Нийслэлд 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Нийслэлд 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өчигдөр  Нийслэлийн Онцгой комисс хуралдаж энэ жилийн засвар шинэчлэл,  тохижилтын нийслэлийн төсвөөс 216, улсын төсвөөс 88 төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийн талаар ярилцлаа. Засвар шинэчлэлийн зарим ажлыг ирэх сарын 22-оос эхлүүлэхээр болсон.  Тендерүүд бүгд зарлагдсан бөгөөд  ирэх сарын нэгэн гэхэд гүйцэтгэгч компаниудыг шалгаруулахаар болжээ. Одоогоор 10 гаруй тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд үүнд эрүүл мэндийн салбарын засварын ажил, зам засвар шинэчлэлийн эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлуудыг тус тус шалгаруулсан байгаа аж.

    Энэ жил нийслэлд 73 км зам шинэчлэх болон шинээр барина. Одоогоор зам засварын найман багц тендер зарлагдсан байгаа бөгөөд  энэ сарын 23-аас ирэх сарын зургаан хүртэл зарлагдсан байгаа юм байна.  Эхний тендер замын нөхөөс хийх гүйцэтгэгч компанийг шалгаруулах юм. Дараагийн тендер энэ сарын 28-нд гүйцэтгэгчийг сонгох бөгөөд  Энхтайваны өргөн чөлөө 1,2 км авто замын шинэчлэл, Сонгинохайрхан дүүргийн IV, V хороог заагласан далан дээгүүр 2,5 км зам гүүрийн хамт тус тус засварлах тендер зарлагдсан аж. Гэр хороолын болон орон сууцны  дундах авто замуудын урсгал засварын гүйцэтгэгчийг ирэх сарын 6-нд шалгаруулах гэнэ. Үүнд  Чингэлтэй дүүргийн I хороо, 40 мянгатын орон сууц доторхи хоёр км зам, зүүн дөрвөн замын 0,2 км кам, Улиастайн 0,23 км зам зэргийн тендер зарлагджээ. Мөн энэ жил таван  нүхэн гарц шинээр барих болсон. Үүний нэг Их тойруу сансрын туннелийн явган хүний гарцын барилгын ажлын тендер зарлагдсан бөгөөд ирэх сарын 4-ний өдөр тодруулахаар төлөвлөсөн байгаа гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од хэллээ. 

    Жил бүр зам засварын ажил араасаа хэл ам дагуулдаг. Энэ жилийн засвар шинэчлэлийн ажлыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэхийг Хотын дарга холбогдох нэгжүүдэд үүрэг болгосон. Мөн тендер шалгаруулахдаа олон нийтэд ил тод зохион байгуулж, тухайн  ажлыг хийж гүйцэтгэх компанийн үйл ажиллагааг тендерийн гэрээний дагуу  сонгон шалгаруулахыг үүрэг болголоо.  Зарлагдаж буй тендерийг НЗДТГД-ын төрийн сан хариуцаж байгаа. “Улаанбаатар хотод энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар 94 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  44,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр батлагдсан. Эдгээр ажлууд бүгд дүүрэг буюу  мэргэжлийн газруудад эрх нь шилжин хэрэгжилтийн шатанд явж байна. Нийтдээ 304 ажлын тендерийн үнэлгээний хороо байгуулагдаад ажиллаж байна. Тендер гуравдугаар сарын нэгэнд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил 30 хувьтай байна. Мөн өнгөрсөн оны 52 тэрбум төгрөгийн он дамжсан замын ажил зарлагдсан байгаа. Гүйцэтгэгч шалгарсан ажил дулаан орохыг хүлээж байгаа. Ажил эхлэхэд бэлэн байгаа” гэж НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтёийн дарга Э.Ганхүү хэлж байлаа. 

     Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж