Марафонч Б.Сэр-Од Бээжингээс ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Марафонч Б.Сэр-Од Бээжингээс ирлээ

Марафон гүйлтийн төрөлд Монголын нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од дөнгөж сая дасгалжуулагчийн хамт эх орондоо ирлээ.

Дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ өвөртөлсөн тэрбээр арванхоёрдугаар сард болсон Японы марафонд түрүүлснээсээ хойш Бээжинд бэлтгэл сургуулилт хийж байгаад өнөөдөр Монголд ирж буй нь энэ юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог “Хофү Ёмиүри” уламжлалт марафонд 2010 онд аваргалж байсан тэрбээр өнгөрсөн сарын уралдаанд түрүүлснээр хошой аварга болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн өдөр зарлиг гарган, марафонч Б.Сэр-Одыг Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнах болсон байгаа. Б.Сэр-Од энэ өдөр Хятадын нийслэл Бээжин хотод байсан тул шагналаа гардаж амжаагүй байгаа юм. Харин маргааш түүнийг Эрүүл мэндийн сайд болон спортын удирдлагууд хүлээн авч уулзан, Монголын спортын нийтлэг амжилтын жишгийг эвдэж чадсан түүнд хүндэтгэл үзүүлэх аж. Дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт сар гаруй хугацаанд өмнөд хөршид бэлтгэл хийсэн Б.Сэр-Од удахгүй Английг зорьж, олимпийн бэлтгэлээ базаах төлөвлөгөөтэй байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж