Бензиний “60-66” татвар ба шинэ нөхцөл

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Бензиний “60-66” татвар ба шинэ нөхцөл

Бензиний үнэ
огцом нэмэгдэх мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сарын эхний өдөр Монголын
Засгийн газар авсан юм. Түүхий нефть ба нефтийн бүтээгдэхүүний “60-66” татварын шинэ систем аравдугаар
сарын 1-ний өдрөөс ОХУ-д хэрэгжсэн. Орос улс яг нэг жилийн өмнөөс буюу өнгөрсөн
жилийн өдийгөөс дотооддоо шатахууны хомсдолд орж эхэлсэн ба тэр үеэс бензин
шатахууны экспортын бодлогоо эрс өөрчлөх нь тодорхой болсон. Түүхий нефтийн
татвар 65 хувь байсныг 60 болгон бууруулав. Харин бүх төрлийн шатахууныхаа
экспортын татварыг Орос улс 66 хувь болгон огцом өсгөсөн. Дотоодын хэрэглээгээ
дэмжих бодлого хэмээн түүнийгээ тайлбарлажээ. 2011 оны Оросын эдийн засгийн
үзүүлэлтүүдийг харж байхад татварын дээрх арга хэмжээний дараа хамгийн их ашиг
олсон компаниудаар экспортын чиглэлээр ажилладаг Роснефть, ЛУКОЙЛ, ТНК-ВР,
Сургутнефть тодорчээ. Монгол улс Роснефть ба ТНК-ВР компаниудаас бензинээ
импортолдог.

2011 оны өвөл,
хаврын шатахууны хомсдолын дараа ОХУ дотооддоо дизель түлшгүй болж, 92 бензиний
үнэ нэмэгдсэн. Тиймээс мөн оны тавдугаар сараас нефть бүтээгдэхүүний экспортдоо
В. Путин хориг тавьжээ. Энэ үеэс Монголын Засгийн газар нефть боловсруулах
үйлдвэрийн төслүүдийг яаравчлан хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бодлогоор дэмжих
талаар хэлэлцэж эхэлсэн юм. Бензиний хомсдол асуудал тарина, аягүй бол ажил
амьдрал таг зогсоно гэдгийг Засгийн газар бүр жилийн өмнөөс мэдэрч эхэлсэн
хэмээн хэлэх гээд байна. Эдийн засгийн өндөр өсөлт Монгол оронд гарч байгааг
тэмдэглэн ярьдаг хэдий ч энэхүү эрчимтэй хэмнэл нь эрчим хүч, түлшийг
хязгааргүй хэрэглэж байна. Дизель түлшний нөөцгүй бол уул уурхайн ажлууд
хөдлөхгүй. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард шатахууны нөөц бүрдүүлэх үүрэг чиглэлийг нефтийн компаниудад өгсөн. Оны эхний
Засгийн газрын болон УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр мөн л Нефть
боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх, “Сод Монгол”-ынхоос бусад төслийг ч төрөөс
дорвитой дэмжих санал гарч байлаа. Жилийн өмнө мэдрэгдсэн асуудал ийнхүү манай
улсын эдийн засагт бодит бэрхшээл болон тулгарч эхлэв.

Өнөөдөр шатахуун
түгээх станцуудын самбарт байгаа шинэ үнэ энэ оны туршид хадгалагдах
магадлалтай юм. Тиймээс бензинийн үнэ дахин буух тухай биш, харин нефть
бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг дагаад инфляцийг иргэдийн амьдралд  хэт дарамт болгохгүйн тулд давхар ямар арга
хэмжээ яаралтай авах талаар ярих цаг болжээ. Ийм бодлого Засгийн толгойд жилийн
өмнөөс боловсорч эхэлсэн байх учиртай.

Юуны түрүүнд
хэрэглэгчдийн сэтгэл хөөрөл, бухимдлын хаосыг намжаах хэрэгтэй юм. Бензин
нэмэгдлээ, цагаан сар боллоо яана хэмээн босоод ирж буй иргэд, тэрхүү сэтгэл
хөөрөл дээр жижиглэн худалдааны үнээ өсгөн тос нэмсэн худалдаачдын эмх цэгцгүй
бужигнааныг намжаахын тулд бодит байдлыг тайлбарлах, Засгийн газрын дараагийн
арга хэмжээнүүдийг зарлах нээлттэй мэдээлэл чухал. Мөн шатахууны үнэ нэмэгдэх
нь тодорхой байсан нөхцөлд дотоод зах зээл дээр ам. долларын ханшийг яагаад
тогтвортой бариагүй вэ, ханшийг тогтвортой байлгахгүй юм бол манай улсын
валютын нөөц их хэмжээгээр нэмэгдсэн тухай мэдээлэл хэнд чухал юм бэ гэдгийг Монголбанк
тайлбарлах ёстой.  

Нефть
бүтээгдэхүүний үнэ ба доллар, юанийн ханшийн огцом өсөлтүүд иргэд төдийгүй
манай улсын том, жижиг бүх бизнесийг өнөөдөр хүнд нөхцөлд оруулаад байна. Инфляцийг
өсгөхгүйн тулд Монголбанк бодлогын хүүгээ тогтмол чангаруулж буй бөгөөд түүнийг
дагаад бизнесийн зээлийн хүү 20 хувьд хүрчээ. Гэтэл банкны зээлийн дэлхийн
дундаж, тэр дундаа хямралд нэрвэгдсэн гэх Европд 5 хувьтай байна. Монгол улсын
эдийн засгийн макро, микро үзүүлэлтүүд нэг л уялдаа холбоогүй, нэгийг чангаахад
нөгөө нь сөхөрч унасан, зохицуулалт хийдэг томъёо нь юу болох нь мэдэгдэхгүй болжээ.

Нэгэнт оросууд
бензиний татвараа нэмж бидний амьдралыг хүнд нөхцөлд оруулсан тул бас тэндээс
жишээ татъя. 2011 онд Оросын инфляц сүүлийн хорин жилд үзэгдээгүй бага буюу оны
эхний арваннэгэн сарын дунджаар 6 хувь, жилийн эцэст 7 хувьтай гарав. Энэ үр
дүнгээ тэд байгалийн монополь компаниуд 
хий, нефтийн дотоодын үнийг хамгийн бага хэмжээгээр өсгөсөн явдал хэмээн
тайлбарлажээ. Дотоодын зохицуулалт чанга байсан гэсэн үг. Түүнээс гадна Оросын
Төв банк 2011 онд валютын хамгийн уян хатан бодлого баримталсан гэжээ. Дээрх
хоёр арга хэмжээний дүнд ОХУ-д инфляц хамгийн бага байж, иргэдийн орлого нэг
хүнд 12.000 ам. доллар ногдох түвшинд хүрсэн юм. Оросын Нөөцийн сан 2008 оны
хямралын үед хоосорсон бол одоо 1.7 триллион рубльтэй, манайхаар  Хүний хөгжлийн сан нь 2.5 триллион рубльтэй
болсон гэнэ. Өнгөрсөн онд экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус улсын ихэнх
компани алдагдалтай ажилласан бол Оросын дотоод зах зээл дээр ажилладаг үйлдвэрлэл,
худалдаа, үйлчилгээнийхэн ашиг орлого сайтай байсныг статистикаар тус тус илэрхийлжээ.

Дэлхийн эдийн
засаг муудаж байгаа орчинд Орос улс шинэ  бодлогоо дотоод
зах зээлийг дэмжих”
хэмээн томъёолсон байна. Орос төдийгүй Хятад улс ч мөн
дотоод зах зээлээ дэмжих, Америк, Европын зах зээлээс хамаарсан эдийн засгийн
бүтцээ өөрчлөх эдийн засгийн шинэ томъёолол дэвшүүлсэн юм. Хөршүүдийн энэхүү
дотоод зах зээлээ дэмжих бодлого Монголын эдийн засагт сайн нөлөө мэдээж
үзүүлэхгүй. Хямралд өртсөн гэх Европт ч инфляцийн дундаж 4 хувьтай гарсан
байна.

Эдийн засгийн
шинэ томъёолол, эрс алхмууд манайд үгүйлэгдсээр байгааг энэ өдрүүдэд иргэд
мэдэрч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Чөтгөрийн тойргоос
гарах”  хэрэгтэй юм.  2012 оны туршид зөвхөн Оросын хүчин зүйлээс
гадна дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 100 ам. доллараас буухгүй гэсэн тандалт
бий. Түүнчлэн, дэлхийн эдийн засаг илүү ойлгомжтой болтол буюу 2012 оны эхний
хагасыг дуустал хөрөнгө оруулагчид үнэт цаас худалдан авалт ба их хэмжээний хөрөнгө
оруулалтыг хаа нэгтээ хийхгүй байх магадлалтай юм. Дэлхийн эдийн засаг
хүлээлтийн байдалд шилжин, зөвхөн дотоод зах зээлээ дэмжих болов.


Л. Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж