
Нөөцийн махыг 2400-3500 төгрөгөөр худалдана
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр нөөцийн махны үнийн талаар ярилцсан байна. Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж 22 компанитай гэрээ байгуулан 6,8 тэрбум төгрөгөөр 12 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн борлуулж эхлэх бөгөөд үнийг зах зээлийн үнээс доогуур буюу 1500-2000 төгрөгөөр татуу буюу өнгөрсөн жилийхтэй адилхан үхрийн мах кг нь 3500, хонины мах кг нь 3000, ямааны мах кг нь 2400 төгрөгөөр тус тус худалдаалах юм байна. Савлалтын хувьд 1-3 кг-аар савлаж, нөөцийн мах гэсэн шошготойгоор гаргахаар болжээ. Ингэж жижгээр савладаг нь бага орлоготой өрхөд дэмжлэг болох, албан байгууллага, ресторанууд ихээр авахыг багасгаж байгаа гэж хотын Ерөнхий менежер Ч.Бат хэлсэн юм. Нөөцөд бэлтгэсэн махыг долдугаар сар хүртэл худалдах боломжтой. Түүнчлэн цагаан сараас өмнө махны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна. Энэ худалдаа махны үнэ ханшийг тогтвортой болгоход мөн нөлөөлнө гэж үзжээ. Мөн есөн дүүргийн 310 орчим цэгээр 12 мянган тонн нөөцийн мах худалдах гэнэ. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн компаниудад махны кг тутамд 500 төгрөгийн урамшуулал өгдөг байсан бол долларын ханш, шатахууны үнийн өсөлтийг харгалзан үзэж 650 төгрөг олгохоор болжээ.
Нөөцийн мах хуваарилах, худалдах ажилд хороодын дарга нар оролцож махны чанар дээр онцгой анхаарах учиртайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр шуурхай зөвлөгөөн дээр анхааруулсан юм. Энэ жилийн тухайд мах бэлтгэлийн үнэ өмнөх жилээс 1000 төгрөгөөр илүү байжээ. Шалтгаан нь малчдын мах бэлтгэлд малаа өгөх сонирхол эрс багассан байна. Өмнөх жилүүдэд наймдугаар сараас махны үнэ буурдаг байсан бол өнгөрсөн жил наймдугаар сараас эхлэн махны үнэ тогтмол өсчээ. Энэнь хятадуудаас болсон бөгөөд тэд хөдөөгөөр явж малчдаас өндөр үнээр мах худалдан авах болжээ. Хятадууд нүүрсэн дор ямааны махыг их хэмжээгээр нууж зөөх болсон нь хил гаалийн шалгалтаар илэрчээ.
Татварын 4,9 тэрбум төгрөгийг буцааж олгожээ
Үүний дараа татварын тогтолцооны шинэчлэлийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үр дүнг танилцуулсан юм. Тухайлбал, 2007 онд орон сууц худалдан авах болон сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөөр 805 сая төгрөгийг иргэдэд буцааж олгосон бол 2011 онд 4,9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдсэн талаар Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар мэдээллээ. Сүүлийн дөрвөн жилд хөнгөлөлт чөлөөлөлт байнга нэмэгдэж буйг татварын хөнгөлөлтийн буцаан олголтын үнийн дүн найм дахин нэмэгдснээс харж болно гэв.
Өвлийн хотуудын 15-р чуулган болно
Энэ сарын 13-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган зохиогдох юм байна. Чуулганд зургаан улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцох юм. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдсан байна. “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биенээсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг аж. Мөн жил бүр зохион байгуулдаг нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Лондон-2012-Олимп” өвлийн өдөрлөг энэ сарын 14-нд Хандгайтын “Янзага” зусланд зохиогдох гэнэ. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл дүүргүүдтэй хамтран СӨХ-үүдийн ажил байдлыг шалгахаар болжээ. Түвшин тогтоох энэхүү үзлэг энэ сарын 15-наас эхлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж гүйцэтгэснээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд энэ сарын 24-нөөс шалгуулахаар болсон байна.