100 тэрбумын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

100 тэрбумын бонд гаргана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аль ч улс орон иргэдээ ажилтай, цалинтай байлгахыг хүсдэг. Учир нь ажилгүйдлээс ядуурал үүсдэг учраас ажлын байр, хөдөлмөр эрхлэлт улс орон, олон нийтийн амин чухал асуудлын нэг билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаад байгаа юм.  Энэхүү жилийн хүрээн Засгийн газар ажилгүйдэлтэй тэмцэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төлөвлөгөө боловсруулснаа Ерөнхий сайд С.Батболд өчигдөр бизнес эрхлэгчдэд дуулгасан юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон уг уулзалтад Засгийн газрын тэргүүнээс гадна Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар ирж бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцлоо. Засгийн газраас улсын төсөв бүрдүүлэгч, эдийн засгийн манлайлагчдын үгийг сонсоход нэлээд цаг зав зарцуулж байгаа бөгөөд ингэснээр хууль батлагч, дүрэм журам тогтоогчдын авах арга хэмжээ, хэрэгжүүлэх бодлого, ажил хэрэгт хувийн хэвшлийнхний санаа бодлыг тусгахыг зорьж буй нь нэг талаас авч үзвэл үнэхээр зөв санаа, сайшаалтай арга.  Гэхдээ өнгөрсөн 2010 оныг Бизнесийн орчин шинэтгэлийн жил болгон зарласан ч үр дүн нь хангалтгүй гэсэн үнэлгээг хувийнхнаас аваад байгаа. Гэтэл дээрх алдааг давтах асуудал байсаар байгааг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ноён С.Дэмбэрэл шүүмжилнэ лээ. Харин Ерөнхий сайдын зүгээс бизнес эрхлэгчид аливаа хуулийг боловсруулах, батлах явцад ямар нэгэн байр сууриа илэрхийлдэггүй мөртлөө хууль батлаж, хэрэгжүүлэх болохоор хэл ам зарга шүүлгэ болдгийг буруушааж, улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хүмүүсийн хувьд  аливаа асуудалд хариуцлагатай хандахыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл хууль батлах, боловсруулахад мэргэжлийн холбоодын үгийг цаашид түлхүү анхаарч ажиллах гэнэ. Нэг хэсэг мөнгө өгөөч, тэтгэмж авья гэсэн гомдол олон нийтийн зүгээс тасардаггүй байсан бол өдгөө улсын халамж хэтэрхий туйлширч байгааг шүүмжлэх хүн олон болсон нь Засгийн газрын тэргүүнд хачирхалтай санагдаж байгаа бололтой. Амлалт өгч байх тухайн үед ингэж болохгүй гэж шүүмжлэх ёстой байсан талаар ч эрхэм сайд сануулсан. Уулзалт болголн дээр тавигддаг хувийнхны гомдол, улс төржүүлсэн хийрхэлийг сонсох биш төрийнхнөөс яг юу хүсээд байгаа, төрийнхөн ямар хэлбэрээр ажиллавал бизнесийнхэнд тааламжтай байх санал солилцох уулзалт болно гэдгийг ч хурлыг зохион байгуулагчдын зүгээс өмнөтгөл болгон анхааруулна лээ. Үнэндээ хурал болгон дээр, уулзалт бүхэн дээр хувийнхан бизнесийн орчин муу, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаагаа шүүмжилдэг. Шүүмжлээд төдийлөн тус нэмэр болдоггүй.  Хөдөлмөр эрхлэлтийг жилийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг боомилсон хуулиуд хэрэгжиж буйн нэг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих биш ажилгүйдлийг дэмжсэн арга зам болсон гэх гомдол тасрахгүй байгаа.  Энэ хүрээнд Засгийн газар юу хийж байгаа, үүнийг зохицуулах арга зам юу байгааг хувийн хэвшлийнхэн асууж, эрх мэдэлтнүүд энэ талаар эргэж харахаа амалсан. Уул уурхай гэх ганц мөнгөлөг салбар руугаа Засгийн газар хэт анхаарах болсныг шүүмжилсэн нөхрийн эсрэг Ерөнхий сайд “ Бид уул уурхайд мөнгө хаяагүй. Харин зохицуулалтыг нь хийж байгаа. Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэл гэх мэт мөнгө шаардсан салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа” гэх нэмэлт тайлбарыг өгсөн юм.  Засгийн газраас цаашдаа  жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 100 тэрбумын бонд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд 30 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоог гаргажээ. Мөн ноос ноолуур, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар бондын тусламж үзүүлж, үндэсний томоохон үйлдвэрүүдээ бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэгчдэд мөнгө зээлдүүлж, дундад шилжих боломж олгох, дундчуудыг техник хэрэгслээр хангаж томсгох бодлогыг барихаа ч амалсан юм.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж