“Женко” Х.Баттулга та тавтай морил

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Женко” Х.Баттулга та тавтай морил

МАНАН сарнив. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН, МАН хоёр ана, мана үзэлцэх нь тодорхой боллоо. АН-ынхан “Хамтарч баталсан мөрийн хөтөлбөрөө чадах чинээгээрээ биелүүлсэн” гэж үзээд жинхэнэ барууны үзэл баримтлалтай намын ёсоор сонгуульд өрсөлдөх гэнэ. Харин өрсөлдөөнд АН-ыг хэн удирдан орох бол. Х.Баттулга уу, Н.Алтанхуяг уу.

“АН-ын ҮЗХ-ны хурал­даан энэ сарын 21-нд болно” гэсэн мэдээлэл гарсан. Ху­ралдааны үеэр АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрийг ба­талгаажуулна. Бас намын даргаа огцруулах эсэхийг өмнө ярьж байсанчлан хэ­лэлцэх нь. Нэг ёсондоо Монголын улс төр хийгээд АН-д “Женко” Х.Баттулгын эрин үе эхлэх гэж байна.

АН-ынхан “Н.Алтанхуяг дарга хүндээр “өвчилсөн” Ардчилсан намыг эмчлэх алхмыг өөрөө бус, өрөөлийн оролцоотойгоор хийж чадлаа” гэлцэж байна. Догь байгаа биз. Гэхдээ засгаас гарах шийдвэр гаргасан нь түүнийг намын даргаар үлдээх хангалттай шалтгаан биш ажээ.  

АН-д даргын суудлын төлөөх тулаан эхлээд удаж байгаа. Харин энэхүү тулааны өрсөлдөгчдийн дундаас АН-ын МоАХ фракцийг тэргүүлдэг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын нэр хамгийн түрүүнд яваа. Тиймээс л “Х.Баттулгын эрин үе эхэлсэн” гэсэн хэрэг. УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбоог тэргүүлдэг З.Энхболдыг саяхныг хүртэл хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэж байсан юм. Гэхдээ “З.Энхболд АН-ын дарга болох ёстой” гэж хэлэх нэгэн байхад “Х.Баттулга АН-ыг удирдахад болохгүй зүйл үгүй” гэх хүн түүнээс ч олон байгаа. Уг нь МҮДН, соцдек, “Зүүн хойд Ази” фракцийг өөртөө нэгтгэж чадсан З.Энхболд түүний хүчтэй өрсөлдөгч болж чадах байлаа. Гэхдээ одоо “Х.Баттулга, З.Энхболд хоёр нэгдлээ” гэх яриа улс төрийн хүрээнд хөвөрч явна. МоАХ үүссэний 22 жилийн ойн баярын хурал дээр Ардчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар хүрэлцэн ирж, түүнд баяр хүргэсэн нь дээрх яриа үнэн болохыг нотолсон гэлтэй. АН-ын удирдлагыг гартаа авахаар ил, далд тэмцэлдэж байсан хэрнээ ийнхүү хөтлөлцөн гарч ирсэн нь “Н.Алтанхуягийг намын даргын суудлаас нь буулгахын төлөө хүч хавсрахгүй бол болохгүй нь. Дангаараа ялалт байгуулж чадахгүй” гэж үзсэнтэй холбоотой гэж дүгнэх хүн олон байгаа. Тиймээс АН-ын даргаар “Женко” Х.Баттулга сонгогдох магадлал өндөр байгаа юм. АН доторхи нөлөө бүхий фракциуд ийнхүү нэгдсэн нь АН-ыг хүчирхэгжүүлж, ирэх сонгуулиар ялах магадлал нь улам нэмэгдэж байна. АН сонгуульд ялалт байгуулбал Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. АН хамтарсан Засгийн газраас гарахаар болсонд МоАХ, Ардчилсан хүчний холбоо, “Нэг Ардчилал” фракцийнхны шахалт хамгийн их нөлөөлсөн. Тэр дундаа МоАХ-ны. Тэр ч бүү хэл засгаас гарах болсон нэг гол шалтгаан нь Х.Баттулга сайдтай холбоотой аж. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Ерөнхий сайд улс орны бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой зардлыг баталж өгөхгүй байгаа нь засгаас гарах нэг шалтгаан” гэдгийг нуухгүй байна. “Женко” Х.Баттулга С.Батболдын танхимын сайдын суудлаас улс төрийн хүрээний голлон тоглогчийн суудалд шилжиж байна. МАН-ынхан өнгөн дээрээ АН-ынхныг засгаар гарсанд харамсаж байгаа ч цаагуураа “АН-ынхан ийм шийдвэр гаргаснаараа өөрсдөдөө эрсдэл учруулж байгаа. Тэд эдийн засгийн хувьд хүнд байдалд орно” хэмээн тавлаж байгаа сурагтай. Тиймээс улс төрийн болоод эдийн засгийн байдлаа бодсон ч АН-ынханд “Женко” Х.Баттулгаас өөр сонголт бараг алга. Ямартай ч “Женко” Х.Баттулга та их улс төрийн өрсөлдөөний тавцнаа тавтай морил.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж