Газар хөдлөлтийн улмаас Японы тээврийн болон цахилгаантай холбоотой үйлчилгээнд саатал үүссэн тул “МИАТ” компани өнгөрөгч баасан гаригаас төв оффис болон Япон, Солонгос, Хятад дахь газруудыг 24 цагийн горимд шилжуулж шуурхай хэсэг байгуулжээ. Мөн өнөөдрөөс зорчигч үйлчилгээ, билет бичих ажилтныг нэмж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Токио-Улаанбаатар чиглэлийн зорчих билетийг нөөцлөх зэрэг асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн Японоос ирэх иргэдэд зориулсан билет байгааг онцоллоо. Түүнчлэн энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Япон улсын голомтын бус болох Мияги, Фукушима, Ибараки, Иватте зэрэг хотуудаас ирэх монгол иргэдийг эхний ээлжинд тээвэрлэх ажлыг гүйцэтгэхээр болжээ. Өчигдөр өглөө 09.05 цагт Улаанбаатар-Токиогийн нислэгээр 4.3 тонн тусламжийн хөнжил ачсан гурав дахь ээлжийн онгоц 162 зорчигчийг эх орондоо авчрах гэнэ. Түүнээс гадна 50-70 иргэн Токиогоос эх орондоо ирэхээр бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийг Сөүлээр дамжуулан МИАТ-ын аялалд тээвэрлэх аж. “МИАТ” компани нь Токиогоос гадна өдөрт 1-2, Сөүл рүү өдөр бур нислэг үйлдэж байгаа тул тэдгээр хотуудаар дамжуулан Японд байгаа иргэдээ тээвэрлэх асуудлаар харилцан тохиролцож тасалбарыг зохицуулахаар ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай нөхцөлд лхагва гаригт Токио руу дахин тусгай нислэг хийх нөөц төлөвлөгөө гаргажээ. Дараагийн нислэг ирэх баасан гаригт үйлдэгдэнэ.Мөн тус компаниас Токиод болсон үйл явдлыг сурвалжлуулахаар 12 хэвлэл мэдээллийн ажилтныг үнэгүй зорчиулсан байна.
Шаардлагатай тохиолдолд лхагва гаригт нислэг үйлдэнэ
Японд хүчтэй газар хөдөлсний улмаас үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан “МИАТ” компаниас Монгол иргэдийг тээвэрлэх талаар ЗТБХБЯ-ны дарга Н.Бат-Эрдэнэ, ИНЕГ-ын дарга Ж.Батменх тэргүүтэй комисс байгуулан ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас өгсөн үүргийн дагуу шуурхай ажиллаж байгаа аж. Эл ажлын хүрээнд Токиогийн чиглэлд тусгай нислэгийг зохион байгуулж энэ сарын 12-ний өдөр 160 зорчигч, мөн ням гаригт 117 зорчигч тус тус тээвэрлэж эх орондоо авчираад байгаа аж. Түүнчлэн цагийн хуваарьт зохицуулалт хийж бусад нислэгүүдийг саатал багатай зохион байгуулсан тухай “МИАТ” компанийхан хэвлэлийн хурлын үеэр өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Н.Түвшин