сарын нөөцтэй” маягийн зүйл ярьж байна лээ. Үнэхээр нэмэхээ мэдэж л байсан бол, яаж ард түмний амьдралд нөлөөлөхийг нь мэдсээр байж нэг сар, хоёр сарын өмнөөс бэлтгэлээ хийгээд, шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь судлаад “Бензиний үнэ тэдээр нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ ингэж нэмэгдэнэ, үүнээс илүү нэмэхгүй шүү” гэдэг зохицуулалтаа хийгээд, хяналтаа тавьж байгаад нэмэх хэрэгтэй биз дээ. Үнэхээр л хариуцлагатай Засгийн газар юм бол. Гэтэл тийм юм байхгүй, цагдаагийнхан хашраах гэсэн хүнээ баасанд барьж хориод даваад тавьдаг гэдэг шиг л зүйл болж байгаа байхгүй юу. Тав дахийн орой хуралдаад л нэмчихсэн, ард иргэдэд ямар ч тайлбар хийгээгүй. Зарим телевээр ярьж байна лээ, “Бензиний үнэ нэмэгдсэн Ардчилсан нам засгаас гарсантай давхацлаа” гэж. Хэрвээ МАН иймэрхүү шоу зохион байгуулах гэж байгаа бол ард түмэн үүнийг чинь ялгаж салгана аа. Ийм зүйлээр тоглож болохгүй гэдгийг хариуцлагатай улс төрийн хүчин бол мэдэж л байх ёстой.

-МАН-ын дарга Ардчилсан нам засгаас гарах болсон тухайд огт мэдээгүй гэсэн байсан, арай ч үгүй байлгүй дээ. Ер нь л тэгээд Ардчилсан нам л гэрээнээсээ буцсан, ухарсан гэдэг нэр хочийг араас нь зүүгээд эхэллээ л дээ?

-Н.Алтанхуяг даргын мэдэгдлийн дараа “Би ийм мэдэгдэл хийнэ гэж бодоогүй. Өчигдөрхөн хүртэл хамтраад тийм сайхан зүйл хийнэ гэж бодоод, яриад явж байсан” гэж ярьсан байна лээ. Ардын намын дарга байтугай ард түмэн мэдээд, Ардчилсан намын доторх уур амьсгал тийм болчихоод байхад засаг толгойлж байгаа Ерөнхий сайд мэдээгүй байсан гэвэл хэтэрхий хариуцлагагүй байна. Мэдсээр байж тийм жүжиг тавьж байгаа бол явахгүй дээ. Тэгэхээр Ерөнхий сайд аа, жүжиг чинь хэтэрч байна, тайзнаасаа халиад гараад явчихлаа, одоо багаа тайл аа. Асуудлыг үнэнээр нь ярих цаг болсон, амьдрал хүндэрч байна. Та нар үнэнийг ярихгүй байгаа учраас Ардчилсан нам засгаас гарахаас аргагүй гэдгийг л хэлмээр байна. Хоёр намын хамтарсан асуудлыг гэр бүл, эр эмийн асуудалтай хольж хутгаад хэрэггүй ээ. Эрх биш ҮЗХ нь буцаах байлгүй дээ гэсэн байна лээ. Тэгэхгүй гэдгийг нь мэдсээр байж ийм жүжиг тавиад хэрэггүй шүү дээ. Хэрвээ дангаараа засгаа бариад явж чадахгүй гэж байгаа бол “Монгол улсын тусгаар тогтголыг манай нам л бий болгосон” гэж ард түмний тархийг угаахаа боль. Үнэхээр өөрсдийгөө том нам гэж бодож байгаа бол үлдсэн хугацаанд эдийн засгаа дампууруулчихгүй шиг авч яваад сонгууль хүргэхээ бод оо л гэж хэлмээр байна. Бусдаар гийгүүлэхээ больё, зүгээр энэ эдийн засгийг хямруулчихгүй, сөхрүүлчихгүй шиг л сонгуульд аваад ор. Тэрний төлөө Ардчилсан нам “наад халамжийн дампуу бодлогоо боль” гэдгийг дотор нь суух биш, гадна нь гарч сөрөг хүчний хувьд шаардах цаг нь болсон.  Ер нь бол маш урт удаан хугацааны зөрчил, хагарал явсаар байгаад л өнөөдөр туйлдаа хүрч, ийм шийдвэрт хүргэж байгаа шүү дээ. Хамтарсан Засгийн газрын нэрэн дор нуух гэж оролдож байсан худал хуурмаг, багийг хуу татахад Х.Баттулга сайд маш их үүрэг гүйцэтгэсэн.

-Х.Баттулга сайдын сүүлд өгсөн ярилцлагын тухай хэлж байх шиг байна. Х.Баттулга сайд үнэхээр намынхаа төлөө үүнийг хийсэн үү, эсвэл намын дарга болохын төлөө юу гэдгийг би хувьдаа ялгаж салгаж чадахгүй байна л даа. МоАХ фракци бол намын даргын сонгуульд бэлтгээд л байх шиг харагдсан шүү дээ. Харин Н.Алтанхуяг даргын энэ мэдэгдлийн дараа яаж өрнөхийг мэдэхгүй байна…?

-Х.Баттулга сайд намын дарга болохыг хүсч байгаа эсэхийг бол би мэдэхгүй, өөрөө ч энэ талаар хөндөж ярьж байгаагүй. Зүгээр тэр хүний бүхимдал маш эртнээс эхэлснийг би мэдэж байна. Засгийн газрын хуралдаан дээр сууж байхад ч харагдаж л байдаг, салбарынх нь ажлыг үнэхээр явуулахгүй байсан шүү дээ. Тэр бухимдал нь эцэстээ хүрээд тэсэрсэн л гэж бодож байна. Тэсрэхдээ хамтарсан Засгийн газрын багийг, хөшгийг ямар ч бэлтгэлгүй байхад нь яраад өгчихсөн шүү дээ. Ардчилсан намын өмнө тулгарч байгаа маш том зорилго бол 2012 оны сонгуулиар энэ улс төрийн хуурмаг багийг хуу татах, байгаа байдлаа бодитоор нь үнэлж цэгнэх, яриад байгаа хууль шүүхийн шинэчлэлээ явуулах, сонирхлын зөрчлийн хуулийг баталж төрийн түшмэлүүдийг авлигаас салгах, төрийн албыг шинэчилж цомхон чадвартай болгох, эдийн засгийн бодлогоо иргэд рүүгээ чиглүүлэх. Үнэхээр уул уурхайгаас их орлого олоод байгаа юм бол тэр мөнгөөрөө төсвөө санхүүжүүлээд бусад бизнестээ босч ирэх боломжийг нь олго л доо. Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндээ дэмжих гэж байгаа бол түүн лүү оруулж байгаа хөрөнгө оруулалтыг л татвараас чөлөөлчих. Заавал төсөв, түшмэлүүдээр дамжиж баялгийг хуваарилах шаардлагагүй. Төр бүх зүйлд хутгалдаж байгаагаас болоод л энэ авлига, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн чинь улам гаараад байна. Тийм учраас төрийг цомхон болго, чадварлаг болго, мэргэжлийн болго. Ардчилсан намд энэ бодлого нь байгаа. Үүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ бол Ардчилсан намын энэ улс орны өмнө хүлээж байгаа хариуцлага. 

-Одоо сэдвээ жаахан өөрчилье. “Нэг Ардчилал” нам доторх фракц мөн үү? Танай гишүүд “биш ээ, бид нээлттэй” гэдэг. Гэтэл бусад бүлэг франкциуд танай руу халдаж орохгүй байхыг бодоход фракци мөн биз дээ?

-Фракци гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаална. Хэрвээ намынхаа удирдлагад баярласан юм уу, гомдсон хүмүүс нийлж байгуулаад эрх мэдэл, албан тушаалын төлөө явдаг, тохироо хийдэг гэсэн олонхи хүмүүсийн уламжлалт ойлголтоор фракци гэж нэрлэх гэж байгаа бол би “биш” гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ бол “Нэг Ардчилал” дээр яригддаг сэдэв биш. “Нэг Ардчилал”-д УИХ-ын хоёр л гишүүн бий, Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх, ҮЗХ-ны дөчөөд гишүүнтэй. Хэрвээ фракци гэдгийг үзэл бодлоороо нэгдээд, зорилгоо тунхаглаад явж байгаа хүмүүсийн нэгдэл юм гэж улс төрийн сонгодог утгаар нь ойлговол “Нэг Ардчилал” фракци мөн. Ардчилсан нам либерал үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс төрийн нам байх ёстой. Энэ үзлээ бид нийгэм, хүмүүс эргэлзэж гайхахгүй байх хэмжээнд ойлгомжтойгоор томьёолж, намын бодлогодоо тусгаж, цаашлаад төрийн бодлого болгон хэрэгжүүлэх ёстой. Энэ үзэл санаагаар улс орноо шинэчилж, эдийн засгаа хөгжүүлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хэсэг залуусын л нэгдэл. Ийм итгэл үнэмшлээрээ энэ залуусын цөм нь нэгдсэн учраас “Нэг Ардчилал”-ын нэгдэл нэлээд урт настай байна гэж би бодож байгаа. Үзэл санааны нэгдэл илүү урт настай  байдаг шүү дээ. “Нэг Ардчилал” өнөөдөр Ардчилсан намын нэлээд хүчтэй хэсэг нь, маргаашийн Ардчилсан намын ирээдүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж