Монгол Улс эдийн засгийн шоконд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Монгол Улс эдийн засгийн шоконд орлоо

Н.АЛТАНХУЯГ ДАРЬТАЙ ТОРХЫГ ДЭЛБЭЛЛЭЭ
Ардчилсан намын дарга Н.Ал­­танхуяг хамтарсан Зас­­гийн газраас гарахаар болс­ноо өнгөрсөн пүрэв га­рагт мэдэгдсэн. Улс төрийн хү­рээнийхнийг цочроосон түү­ний мэдэгдэл Мон­го­лын эдийн засаг, ард тү­мэнд ямар гээчийн хор хохирол авчирсныг өнгөрсөн баа­сан гарагт эхэлсэн үнэ, хан­шийн хям­рал харууллаа. Яагаад ганц­хан өдрийн дотор ша­та­­хуу­ны үнэ 260 төгрөгөөр нэ­­мэг­­дэж, ам.долларын ханш 1470 төгрөгт, махны үнэ 7000 төгрөгөөс давав. Үүний цаана ердөө л улстөрч Н.Ал­тан­­хуя­гийн “Женко” Х.Баттул­га­тай зарласан өчүүхэн “да­жин”, түүнээс түрүүлж хам­тарсан Засгийн газраас гарах санал, санаачилгыг дэвшүүлэх ша­лихгүй эрх ашиг байсан юм. Яа­гаад гээч. Нэг л жишээ дурьдъя. Засгийн газраас “Энэ сараас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргана” хэмээн мэдэгдэж байсан. Дээр нь “Хэдийгээр танаж, хассан “жүжиг” үзүүлсэн ч хэт тэлэлттэй баталсан төсвөөс болж манай улсын эдийн засаг гадаад нөлөөллийн асар хүчтэй шоконд орно” гэдгийг зарим эдийн засагч сануулж байсан ч Засгийн газар, УИХ огтхон ч тоогоогүй. Дээр нь сонгуулийн өмнөх жилд инфляци ч өсдөг, эдийн засгийн хямрал эхэлдэг, мах, валют, шатахууны үнэ “хөөрдөг” уламжлал маягийн гажуудал бий болчихоод байгаа. Уг нь энэхүү хямралын эхний шок Монголын, Хятадын цагаан сарын өмнөхөн хүч түрэн орж ирэхэд бэлэн болчихоод байна хэмээн мэргэжлийн хүмүүсийн таамаглал ч дуулдаж байв. Энэчилэн хэд хэдэн дарьтай торх зөвхөн улс төрийн хямралаас галтай оч хаяхыг л хүлээж байсан юм. Гэтэл тэр очыг Н.Алтанхуяг хаяж, эдийн засгийн хямралыг хугацаанаас нь хавьгүй эрт эхлүүлчихэв.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА СОЁЛТОЙГООР ХЭРЭЛДСЭН НЬ

Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газраас гарах болсон үндэс­лэлээ тийм ч тодорхой тайл­барлаж чадахгүй байна билээ. Арга ч үгүй юм. Ямар “Би Х.Баттулгаас урьтаж Засгийн газраас гарахаа мэдэгдэхгүй бол болохгүй байна” гэлтэй биш. УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга түүнийг эзгүйд, 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдын хувьд Засгийн газарт байгаа өөрийн намын сайд нарынхаа байр суурийг хамгаалдаг, энэ талаар ямар нэгэн алхам хийдэг байх. Та нарт  бололцоо олгох талаар хэр ажилладаг вэ” гэсэн асуултад “Өөрөө бол хийсэн л гэж ярьдаг юм. “Ажил явахгүй байна аа” гэхээр “Ажил чинь явж л байгаа шүү дээ” гэдэг. Би сүүлийн үед уулзах болгондоо ам муруйдаг болсон. Өнгөрсөн 2011 оны хавар манай ҮЗХ хуралдаад “Энэ их том бүтээн байгуулалтыг хийхийн тулд АН хамтарсан засагт байж байг” гэж үзсэн юм. Одоо  тайлангаа тавих цаг болж байна. Олон гишүүн олон талаас юмаа ярина биз. Хамтарсан Засгийн газарт ороход манай ҮЗХ хуралдаж санал хураагаад “Монгол Улсын хөгжлийн төлөө хамтарна” гэсэн зорилготой байлаа. Тэгэхээр ҮЗХ тайланг нь сонсоод дүгнэлтээ гаргах биз” хэмээн хариулжээ. 

Хариуд нь Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагаараа  “АН энэ засагт 15 сайдаас зургаан сайдын суудалтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажиллаж байгаа, бас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүг­нэж яваа байх, АН, МАН гэлтгүй. Тэр үүднээсээ Х.Баттулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийн­хөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөвшөөрнө. Угаа­саа би Тэргүүн ша­дар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй нь тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч биднийх, олсон нь ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин намтай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ” хэмээн хариулсан байх юм.

Ийм л юм болж. Үр дүнд нь шатахууны үнэ тэнгэрт хадаж, ам,долларын ханш ойрын үед тогтоон барих аргагүй болтол өсөв. Инфляци хэдэн хувьд хүрэхийг таашгүй.

ЭДИЙН ЗАСАГ НЬ ЭРЧИМТЭЙ ӨССӨН МОНГОЛЧУУДЫГ ХЭН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭВ

Монголбанкныхан өнгөрсөн баа­сан гарагаас хойш сандралдан түгшүүр зарлалаа. Юуны төлөө вэ гэж үү. Жаахан хуримтлуулсан гадаад валютын нөөц 2,5 их наяд ам.доллараа нөхцөл байдлыг нам­жаахад зориулж “тавиад туух” уу. Эсвэл “Цаашид байдал сайжирна. Бүү сандар” гэсэн гал унтраах мэдэгдэл хийх үү гэдэг дээр санал нь хуваагдаад байгаа бололтой.  Ер нь энэ бүхэнд хэн буруутай вэ. Өнгөрсөн бямба, ням гарагт ам.долларын ханшийг валютын ченжүүд л хөөрөгдсөн. Тэгэхээр тэдэнд лиценз өгч, хяналт тавих эрх бүхий байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хорооныхон буруутаж таарна. Шатахууны үнэ гэнэт нэмэгдсэн асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хариуцлага хүлээх нь лавтай. Мөн валютын ханшийг барьж чадалгүй алдчихсан Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өдийд УИХ, Засгийн газраас урьтаад өөр­тэйгээ хариуцлага тооцож суугаа нь мэдээж.  Харин хэргийн эзэн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг болон бусад  улстөрч хариуцлага хүлээх болов уу. 

Хамтарсан Засгийн газар ч, УИХ ч Тавантолгойн ордын асуудлыг ирэх сонгуулийн гол хөзрөөр сонгож ихэд чухалчлан хэлэлцэж байгаа. Гэтэл иргэдэд гэнэт олдсон Тавантолгойн хувьцаа, нэг сая төгрөгийн аль нь ч чухал биш. Гагцхүү махны үнэ 7000 төгрөгөөс давж, шатахууны үнэ нэг л орой 260 төгрөгөөр нэмэгдэж, валютын ханш 1450-1480 төгрөгт хүртлээ хөөрсөн нь л аймшигтай, амьжиргаанд нь хорлонтой мэдээлэл билээ. Аягүй бол улстөрчид хэдэн багшийн цалин нэмснээ алдаа болчихлоо гэх байх л даа.

Н.АЛТАНХУЯГИЙН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЛҮҮД

-Бидэнд нэг хэцүү асуудал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Элбэгдорж гэдэг Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн газарт манайхан байж байгаад нөгөө намдаа өшиглүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ манай ҮЗХ-ныхон хамтарна гэсэн шийдвэр гаргасан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэвэл, гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр тодорч байна. Хамтарсан Засгийн газраас гарах асууд­лыг Н.Алтанхуяг мэддэг юм биш, С.Батболд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таарах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуудал байхгүй. Нэг хэсэг АН-ыг засгаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн нь нууц биш. Хүмүүс надтай тааралдахаараа “Хэзээ гарах гэж байна” гэж мэндэлдэг болсон үе ч байлаа. Одоогоор манай намд ийм яриа гараагүй байна.

/2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас/

-Хамтарсан Засгийн га­зар бай­гуулагдаад гурван жил ха­гас болсон учраас монголчууд олон зүйлийг март­­­сан байх. УИХ-ын 2008 оны сон­гуулийн дараа долоодугаар сарын 1-ний хар өдөр тохиож, улс оронд сөр­гөлдөөнтэй байдал үүссэн. Ин­гээд улс төрийн хувьд Монгол Улс сөр­гөлдөөнтэй байдлаар цааш явах эсэх тухай асуулттай тулгарсан. Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж “Хамтарсан Засгийн газарт орж, ард иргэдийнхээ ахуй амьд­ралыг дээшлүүлэх, улс төрийн тогт­вортой байдлыг хангах, Монгол Улсын­хаа хөгжил дэвшлийн тө­лөө хүчин зүтгэе” гэж ҮЗХ-оос шийд­вэр­лэсэн. Хамтарснаараа бид Монгол Улсад улс төрийн тогт­вор­­той байдлыг хадгалж чадсан. Хам­тарс­наараа бид дэлхий нийтэд то­моохон гамшиг ав­чирсан эдийн зас­гийн хямралыг харь­цангуй гарз хо­хирол багатай даван туулсан. Хам­тарснаараа бид олон жил дун­шиж байсан уул уурхайн салбар, Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны эдийн засгийн эрчимтэй хөгжлийн суурийг тавьсан.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн асууд­лаар томоохон ажлуудыг эх­лүүлж чадсан. АН хамтарсан Зас­гийн газарт орж ажилласнаараа өөрт оногдсон түүхэн үүргийг хариуц­лагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байна. 2012 он гарлаа. Онцлогтой жил. Энэ оны зургаадугаар сард УИХ-ын бо­лон орон нутгийн сонгууль болно. Сон­гуульд мэдээж АН, МАН тус­даа орно. Хоёр нам тус тусын үзэл ба­римт­лал, ойрын хугацаа болон АН-ын санаачилсан 2020 он хүртэлх ху­гацаанд монгол хүнээ хэрхэн хөг­­жүүлэх, улс орныхоо хөгжлийг хэр­­хэн төсөөлж байгаагаар мөрийн хө­төл­бөрөө боловсруулан оролцох нь дамжиггүй. Тийм учраас АН өөрт оногд­сон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлж чадсан тул Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна.Бид хамтарсан Засгийн газраас гара­хаар шийдлээ.

/2012 оны нэгдүгээр сарын 5-нд болсон Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлээс/

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж