Шинээр зам барих чулууны нөөц дууссан

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Шинээр зам барих чулууны нөөц дууссан

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын төсөв болон гадаадын зээл,тусламжийн хөрөнгийн зарцуу­лалтад шалгалт хийжээ.  Үүний да­гуу МХЕГ, НМХГ-ын холбогдох улсын байцаагчид шалгалт хийжээ.  Шалгалтаар нийс­лэлд шинээр бариг­дах авто замын трасст орсон айл, аж ахуй нэгжүүд газраа чөлөөлөхгүй удах, бүрэн чөлөөлөхгүй байгаа нь замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд сөргөөр нө­лөө­лөх болон зураг төслийн дагуу барихад хүндрэл учруулж, хугацаандаа баригдаж дуусаагүй, он дамжиж байгааг тогтоосон байна. Түүнчлэн Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төслийг боловсруулахдаа  судалгаа,  геодезийн хэмжилт,  геологийн хайгуулыг хан­галтгүй гүйцэтгэснээс зураг төслийн өгөгдлүүд  нь газар дээрээ зөрөх, зураг төсөлд авто замын суурийг бүрэн солихгүй,хэсэгчилэн солихоор тусгагдснаас шинээр дэвс­сэн асфальтобетон хучилтад торон хагарал үүсэх, ашиглалтын хугацаа богиносох зэрэг зөрчил дутагдал илэрч байна.  Мөн  бариг­даж байгаа орон сууцны өмнөх зам талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгахдаа эхлэл, төгсгөлгүй төлөвлөх, эмнэлэг зэрэг албан байгууллагаас орон сууц руу шууд гарах,орох гарц хийхээр төлөвлөсөн нь ард иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Орон сууцны зам талбайг зураг төслийн дагуу барихгүй, чанаргүй гүйцэтгэснээс ойролцоо баригдаж байгаа барилгын материал зөөх явцад уг барилгын зам талбай эвдрэлд орох зэрэг зөрчил илэрсээр байна. Шинээр дэвссэн асфальтобетон хучилтад эвдрэл үүсч, цоорсон,буталсан чулуун суурийг зураг төсөлд заасны дагуу уулын чулууг буталж ангилан зохих ширхэглэлээр хольж хийлгүйгээр карьерийн материалыг шууд дэвссэн, мөн хар хөрстэй холилдсон материал дэвссэн, ус зайлуулах байгууламжийн бэлдэц­ийг стандартын дагуу хадгалаагүй, зарим газруудад асфальтбетон хучил­таас дээж авч хучилтын зузааныг хэмжихэд зураг төслийн хэмжээнд хүрэхгүй байгаа зэрэг зөрчил илэрчээ.

    “Нийслэлийн авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд ашиглагдах шороон болон уулын чулууны нөөц байхгүй. Үүнээс болж авто зам богино настай байгаа” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.   Авто замын далан, буталсан чулуун сууринд гэр хорооллын айлын буурийн шороо, барилгын суурийн хайрга, шороо гэх мэт янз бүрийн газраас лабораторийн шинжилгээнд хамруулаагүй материалыг шууд ашиглах, мөн хар хөрстэй холилдсон материал дэвсэх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Түнчлэн асфальт бетон хучилтын ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, хучилтын чулуу сулрах, ховхрох,орц норм тогтоогоогүй үйлдвэрлэсэн асфальтобетон хольц дэвсэх зэрэг зөрчил илэрсэн байна. Авто зам, замын байгууламж, гүүр, онгоц хөөрч буух зурвасын зураг төсөл, барилгын ажлын явцад хийсэн хяналт шалгалтын ажлаар нийтдээ 267 зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн 111 заалттай 44 дүгнэлт, 36 заалттай 22 актаар барилга угсралтын ажлыг зогсоосон болон сэргээсэн бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай 97 заалттай 55 албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.

    Нийслэлд болон орон нутгийн авто зам, замын байгууламжийн барилгын ажил  хяналтын ниженер­ийн зөвшөөрөлгүйгээр буталсан чулуун суурь дэвссэн, битум цацлага цацсанаас болж асфальтобетон  хучилтанд торон хагарал үүссэн байна.  Замын материалаас дээж авч шинжлэхэд 110,120 мм-ийн хэмжээтэйчулуу агуулсан нь замд хагарал үүсгэх нөхцөл болсон байна. Мөн стандартын бус бүтээгдэхүүн хэрэглэснээс гадна цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд шинээр тавигдаж буй зам болон засварын ажилд багагүй бэрхшээл гардаг байна.Үүний нэг жишээ 100 айлын зам юм. 100 айлын зам нь хөрс нь намаг ихтэй учраас энэ нь өвөл хөлдөснөөс замд нөлөөлдөг гэж МХГ-ын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай учраас цаг агаарын нөхцөлд тааруулан бүтээгдэхүүнээ сонгож зам хийж болдоггүй юм болов уу. Бид чанарын шаардлага хангасан замаар зорчиж чадахгүй байна уу, эсвэл Авто замыхан чанартай зам хийхгүй байна уу гэдэг бодох л асуудал байх.

    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж