
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэ өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзахдаа Монголын түүх, соёл, хэлийг сайн мэддэг, Монгол оронд өмнө ажиллаж байсан туршлагатай хүнийг Францын тал элчин сайдаар томилж буйг дурдаад, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөөц бололцоо их буйг онцлон тэмдэглэж, элчин сайдад ажлын өндөр амжилт хүслээ.
Элчин сайд Ив Дэлунэ анх 1983 онд Монгол Улсад ирж ажиллаж байсан бөгөөд эрх чөлөөт, ардчилсан нийгэмтэй болсон Монгол Улсад 30 жилийн дараа эргэн ирж ажиллах болсондоо туйлын баяртай буйгаа илэрхийлэв. Тэрээр Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хэлэх үгээ хуучин монгол бичгээр сийрүүлэн бэлдэж, монгол хэлээр уншиж танилцуулсан нь сонирхол татав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.