Цагдаагийн удирдлагуудад ял оноох уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Цагдаагийн удирдлагуудад ял оноох уу?

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан цагдаагийн удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдөр нийслэлийн Прокурорын газраас 03 тоот  яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцогч буюу гүйцэтгэгч, Тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу  цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт буюу Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна гэж заасныг удирдлага болгосон байна. 2008 онд цагдаагийн байгууллагыг удирдаж байсан Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт  эрүүгийн хуулийн   294.2 дахь хэсэгт зааснаар буюу  Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлээгүйгээс их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 хүртэлх жил хорих ял шийтгэх аж. 

Харин  2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн иргэний галт зэвсэг хэрэглэн  буудсан гэх цагдаагийн алба хаагчдын хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж  байхдаа цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлээд байгаа аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 91.2-т  зааснаар хүнийг санаатай алсан гэх зүйл ангиар хэрэг  үүсгэж  байжээ. Тэгэхээр энэ удаа зөвхөн цагдаагийг удирдлагуудыг шүүх юм байна. Эрүүгийн хуулийн 294.2 дахь зүйл нь өршөөл үзүүлэх  тухай хуульд хамрагдах боломжгүй. Тиймээс тэдэн ял онооно гэх найдлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж