
“Minegolia independent media” сайтад Лондонгийн үнэт цаасны биржийн тэргүүн Монголын хөрөнгийн биржийн тэргүүн болно хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн Лондонгоос 60 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг баг Монголын хөрөнгийн зах зээлийг босгох тоглолт хийх тухай уг сайтад тэмдэглэжээ. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтайгаас тодруулахад Монголын хөрөнгийн биржийн тэргүүнээр хэнийг сонгохоо одоогоор товлоогүй байгаа гээд Лондонгийн талаас удирдлагыг гартаа авах яриаг үгүйсгэсэнгүй. Түүнийхээр хоёр тал энэ асуудлыг одоогоор хэлэлцэж байгаа гэнэ. Харин 60 хүнтэй Лондонгийн хөрөнгийн биржийн өргөн багийн Улаанбаатарт айлчлах мэдээг “батлагдаагүй яриа” хэмээн Х.Алтай захирал үгүйсгэлээ. Тэрбум, тэрбумаар хэмжигдэх, сая сая доллараар үнэлэгдэж буй Тавантолгой коксжих нүүрсний орд 30 жилийн настай Монголын хөрөнгийн биржид ололт амжилт, хөгжил дэвшил авчрах хөшүүрэг нь болж байгаа бөгөөд лондончуудад хөрөнгийн зах зээлд тоглолт хийх эрх өгөх нь эргээд манай улсын эдийн засагт ашиг, аж ахуйн нэгжүүдэд алдар нэр авчрах ажээ. Учир нь Монголын компаниуд дотоодынхоо зах зээлээс олигтойхон мөнгө босгох боломж муу. Өөрөөр хэлбэл, манайх хөрөнгийн зах зээл дээрх “худалдан авагч”, хөрөнгө оруулагчид балчирдаж өнөөхөндөө Монголын компаниудын хувьд дотоодынхоо хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх бололцоог хязгаарлаж буй. Тиймээс үндэсний компаниудад олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавихад Лондонгийн хөрөнгийн биржийн түншлэл томоохон түлхэц болно хэмээн Төрийн өмчийн хорооныхон үзэж байгаа юм байна. Гэрээнд зааснаар эхний ээлжинд лондончууд Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг гартаа авах магадлал өндөр байгаа аж. Тэдний зүгээс ч ийм хүсэлт Төрийн өмчийн хорооны удирдлагуудад тавиад байгаа гэх. Тэгэхээр “Minegolia independent media” сайтад тавигдсан мэдээлэл ор тас худлаа сенсааци ч бас биш бололтой.